УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.
Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт8 Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.