Монгол орны нийт нутгаар бороо хуртай байгаа энэ өдрүүдэд малчид ард иргэд үер усны аюулаас болгоомжлохыг цаг уурчид анхаарууллаа. Учир нь усархаг борооны улмаас гол мөрний усны төвшин нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Хойттамир, Хэнтэй нуруунаас усжих Туул, Хэрлэн голын адаг болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой, Онги гол Арвайхээр, Орхон гол Хархорин сум мөн түүнчлэн Халх гол Ялалт баг орчмоор үерийн түвшинг 5-25 см даван тус тус үерлэж байна. Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Байдраг, Шаргалжуут, Онги, Зэгстэй, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Буянт, Долооннуур, Хархираа Түргэний уулсаас эхтэй Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг Орхон голын эхээр олон жилийн дундаж түвшинг 20-60 см давсан байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Харин ирэх долоо хоногоос нийт нутгаас цаг агаар дулаарах төлөвтэй байна. Нийслэл Улаанбаатарт 22-23 градус хүртэл халах ажээ.