Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ оны 12-р сарын 15-ны өдөр ОХУ-д айлчилж, 19-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилж тус улсын Холбооны үндэсний зөвлөлийн (парламент) дарга, доктор Амал Абдулла Ал Кубаиситай уулзсан юм.
ОХУ дахь айлчлалын үеэрээ 12 дугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, парламент дахь “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзлаа.
Төрийн Думын орлогч дарга В.А.Васильевтай хийсэн уулзалтын үеэр “Нэгдмэл Орос” намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч С.В.Железняк намынхаа төлөөлөгчдийг ирэх онд Монгол Улсад айлчлуулахаар болсноо хэлээд “Эдийн засгийн коридор” төслийн судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах хүсэлтийг дэмжихээр болсноо мэдэгдэв. УИХ-ын дарга М.Энхболд түүнд талархал илэрхийлээд энэ асуудлыг ОХУ-ын Эдийн засгийн яамаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Тэрбээр Монгол Улсад тохиолдоод буй эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад бага хүүтэй, урт хугацаатай, санхүүжилтийг дэмжсэн хөнгөлөлттэй зээл олгох талаар анхаарал тавих хүсэлтийг Төрийн Дум, Холбооны зөвлөлийн удирдлагуудад хандан тавив. Мөн ойрын үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатыг ОХУ-д албан ёсны айлчлал хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.Матвиенко намаа сонгуульд ялуулж, УИХ-ын даргаар сонгогдсонд нь М.Энхболдод баяр хүргээд ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагаанд онцгой анхаарч, шинэ дэвшил гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Ийм нүүр тулсан уулзалт, яриа хэлэлцээний үеэр тулгамдсан асуудлуудаа ний нуугүй ярилцах боломж олддог. Уламжлалт харилцаагаа цаашид амжилттай хөгжүүлэхийн тулд бодит үр дүн гаргах хэрэгтэй байна. Үнэнийг хэлэхэд бид монгол нөхөдтэйгээ олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь үр дүн бага байна. Манай хоёр нам тус тусын сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх барьж байгаа. Энэ бол нэг талаар боломж мөн ч нөгөө талдаа маш том хариуцлага юм” хэмээн онцоллоо.
Хатагтай М.И.Матвиенко Евразийн эдийн засгийн комиссын хүрээнд байгуулсан Ажлын хэсгийн үйл ажиллагаа эхлэл төдийгөөс хэтэрсэнгүй. Түүнчлэн ШХАБ-д Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ байгууллагад элссэнээр Оросын, эсвэл Хятадын нөлөөнд орно гэж үздэг улстөрчид танайд бийг би мэднэ. Энэ бол огтхон ч тийм биш. Харин ч танай улсад илүү ашигтай байх болно. Газар зүйн байрлал, эдийн засгийн нөхцөл байдал гээд аль ч талаараа Монгол Улс энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн байх боломжтой гэж нэмж хэллээ.
Төрийн Думын орлогч дарга В.А.Васильевтай хийсэн уулзалтын үеэр “Нэгдмэл Орос” намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч С.В.Железняк намынхаа төлөөлөгчдийг ирэх онд Монгол Улсад айлчлуулахаар болсноо хэлээд “Эдийн засгийн коридор” төслийн судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах хүсэлтийг дэмжихээр болсноо мэдэгдэв.
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСАД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
АЙЛЧИЛЛАА
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-аас Персийн булангийн орнуудад ажлын айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалаа Арабын Нэгдсэн Эмират улсаас эхэлж, тус улсын Холбооны үндэсний зөвлөлийн (парламент) дарга, доктор Амал Абдулла Ал Кубаиситай уулзлаа.
УИХ-ын дарга М.Энхболд “Монголын баруун бүс нутгийг эрчим хүчээр хангах Тайширын усан цахилгаан станцын төслийн санхүүжилтэд “Абу Дабигийн сан” 13 сая ам долларын хөнгөлөлттэй зээл олгосонд манай ард түмэн, ялангуяа тус бүс нутгийн иргэд ямагт талархалтай ханддаг. Энэ бүтээн байгуулалт манай хоёр орны хамтын ажиллагааны нэгэн бэлгэ тэмдэг юм” гэж онцлов.
Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулж урт хугацааны, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгож өгнө үү хэмээн хүсэж байна. Энэ талаар манай Засгийн газар албан ёсны хүсэлт тавьсан байгаа. Энэ хүрээнд “Абу Дабигийн сан” болон бусад санхүүгийн эх үүсвэрээр дамжуулан томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхол бидэнд бийг уламжилъя. Хатагтай Таныг энэ асуудалд анхаарлаа хандуулж, төр, засгийнхаа түвшинд дэмжиж өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.
ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ АБУ ДАБИ ХОТНОО ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
УИХ-ын дарга М.Энхболд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголоос мах, махан бүтээгдэхүүний экспорт хийх, хөрөнгө оруулалтын томоохон төслүүд дээр хамтарч ажиллахыг бид зорьж байна гэж үгийнхээ эхэнд тэмдэглэв.
Тэрбээр хатагтай Амал Абдулла Ал Кубаисигийн дэвшүүлсэн сэргээгдэх эрчим хүч, боловсрол, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, давхар татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Эмиратад ажиллах хүч гаргах асуудлыг хоёр талаас судлан шийдвэрлэхийг санал болголоо. Монгол залуус Эмиратын бүтээн байгуулалтад оролцож, мэдлэг мэргэжил эзэмшихийн зэрэгцээ хоёр орны ард түмнүүдийн хооронд найрсаг харилцаа тогтооход энэ ажил ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа М.Энхболд онцолсныг хатагтай Амал Абдулла Ал Кубаиси дэмжив.
Хамтын ажиллагааны Санамж бичигт УИХ-ын дарга М.Энхболд, Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор, хатагтай Амал Абдулла Ал Кубаиси нар гарын үсэг зурлаа.
Баримт бичигт гарын үсэг зурах үеэр айлчлалын бүрэлдэхүүнд багтаж яваа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүүг АНЭУ-д удахгүй болох Сэргээгдэх эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад урив.