Categories
мэдээ нийгэм

УИХ-д орж ирж буй шинэ гишүүд

УИХ-ын 2016-2020 онд төр түшилцэх гишүүд тодорлоо. Энэ удаагийн сонгуульд УИХ-д суухаар сонгогдоод буй шинэ гишүүдийг танилцуулъя.

Архангай аймаг 2-р тойрог Ё.Баатарбилэг

2016 оны сонгуульд С.Баатарбилэг 7036 хүний санал авч анх удаа УИХ-д сонгогдож байна. Тэрбээр 1975 онд Архангай аймгийн Эрдэнэбулаг суманд төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1998-2002 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийг төгссөн. Түүхч, архелогич-антропологич мэргэжилтэй. 2008-2012 онд Архангай аймгийн Засаг дарга ажиллаж байсан. 2012 оны сонгуульд нэр дэвшиж 12642 буюу 31,79 санал авч дөрөвт эрэмблэгдэж байсан бол энэ жил даагаа нэхэж чадлаа.

Баян-Өлгий аймаг 4-р тойрог Г.Солтан

Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Солтан анх удаа нэр дэвшиж 8441 сонгогчийн саналаар УИХ-д суухаар боллоо. Г.Солтан нь “Монгол шаазан” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Хамтарсан Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд С.Батболдын хөдөө аж ахуйн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан.

Баян-Өлгий аймаг 6-р тойрог Д.Мурат

Баян-Өлгий аймагт өрнөсөн ширүүхэн тулаанаас АН-ын ганц төлөөлөл гарч ирсэн нь Д.Мурат. 7250 хүний саналаар хэсгээ тэргүүлэн гарч ирсэн. Зуухчин “Мурат” гэхээр Өлгийчүүд анддаггүй гэх юм. Учир нь, аймгийг дулаан, эрчим хүчээр хангадаг “Эрчим” компанийн захирлаар ажилладаг.

Баянхонгор аймаг 8-р тойрог С.Билэгт

Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. УИХ-ын сонгуульд хоёр жил дараалан өрсөлдөж анх удаа ялалт байгууллаа. 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж 12019 хүний санал авч дөрөвдүгээрт бичигдэж байсан. Тэрбээр энэ удаад олимпийн аварга Н.Түвшинбаяраас 98 саналаар илүү гарсан. 1977-1981 онд Улаанбаатар хотын Барилгын техникум, 1988-1991 онд Улс төрийн дээд, 1997-1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтэд тус тус суралцаж төгссөн.Ачлал Трэйд ХХК-ийн гүйцэтгэх захирал. МАН-ын бага хурлын гишүүн.

Өмнөговь аймгийн 22 -р тойрог Н.Амарзаяа

Аймгийн МАН-н дарга асан Н.Амарзаяа 7434 хүний санал авч УИХ-д сонгогдлоо. Нэр дэвшихдээ УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн бие төлөөлөгч, “Сод Монгол” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын дарга, “Бонсай” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна гэсэн сурталчилгааг хийж байсан бол төрийн түшээ болон хувирлаа.

Өмнөговь аймаг 23-р тойрог Л.Энхболд

Өмнөговь аймгийн МАН-ын дарга Л.Энхболд 6912 хүний санал авч анх удаа УИХ-д суухаар боллоо. Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв ТББ-ын тэргүүн, “Ирээдүй инвест” ББСБ ХХК-ийн захирал. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа байсан бол ард иргэдээ төлөөлөн УИХ-ын сэнтийд залрахаар боллоо.

Увс аймаг 32-р тойрог Н.Цэрэнбат

Ц.Нямдорж гишүүн тойргоо сольж Хан-Уул дүүргээс нэр дэвшихээр болсон орон зайг нөхөж Н.Цэрэнбат гэгч залуу нэр дэвшиж 8021 хүний саналаар ялалт байгуулсан. Ажил мэргэжлийн хувьд УИХ-ын тамгын газарт гишүүний туслах, “Трансинконсулт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Сангийн яаманд төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга, “UFC трэйд” гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Ховд аймаг 36-р тойрог О.Батнасан

7914 хүний санал авч УИХ-ын гишүүн болох болзлоо хангасан нэгэн эрхэм бол МАН-аас нэр дэвшигч О.Батнасан. АН-аас нэр дэвшигч Ш.Адьшаагаас 157 саналаар илүү гарснаар ялалт байгуулсан. Кондитер-Улаанбаатар ХХК-ийг үүсгэн байгуулагч, “Торгон нутаг” клуб ТББ-ын үүсгэн байгуулагч, “Ховд торгон нутагсан” ерөнхийлөгчийн албан тушаалтай.

Хөвсгөл аймаг 37-р тойрог Л.Мөнхбаатар

2012 онд УБЕГ-ын даргаар ажиллаж байгаад УИХ-д нэр дэвшихээр Л.Мөнхбаатар ажлаа өгч байсан. Улмаар Хөвсгөл аймагт 17830 хүний санал авч аман хүзүүдсэн. Дөрвөн жил хүлээсний эцэст 10771 сонгогчийн саналаар ард иргэдээ төлөөлөн дөрвөн жил хууль батлалцах боллоо.

Хэнтий аймаг 42-р тойрог Д.Гантулга

УИХ-ын хамгийн отгон гишүүнээр сонгогдсон залуу бол Д.Гантулга. 5841 санал буюу АН-ын Ж.Оюунбаатараас 400 саналаар илүү гарсан. 29 настай тэрбээр Нийгмийн ардчилал, Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч “Сан” дээд сургуулийн мэдлэгийн менежмент, илтгэх урлагийн багшилж байсан гэсэн товчхон танилцуулгатай.

Дархан-Уул аймаг 43-р тойрог Б.Баттөмөр

МАН-аас нэр дэвшигч Б.Баттөмөр 6553 саналаар парламентийн босго давлаа. Гаалийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Татварын ерөнхий газрын даргаар 2011 онд томилогдон ажиллаж байсан. 1957 онд төрсөн. Инженер, хуульч, эдийн засагч мэргэжилтэй.

One reply on “УИХ-д орж ирж буй шинэ гишүүд”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *