Categories
мэдээ цаг-үе

Угтаалцайдамд бүтээн байгуулалт өрнөж байна

Төв аймгийн Угтаалцайдам сум өнөө жил 90 жилийн ойгоо тэмдэглэнэ.
Ойн бэлтгэл ажил тэнд ид өрнөж байна. Хүн бүр эрвийх дэрвийхээрээ гар бие оролцож
байлаа. Уушиг уулын үзүүрээр тойроод сум руу ордог хэсэг дээр дөрвөн хүчтэнтэй том
хаалга хийхээр бэлтгэж байна. Үүнийг “Уушги 
хайрхан” компани ивээн тэтгэж байгаа гэнэ. Тэндээс сумын төв хүртэл гурван
км газар 500 мод тарьжээ. Замаа сайжруулж, энхэл доголыг нь зассан байна.  Цаашилбал сумын төвд их ажил ундарч байна. 

Соёлын
төвийн засвар бараг дуусах тийшээ хандаж. Ард нь барьж байгаа 20 айлын орон сууц
ашиглалтад ороход тун дөхжээ. Сургууль, цэцэрлэгүүд амарчихсан.  Харин төрийн албан хаагчид ойн бэлтгэл ажилдаа
ханцуй шамлан орцгоосон байлаа.  Ойрдоо Угтаалд
хур бороо үзэгдээгүй учраас газар хуурай. Гэхдээ иргэд наадмаас өмнө зуншлага сайхан
болох байх гэсэн найдлага дүүрэн ажиллацгааж байна лээ.  Ингээд сумын Засаг дарга Н.Гантулгатай цөөн хором
ярилцсанаа хүргэе.

-Ойн
бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Манай сумын 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 12-15-ны өдрүүдэд
болно. Ойг угтаж  2014 оныг “Түүхт ой иргэдийн
оролцоо, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэд идэвхтэй оролцож
байна. Угтаалцайдамаас төрсөн түүхт хүмүүс, уугуул, суугуул иргэд маань хандив тусламж
өгч байна. 

Ер нь ойгоо баяр наадам болгон тэмдэглэхээсээ илүү суман­даа үлдэцтэй  бүтээн байгуу­лалт өрнүүлэхэд түлхүү ан­хаарч
байна. Тиймээс сумын­хаа бүх төсвийн бай­гуул­лагыг автомашины зог­соолтой болгож
байна.  Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй
уялдуулж, зам харгуйгаа засах зэрэг ажлуудыг хийж байна. Нийт 3.5 км сайжруулсан
шороон зам татлаа. 1961 онд Угтаалын САА байгуулагдах үед Үлэмжийн ам гэдэг нэртэй
хогийн цэг бий болсон байдаг. Тэр их хур хогийг цэвэрлэж, бэлчээрийн газарт шилжүүллээ.

-Угтаалчууд
хогоо хаана асгах уу?

-Шинээр 0.5 га газарт нүх ухаж, орчин үеийн хогийн цэг бий болгосон.
Тэр нүхэнд хогоо  хаяад булшилдаг болж байна.
Ер нь хуучирсан барилга байгууламжуудын өнгө үзэмжийг сайжруулах тал дээр ихээхэн
анхаарч байна. Соёлын төвийн спорт заалыг бүрэн заслаа. Гадна фассадыг нь янзалж
байна. Гэр хорооллын айлуудын хашаа­ны өнгө үзэмжийг сэр­гээж байна. Наадмын тал­байгаа
засварлаж бай­на. Баянхангай сумаас Угтаал­цайдам руу ордог хэсэг дээр самбар байрлууллаа.
Уушиг хайрханаа тойроод орж ирдэг зам дээр чулуун хаалга хийж байна.  “Мөнх шижиг тариа” компани сумын төвийн хуучин
усан оргилууртай хэсэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна.

Соёлын төвийн өмнөх талбайд “Чандмань дөл” компани хүүхэд залуучуудын
чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсны талбай,  ахмадуудын
чийрэгжүүлэх төвийг байгуулж байна. “Уушги хайрхан” 20 сая төгрөгийг наадмын бай
шагналд хандивласан. “Элсэн цагаан” компани хүндэтгэлийн өргөө барина. Мөн орон
нутгийн хөгжлийн сангаас 30 сая төгрөг гаргаж, атарчдын талбай хийж байна. Тэнд  атарчдынхаа хөшөөг шинэчлэн байршуулна. Бүтээн
байгуулалтын ийм ажлууд өрнөж байна. Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө чадах чинээгээрээ
ажиллана гэдэг урам зоригтой явж байна.  Түүнчлэн
сумандаа бид Иргэний танхим байгууллаа.  Энд
иргэд олон нийтийнхээ үгийг сонсдог байх юм. Сум орон нутаг маань өдрөөс өдөрт сайхан
болж байна. Тиймээс бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа бүх хүнд  баярлаж талархсанаа илэрхийлэх нь зөв байх. 

-Өнөөдөр
Сонинхангай уулын тахилга болох шиг боллоо…

-Тийм. Жил бүр Засаг даргын ивээл дор энэ тахилгыг хийхээр болж байгаа
юм. Мөн өчигдөр манай Иргэдийн хурал 
2013 оныхоо ажлын гүйцэтгэлтэй танилцаж, 
2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн шугамаар хийх ажлаа ярьсан. Японы
“Өвсний үндэс” хөтөлбөртэй хамтарч 50 хүүхдийн цэцэрлэгийг гэр хороололд байгуулахаар
болж байгаа. Үнэндээ манай суманд асуудалтай байгаа нэг зүйл цэцэрлэг шүү дээ.  Дээр нь 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн
шугамаар ямар ажил эрэмбээ тодорхойлж саналаа гаргалаа. 

-Төрөлх
нутгийнхаа ойд зориулж иргэд, аж ахуйн нэгжүүд нэлээд хандив өгч байгаа дуулдсан.
Энэ тухай яривал… 

-Сумын 90 жилийн ойгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа
нутгийн компаниуд сэтгэл, зүтгэлтэй ажиллаж байгаад талархаж байна. Жишээ нь  “Акума” төв, “Эссо” компани тус тус 20 сая,
“UB авто центр” компани 13 сая, “Авто ойл” компани арван сая, “Өдрийн сонин” арван
сая төгрөг хандивлаад байна. Мөн  “Гурван
гал” худалдааны төв хандив өргөж, нутгийнхаа ойн арга хэмжээнд оролцож байна. 

-Ойн
өдрүүдэд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Найман насны морь уралдана. Мэдээж эрийн гурван наадмаа хийж, дэнж
хотойтол сайхан наадна. Зохиолын дуучдын тоглолт, шоу арга хэмжээ зохион байгуулна.
Явуулын циркийн үзүүлбэр сонирхуулна. Манай сумаас төрсөн авъяаслаг циркчин олон
бий. Тэдний тоглолтыг зохион байгуулна.

-Нутгийнхандаа
хандаж хэлэх үг бий байх?

-“Бид ойгоо тэмдэглэх гэж байна хандив өг” гэж албан байгууллага,
иргэдийг шахаж, шаардахгүй.  Нутгаа гэсэн
сэтгэлтэй энэ суманд төрж, өсч, ажиллаж, амьдарч байсан иргэд, аж ахуйн нэгж ойн
арга хэмжээнд идэвхтэй оролцоорой гэж уриалах байна. Сумынхаа хөгжлийн төлөө гэсэн
сэтгэлтэй хүн бүр Угтаалцайдамын хөгжлийн төлөө сангийн Хаан банкны 5745104531 данс
руу хандив өргөвөл бид бүхний ажилд ихээхэн тус дэмж болно гэж л хэлье.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *