УИХ-ын анхдугаар чуулганыг энэ долоо хоног буюу наймдугаар сарын 4-нд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэнээр хаах аж. Өнгөрөгч долоо хоногт анхдугаар чуулганыг хаах төлөвлөгөөтэй байсан ч Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авсан юм.
ЗГХЭГ-аас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, УИХ-ын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул ЗГХЭГ-аас С.Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн. Уг томилгоог Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн. Гэвч чуулганаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг төрийн албаны зөвлөлийн өмнөх гишүүд ээлжийн амралттай байгаа, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй зэрэг үндэслэлээр дахин нягталж, байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж үзэн завсарлага авсан юм. АН-ын бүлгийн завсарлага энэ долоо хоногийн Мягмар гарагт дуусах тул Лхагва, эсвэл Пүрэв гарагт УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, улмаар анхдугаар чуулган хаалтаа хийнэ гэсэн эх сурвалжуудын мэдээлэл байна.