Ойрын өдрүүдэд Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз /МҮОНТ/-ээр өдрийн зээлийн талаар цуврал сурвалжлага эрчимтэй явж байна. Тэдний үзүүлж буйгаар бол “өдрийн зээл” авсан иргэд ер нь сөнөж байгаа юм байна. Мөнгө хүүлэгчдээс нэг өдрийн зээлийг 5-10 хувийн хүүтэй аваад эргүүлэн төлж чадахгүй хохирсон иргэдийн тоо хэд дахин нэмэгджээ. Авсан зээлээ өгч чадахгүйгээс болж хүүгийн хүү бодогддог байна. Ингээд орон гэр, хашаа байшин, мөнгө болох бүх зүйлээ алддаг. Үүгээр ч зогсохгүй амиа егүүтгэсэн, архинд орсон, гэр оронгүй болсон, гэр бүл салсан, гэртээ харьж чадахаа байсан гээд гамшгууд үргэлжилж байна гэж МҮОНТ үзжээ. Энэ бүгдийн буруутан нь ББСБ гэнэ. Цаашлаад Монголын арилжааны банкууд бас холбоотой гэж үзжээ. Үндэсний Олон нийтийн телевизийн эдгээр цуврал сурвалжлагын гол зорилго нь Монголын банкууд монголыг баллаж, ард түмнийг ядуурлын туйлд хүргэж байгааг харуулахыг зорьсон бололтой. УИХ-аас 2015 онд шинэчлэн найруулж баталсан Иргэний хуулиар иргэд хоорондоо гар дээрээсээ хүүтэй мөнгө зээлэх нь хориотой болсон. Тийм болохоор өнөөдөр мөнгө хүүлэгчдийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан “өдрийн зээл” гэх нэрийн дор мөнгө хүүлж, тэдний ард арилжааны банкууд байна гэж ойлгуулж байгаа нь энэ.
Үнэндээ МҮОНТ-ийг гайхаж байна. Яагаад гэвэл Монголын банкууд, Монголын санхүүгийн зах зээл нь өөрөө монголын үндэсний эрх ашиг зайлшгүй мөн юм. Монгол Улсын үндэсний эрх ашгийн тулгын гурван чулууны нэг нь банкууд. Үндэсний эрх ашгийн ийм амин чухал тулгуур салбараа, тулгуур эдийн засгаа Үндэсний олон нийтийн телевиз буруутгах нь ямар бодлого вэ. Үндэсний эрх ашиг болсон банк-Үндэсний телевиз хоёр бодлогын хувьд нэг юмны хоёр тал биш юм уу. Ард түмний ойлгож байгаагаар бол Үндэсний Олон нийтийн телевиз нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд бодлогоор Үндэсний үйлдвэрлэл, Үндэсний банк хоёроо онцгой дэмжиж явах ёстой гэж хардаг. Тэгэхээр МҮОНТ ингэж болохгүй. Өнөөдөр монголчуудын эрх ашиг дэндүү жижигхэн, арчаагүй байгаагын нэгэн илрэл энд харагдаж байх шиг байна. Мэдээллийн агентлагийнх нь тэр долоо хоногийг хариуцсан нэг редактор нь юм уу, аль эсвэл нэг жижигхэн даргынх нь ойр тойрны хүн “өдрийн зээл” авчихсан байхыг үгүйсгэхгүй. Тэгээд л тийм бодлогогүй, үндэсний эрх ашигт үл нийцэх мэдээ сурвалжлагыг сүржигнүүлэн программын захиргаагаараа батлуулсныг хэн мэдлээ. Гэхдээ өдрийн зээлийг огт үгүйсгэж байгаа юм биш. Байх ёстой санхүүгийн бичил үйлчилгээ. Хамгийн гол нь хуулийн хүрээнд, Монголын нийгэмд тохирсон, зөв бодлогоор зохицуулагдах ёстой юм. Тэрнээс өчүүхэн жижиг эрх ашгийн үүднээс том эрх ашиг руугаа дайрч, сөнөөж огтхон ч болохгүй. Монголын эдийн засгийг авч явахад Монголын банкууд голлох үүрэгтэй байгааг хаа хаанаа ойлгох ёстой. Банк байхгүй бол аж ахуй нэгжүүд байхгүй гэсэн үг.
Ер нь аль ч улс орны банк, санхүүгийн салбарт ганц л зарчим үйлчилдэг. Тэр нь сайн дураар л зээл авдаг. Хэн ч хүнийг албадаж зээл өгдөггүй. Өгөх ч ёсгүй. Өнөөдөр Монголын нийгмийг харахад өдрийн зээл авдаг хүмүүс нь хамгийн их “юм” ярьж байна. Тэдний ярьсныг бодлого муутай мэдээллийн сувгууд сүйрэл гамшиг болж буй мэт дамжуулж байна. Тэгвэл хэн тэдгээр хүмүүсийг өдрийн зээл ав гэсэн юм. Өдрийн зээлийг хүчээр өгөөд байгаа юм уу. Хатуу л хэлье. Ард түмнийг шулах гэж зээл авч байгаа биздээ. Эрээний зээл дээр 200 төгрөг байгаа оймсыг энд 2000 төгрөгөөр зарах наймаа хийх гэж зээлж байгаа биздээ. Өдрийн зээлийг хүмүүс өөрсдийн мэдрэмж тооцоогоор авсан. Мөнгө хараад тэвчихгүй, ашиг хийх гэж л авсан байх. Иргэн хүний ийм сайн дураараа авсан зээлийг харин МҮОНТ ард түмнийг шулж байгаа банкуудын үйлдэл гэж үзэж байгаа юм байна. Монголд өдрийн зээл авдаг 10 мянга орчим хүн байгаа гэсэн багцаа тоог Худалдаа эрхлэгчдийн холбооноос гаргасан. Харин хэдий хэмжээний мөнгөн дүн энэ зээлд эргэлддэгийг тус холбоо хэлж мэдэхгүй байгаа. Наад зах нь ийм тооцоо судалгаа байхгүй байж ямар юмных нь худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах вэ дээ. Цаана нь улс төрийн явуулга байна гэж харж байгаа. Учир нь ийм холбоо, байгууллагуудаар олон түмний эрх ашиг яриулж байгаад банкны хүүг бууруулах гэсэн зорилго байхыг үгүйсгэх аргагүй юм. Шулуухан хэлэхэд Монголын эдийн засгийг лангууны хэдэн авгай нар авч явдаггүйг та ч мэднэ, би ч мэднэ, олон даяараа мэднэ. Монголын эдийн засгийг үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний банкууд авч явдгийг та, бид мэднэ. Үндэсний телевиз нь энэ хоёрыгоо хамгаалж, дэмжиж байх ёстой.
Өдрийн зээл, ядарсан ард түмэн ярьсан энэ бүх ухаалгын цаана банкны зээлийн хүүг бууруулж, үндэсний хэдэн банкныхаа амыг барих гэсэн далд санаа явж байна. Өөрсдийнхөө төлөө, өөрсдийнхөө хүслээр зээл авчихаад хүүндээ орооцолдоод ирэхээр холбоо байгуулж тэмцдэг, түүнийг нь зарим нэг улс төрийн хүчин зорилгодоо ашигладаг, үүнээс ямар сөрөг үр дагавар гарахыг бодож үзсэн хэвлэл мэдээллийн байгууллага байна уу. Хүмүүст хүчээр зээл өгсөн юм шиг ингэж тэмцэж байгаа юм байна.
Тэгвэл тэр хадагламж эзэмшигч, банкуудыг хөл дээр нь зогсоож буй хүмүүс яагаад тэмцэл хийж болдоггүй юм бэ. Яагаад хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан холбоо байгуулахгүй байгаа юм. Та нар хөлс хүчээ шавхан байж босгосон, махаан зулгаан байж бий болгосон хөрөнгөө хамгаалаач. Хөгжсөн улс оронд баялаг бүтээсэн, хуримтлал бий болгосон хүмүүс нь хамгийн үнэ цэнтэй, нэр хүндтэй, нийгмийн хөдөлгөгч хүч нь байдаг бол Монголд ийм хүмүүс нь буруутай юм шиг байж болохгүй. Өнөөдөр банкинд хадгаламж эзэмшигчид нь оффшорт мөнгөө нуугаагүй, Монголын нийгэмд баялаг бүтээхийн төлөө арилжааны банкуудаар дамжуулж хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа хүмүүс. Банкны хүүг буурууллаа гэхэд эдгээр хүмүүс хөрөнгөө татна. Үр дүнд нь банкууд үйл ажиллагаагаа зогсооно. Банкгүй улс орон гэж дуулсан уу. Өнгөрсөн 25 жилд арайхийн төлөвшиж буй банкны систем рүүгээ ингэж тэнэглэн дайрч болохгүй. Одоо нэг их хувьцаа ярьдаг боллоо. Хувьцааны зах зээл нь дөнгөж шангаа татах төдий байна. Хувьцаа гаргана, хувьцааны хувь хишиг ард түмэн хүртэнэ энэ тэр бол өнөөдөртөө үлгэр, шулуухан хэлэхэд худлаа яриа.
Эцэст нь нэг л үнэнийг хэлье. Банкны хүүг бууруулах ажиллагаа янз бүрийн шугамаар явагдаж байна. Энэ дэлхийд хамгийн хямдхан мөнгө Хятадад л бий. Валютын асар их нөөцөөрөө дэлхийд тэргүүлж буй урд хөрш үүнийгээ ашиглаж улс орнуудын банк санхүүгийн салбарт ноёрхлоо тогтоохыг оролдсоор байгаа. Монголд банкны зээлийн хүү буурлаа гэхэд энэ хэдэн арилжааны банк оршин тогтнохын тулд хятадаас хямд мөнгө оруулж ирэхээс өөр аргагүй болох байх. Банкны систем нь нэгэнт доголдсон Монголын нийгэмд “өдрийн зээл” нь хорьдугаар зууны эхэн үеийн хятадын мөнгө хүүлэгчид шиг олширч, ард түмнийг туйлдуулах бизээ.
Банкны зээлийн хүүг бууруулах оролдлого нь үнэн хэрэгтээ Монголын эдийн засагт хянаж чадаж байгаа хэдэн төгрөгөө л ад үзэж буй хэлбэр. Харин “өдрийн зээл” нь хяналтгүй байгаа мөнгө. Хэрэв банкны зээлийн хүүг бууруулбал хяналтад байсан мөнгө хяналтгүй “өдрийн зээл” рүү шилжиж далд эдийн засаг цадигаа алдана. Ингэх нь хэнд ашигтай вэ гэсэн асуудал гарна. Ямар ч татваргүйгээр их хэмжээний мөнгө хүүлдэг хүмүүст л ашигтай. Том зургаар нь харвал асар их мөнгөтэй цөөн тооны хүмүүс уул уурхайгаар зогсохгүй улс орныг худалдан авч хаан суух боломж бүрдэнэ. Ирээдүйд ийм л гамшигтай нүүр тулахгүйн тулд үндэсний хэдэн банкаараа оролдмооргүй байгаа юм. Энэ аюулын эсрэг чадах ядахаараа тэмцмээр байна.
Б.НЯМАА