Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Угсаа залгамжлагч сүнс

-БОГДЫГ ТӨВДӨӨС ТОДРУУЛДАГ НЬ ЭВ НЭГДЛИЙН УТГАТАЙ БАЙХ МАГАДТАЙ –

НЭПКО хэвлэл газар, “Хүмүүн хорвоо” нийгэмлэг хамтран “Түүхэн Эрхмүүдийн Цадиг” (ТЭЦ) цуврал гаргаж байгаа билээ. Монгол шинэ үеийн түүхийг тодорхой хувь хүний намтраар дамжуулан өгүүлж буй энэ цувралаар Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Д.Нацагдорж, Д.Намдаг зэрэг олон алдартны намтрыг баримтат уран сайхны аргаар өгүүлэн олон түмэнд хүргэсэн бөлгөө. Цувралын дараагийн ээлжид багтан гарахаар хүлээгдэж буй, Монгол Улсын ерөнхий сайд агсан Г.Бадамдоржийн тухай өгүүлэх “Шар хүний “хар” тууж” номын хэсгээс танд хүргэж байна.


Түшээт ханы хөвүүн Г.Занабазар суудлаа хэнд ч алдахгүй нэгэн болоод тодорхой утгаар“үхэх”-ээ болив. Нэгэн төрлийн хүний бие нь хөгшрөн нас баравч хаа нэг газар төрөөд эргэн ирж суудалдаа сууна. Өндөр гэгээний олон дүр хувирлын логик иймэрхүү.

Хойд дүр тодруулах нь Төвдийн сүм хийдийн зүгээс сүүлхэнд санаачлан боловсруулсан албан тушаал залгамжлуулах арга юм.Бурхан багш Буддагийн хойт дүр гэж байгаагүй, тэр ч байтугай Төвдийн их шинэтгэгч Зонхов богдын дараагийн төрөл тодорсонгүй. Дашрамд дурдахад, Төвдүүд Богд Зонховын аавын хойд дүрийг “Ажаа гэгээн” болгон тодруулаад шүтэж эхэлсэн байдаг нь өнөөг хүрчээ. Ажаа бол аав гэсэн утгатай төвд үг ажгуу.

Бурханы шашинд сансрын хүрдэн дэх амьдралыг сүнс нь төрөл дамжин үргэлжлэх дуусашгүй процесс болгон тайлбарладаг. Жирийн хүн үйлийн үрээсээ хамаараад дээшилж, доошилж, аягүйтвэл амтан ч болж мэднэ. Харин хутагт хувилгаад тэр л дүрээрээ эргэн төрж, олон амьтныг аврах ажлаа үргэлжлүүлдэг гэж Шарын шашинтнууд үзсэн байна. Энэ санааг Төвдийн шашин-төр, сүм хийдийн удирдлагын залгамж чанарыг хангах менежмэнт болгон хөгжүүлжээ.

Лам нар хорвоогийн эгэл амьдралаас татгалзсаны улмаас үйл хэргийг нь залгамжлах үр хүүхэд гэж байхгүй. Тиймээс залгамжлагч нь түүний төрлийн хүн байх боломжгүй. улмаар орон гарсан хутагт, шашны урсгалын тэргүүний байрыг эзлэхийн төлөө өрсөлдөөн тэмцээн гарахаас энэ арга сэргийлнэ. Иймээс, хойт дүр тодруулах арга нь дотоод өрсөлдөөн, хагарлаас сэргийлэх сайн талтай аж.

Хойт дүрийг доод тал нь тав орчим настай байхад нь тодруулдаг. уг нь дөнгөж төрүүт нь л тодруулж болохгүй юу байв гэж. Хамгийн гол нь хойт дүр “бааснаасаа салж” тав зургаа хүрэхийг хүлээдэг нь нялх балчир хүүхэд өсгөх түвэгтэй үүргээс сүм хийдийг чөлөөлдөг байсан бололтой. Түүнчлэн энэ насыг төвдийн шашны тогтоосон сурган хүмүүжүүлэх ухааны олон жилийн туршлага ололт гэж үзүүштэй юм. Хүүхдийг эцэг эх, гэр орноос нь холдуулаад сургалтад хамруулж болох насны доод хязгаарыг таван нас болохыг тэд нотолсон гэж дүгнэсэн ч болно. Өнөөдөр дэлхий дахинаараа хүүхдийг 5-6 насанд нь сургаж эхэлж байгаа нь Төвдүүдийн туршлагыг бататгах мэт.

Улмаар, дүр тодруулах явцад зуун хувийн баталгаа байхгүй ч гэсэн түүний дараахь сургалтын тогтолцоо нь баталгаатай. Нялх балчир “хойт дүр”-үүдийг сүм хийдийн хэрмэн дотор, хатуу чанга дэглэм дор тусгай багш олон жил хүмүүжүүлж “жинхэнэ” хутагт болгон хувиргана. Дүрийг нь андуурсан байж болох ч хүмүүжил нь андуурахгүй. Ийм болоод “Төвдүүд илжгийг ч хутагт болгоно. Халхууд хутагтыг ч илжиг болгоно” гэсэн зүйр үг хүртэл гарчээ. Энэ нь Төвдийн хойт дүр бэлтгэх сургалтын төгс чанар ба халхуудын ёс суртахуунаас илүү арилжаа болсон шашин шүтлэг нь лам хуврагуудыг өргөл барьцаар даран самууруулах аюултайг хэлсэн бололтой.

ЗОДООНООС ҮРГЭСЭН БОГДЫН СҮНС

Халхын Богд Жавзандамба хутагтын эхний дүрүүд монгол айлд, алтан ургийнхны гэр бүлд хэдэнтээ төрөн мах цусны талаасаа ч баталгаатай, сүнс талаасаа ч итгэмжтэй “хосолмол” байдлаар төрөл олж явснаа гэнэтхэн бишиджээ. Монголчууд нэгэн сонин мэдээг манж нараас дуулав. Занабазар цаашдаа, монголд үргэлжлүүлэн ажиллах боловч өөр газар төрнө гэдгээ тэдэнд аминчлан ярьсан байх аж.

Манжийн тэнгэр тэтгэсэн хааны 26 дугаар он буюу (1761) онд гаргасан зарлигт “…хутагтын өвгөн шавь нарын үг яриагаар бол Жавзандамба хутагтын намтарт хутагтын хувилгаан Халхын газарт 100 жилээс илүү хугацаагаар суухгүй, уг газар хойш буцна гэсэн үг байгаа” гэдгийг дуулгажээ. улмаар Өндөр гэгээн манжуудад хэлсэндээ хүрч төвдөд төрснийг “Литанд нэг хүү төрсөн нь сайн ёр их бөгөөд…энэ хүү ном уншиж, шар малгай өмсөх дуртай” болохыг уламжилжээ. уламжлах юу байхав тушаасан л хэрэг.

Манж цаашдаа нэг их ёсорхохоо больж 1793 онд Тэнгэр тэтгэсэн хаанаас шулуухан зарлиг буулгаж Жавзандамбын хувилгааныг тодруулах ажил Халхад хамаагүй бөгөөд тусгай томилогдсон амбан сайд шийдэх болов. Жавзандамба хутагтад ч дахин хүн болж төрөх газрыг нь “Үй Зан, Камын зэрэг Төвдийн” нутаг хэмээн зааварлажээ.

Энэ явдлыг их төлөв Богд нарын санаа сэтгэл хувиран, манжийг дарлалын эсрэг босч магадгүй хэмээн сэрэмжлэхдээ тэдний хойд дүрийг хаа холын Төвд рүү цөлсөн байдлаар тайлбарлаж ирсэн юм. Үүнийгээ хоёрдугаар Богдын дүү ринчиндоржийг манжуд цаазалсан зэргээр баримтжуулан тайлбарладаг.

Гэвч Төвдийн “хойт дүрийн сургууль”-ийн дэг, сургалт нь өмнөх дүрийн үзэл санааг бат өвлүүлдэг учраас Халхын эрх ашгаас урвасан Төвд Богд төрсөн баримт харагддаггүй. Түүнчлэн, ХХ зууны эхээр тусгаар Монголын тогтнолын удирдагч, үндэсний үзэл санааны бэлгэдэл наймдугаар Богд байсан. Тэрээр Манжийн хааны шийдвэрийг хүндэтгэн Төвдөд төрсөн боловч, алтан ургийн үзэл санааг залгамжилсан хэвээр үлдсээн.Ингээд дүгнэхэд, Богдын хойт дүрийг Төвдөөс тодруулах болсны цаад зорилго нь Халхад элэггүй Жавзандамба төрүүлэх биш юм шиг байна.

Арай өөр өнцгөөс харвал, Шашны тэргүүний дүрийг халхуудаас холдуулсан нь Гадаад монголын дотоод эв нэгдлийг хангах санаа байх магадтай. Хэрвээ алтан ургийнхан, өөр өөрийн гэрээс Богд тодруулах гэж мугуйдлан хагаралдвал дорхноо л сэлмээ сугалж таарна. Богдын хойт дүрийг Халхаас хол тодруулах санал санаачилга 1750-иад онд Баруун монголд гарсан Амарсанаагийн бослогын дараанаас эхтэй нь ч нэгийг өгүүлэх мэт. Гадаад Монголд элдэв хагалдаан үүсвэл Чин гүрний тогтвортой байдалд ч харшилтай.

Үнэхээр ч, II Богдыг таалал болсны дарааалтан ургийнхны дунд долоон ширхэг “III Богдод нэр дэвшигч” төрж байсан нь бас л түгшүүртэй баримт юм. Энэ бол хаан ширээний төлөөх алтан ургийнхны тэмцэл нь Жавзандамбын хойт дүрийн төлөөх алалдаан болон хувирахын даваан дээр ирснийг харуулах баримт. Үр хүүхдийг нь хойт дүрээр батламжлаагүйн төлөө Манжийн хаанд гоморхох, урвах явдал гарахыг ч үгүйсэхгүй.

Ингээд Жавзандамбын хойт дүрийг Халхын алтан ургийнхны дотоод тэмцлээс холдуулж, Төвд рүү шилжүүлсэн бололтой.(Түүнчлэн, Юань гүрний сүүлийн хаадуудын жишгээр нялх багадаа тэнгэрт хальсан III Богдын үхлийн шалтгааныг өрсөлдөгч долоон “нэр дэвшигч”-ийн талаас хайвал юманд хүргэж мэднэ)

Богд гэгээний хойт дүрийг Төвд газраас, язгуургүй харц гэр бүлээс тодруулж байхаар шийдвэрлэсэн нь Гадаад Монголын алтан ургийнхны дотоод эв нэгдлийг хангах зорилготой ажээ.

Манж нар энэ бодлогоо зөвхөн Богдын дүрийг тодруулах дээр хэрэгжүүлээд зогссонгүй. Гадаад монгол даяарх хутагт, гэгээдийн хойт дүрийг тодруулахад ашиглах болов. Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичгийн 58 дугаар дэвтэрт,

“Нэгэн зүйл: Монгол аймгаас хутагт, ихээхэн ламын хувилгаан дэлгэрэв гэж өргөн мэдүүлбэл, олон тайж, албат ард, жич тангадын харц хүний дотроос заалгуул. Далай лам,банчин эрдэнийн ураг, жич олон монгол хан ван бэйл, бэйс, гүн, засаг, тайж нарын хөвүүн ач нарын дотроос хувилгаан заахыг нийтээр цаазлагтун” хэмээн журамлажээ. Алтан ургийнхан, язгууртнууд бээр элдэв хутагт, хувилгаадын хойт дүрийг гэрээсээ тодруулахын төлөөнөө алалдахаас үүрд чөлөөлөгдөх нь тэр ээ.

Дашрамд дурдахад хутагтуудыг тамгатай ба тамгагүй хэмээн хувааж байсан нь ид шид, эрдэм чадлаар нь эрэмбэлсэн хэрэг бус, харин шавь захирах эрхтэй эсэхээр нь ялгамжилсан хэрэг байв. Гэхдээ, цол хэргэм, чимэг тодотголыг чухалчилдаг монгол хүний нүдээр харах юм бол “Нэгэнтээ л хутагт болохыг болов, тамгатай хутагт болох” хэрэгтэй байсан буй заа. монголд 1900 оноос өмнө нийт 243 гэгээн хувилгаан тоологдсон ба ХХ зууны эхэн үед Халхад 13 тамгатай хутагт байсан байдаг.

ХОЙТ ДҮРИЙН АРЫН ЗОДООН

Манжийн хаадаас Богд Жавзандамба хутагтын хойт дүрийг төвдөөс тодруулж эхэлснээр Халхын амбици тийм ч амар дарагдсангүй. Хойт дүрийг залах замдаа салам балбаж, уураа гаргахаас эхлээд, зэрэгцүүлэн тодруулж хүртэл үзжээ.

Гуравдугаар дүрийн Богдыг Төвдөөс залж авчрах замдаа занчсан хэрэг нэлээн дуулиан тарьсан байна.

…Тэнгэрийг тэтгэсний 30 (1765) онд III Богдыг төвдөөс залж ирэх замд “хутагтыг занчсан” хэрэг гарч, манжийн хаанаас уг хэргийг шалгаж байжээ.сойвон Дансран зэрэг хүмүүс(жанчсан)…хэргийг хүлээх хүн гарсангүй…Хүрээний монгол сайд санзайдорж, номун хан Жамбалдорж, хамба Шагдар, сойвон Дансран нарыг албан тушаалаас зайлуулж, хүрээнээс одуулан, хол газар цөлөх зэргээр шийтгэж” байжээ.

Улмаар, Төвдөөс ирсэн хойд дүрийг илэрхий үл тоох, тэр бүү хэл өөрийн хувилбарыг зэрэгцүүлэн дэвшүүлсэн Чин Сүжигт номун ханы эсэргүүцэл ч түүхнээ үлджээ.

Хүрээний сайдаас 1765 онд манжийн хаанд айлтгасан нэгэн бичигт Хутагтыг ширээнд залснаас хойш бүгд хүндэтгэн мөргөсөн боловч зарим томчуул түүнийг үл ойшоосон тухай дурджээ. Манжийн хааны тодруулж өгсөн хутагтад мөргөхөөр үл очих гэдэг бол түүний шийдвэрийг үл хүндэлсэн, эс хэрэгссэн хэрэг болох тул шавийн захиргааныхан санаа зовнисон бололтой. ингээд түүнд элч зарж,

.”…Гагцхүү Чин сүжигт номун хан үл ирсэн бөгөөд хүн зарсангүй. Энэ явдлыг Эрдэнэ Шанзов нарт асуувал…хутагтыг залах хэргээр хуралдахад ирээгүй, бас залсны дараа ирээгүй… Хутагт ширээнд суугаад нэг жил илүү боллоо. Чи мөргөөр ирвэл зохино… хэрэв Хүрээний хэргийг шийдэх сайд, вангаас чиний эс ирсний учрыг асуувал бид чиний төлөө хэлэх үг олдохгүй байна” хэлүүлжээ.

Ингээд хаалгач лам Шаравыг зарсанд өнөөх нь

“Чин сүжигт номун хан эмгэг өвчтэй бөгөөд нүүр аманд яр гарч гурван жил боллоо.Өвөл бол явж чадахгүй. Зун бол энд нэг сүм үйлдээд түүнээсээ холдож чадахгүй….(гэхчлэн ер нь өөрөө очихгүй гэж ойлгуулаад)…би дараа Хүрээнд хүн явуулна… гэж хэлүүлжээ. Улмаар элч Шаравыг өөр нэг учир битүүлэг ламд мөргүүлжээ.

“Бас чи эндхийн ламд мөргөхгүй юу гэхэд Шарав би мөргөе гээд очиж үзвэл нэгэн 6-7 насны бага лам, дэвсгэр түшлэгийн зэрэг зүйл нь бидний Жавзандамба хутагтын адил бөгөөд “Хүрээний өвгөн лам Эрхэм тойн ба Эрдэнэ умзад лам нар одоо бий юу? Аль хэр өвгөрсөн байна гэхчлэн асуусан” байгаа нь Чин сүжигт номун хаан бээр өөрийн гэсэн Богдыг зэрэгцүүлэн тодруулаад байсныг өгүүлжээ. Энэ бол зоригтой ч, эрсдэлтэй ч алхам. Чин сүжигтийн залсан бага балчир хөвүүнийг Бээжинд аваачсан ба хэрхсэн нь тодорхойгүй, харин Номун хаан өөрөө 1768 оны орчим нас барсан нь дээрх зөрчилдөөний үр дагавар ч байх магадтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *