Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин сүүлийн нэг жил хилийн чанадад гэрээгээр дэлхийн сонгодог дуурь дуулсан билээ. Тэрээр дуурийн өлгий Итали улсын Режио ди Парма хотын театрт 2018 оны нэгдүгээр сарын 12-ноос 21-ний хооронд Италийн нэрт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн алдарт “Риголетто” дуурийн гол дүрд дуулсан юм. Ингэснээр 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 2018 оны нэгдүгээр сарын 21 хүртэл Ж.Вердийн алдарт “Риголетто” дуурийг Италийн томоохон хотуудын дуурийн театруудад дөрвөн удаа дуулах гэрээгээ биелүүлсэн байна.
Тиймээс тэрээр эх орондоо ирмэгцээ Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллах гэрээнд тус театрын дарга гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгстэй өчигдөр үзэглэсэн байна.