Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 11.40 цагт эхэллээ. Чуулганаар 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай, “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Ингээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж эхэллээ. Ингэхдээ, тус төслийн ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй 44 саналын томьёолол, найруулгын шинжтэй багцалсан долоон саналаар санал хураана. Өнгөрсөн 12 дугаар сарын 19-ний хуралдаанаар, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ойлгомжгүй байдал үүссэн тул төслийг хойшлуулахыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Ийнхүү ажлын багийн хуралдааны дараа тус төслийг үргэлжлүүлж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *