Нийтийн тээврийн газраас парк шинэчлэл хийхээр Беларусь улсаас 21 метрийн урттай угсраа автобусыг оруулж ирээд байна. Энэ автобус 120 хүний багтаамжтай. Автобусыг энэ сарын 1-нээс хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөж байсан ч хотын төв замд хийгдэж байгаа зам засварын ажлаас шалтгаалан ирэх наймдугаар сарын 15-ныг хүртэл хойшлуулжээ. Угсраа автобусанд зориулж Таван шарын уулзвар болоод Офицеруудын ордны эргэлт хийх тойрог уулзварыг шинэчлэн өргөтгөсөн байна. Шинээр орж ирсэн автобус энхэл донхолтой замаар явах боломжгүй тул замын эвдрэлийг засч, автобусны буудлын кармаг битүүлэн нэгдүгээр эгнээг тусгаарлах зэрэг ажлуудыг хийхээр болжээ.