Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ

УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биатэ Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриела Спирли нар өнөөдөр“Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурсны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын Тамгын газраас НҮБХХ, ШХА-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжих энэхүү төсөл нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн болон институцийн харилцан уялдаатай байдал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зохион байгуулалт болон төлөөлөгчдийн чадавхийг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд чиглэжээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын дарга М.Энхболд УИХ, орон нутгийн ИТХ-ыг бэхжүүлэхэд байнгын анхаарал тавьж мэргэжлийн болон санхүүгийн харамгүй тусламж үзүүлж ирсэн НҮБХХ, ШХА-т талархал илэрхийлэхийн сацуу Швейцарь Улсын татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагатай, үр дүнтэй зарцуулах болно гэдгийг онцлов.

Түүнчлэн тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдсанаар нутгийн удирдлагын цоо шинэ тогтолцоо бүрэлдэн тогтсоноос хойш ололт амжилт, хуримтлуулсан туршлага хангалттай бий. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Үндсэн хуулийн шинэчлэл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлыг УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд шат дараатай хийхээр төлөвлөөд байгаа. Энэ ажилд төслийн зүгээс дэмжлэг үзүүлэхээр тусгасныг сайшаан хүлээн авч байна” гэлээ.

Харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биатэ Транкман Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд (ИТХ) бол орон нутагтаа үндэсний парламентын тусгал болдгийг онцолсон бөгөөд эдгээр төлөөллийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлснээр иргэдийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, улс төрийн институциудад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд эрс өөрчлөлт гарна гэж үзэж байгаа. Энэ зорилгод хүрэхэд төслийн бүхий л үйл ажиллагааг чиглүүлж байгааг тэмдэглэлээ.

Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриела Спирли “Монгол Улсад нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх эрх зүйн таатай орчинг бий болгох, сонгогдсон төлөөлөгчдийн чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход УИХ-тай хамтран ажиллах болсонд Швейцарийн хөгжлийн агентлаг өндөр ач холбогдол өгч байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *