Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос Баабарын “Монголын эрчим хүчний нөөц” нийтлэлийг уншаарай

Үндэсний өдөр тутмын хэвлэл, 2015 оны Монголын шилдэг сонин “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдлээ.

Тэргүүн нүүрнээс “Эмээлт” захын хашаанд арьс шир овоорч байгаа тухай сурвалжлагыг эхлүүллээ.Өдөр ирэх тусам малын гаралтай түүхий эдийн үнэ ханш унаснаас ийнхүү их хэмжээгээр овоорох болсон байна. Энэ тухай Өдрийн сурвалжлагаараа дэлгэрэнгүй мэдээлэх болно. Мөн нэгдүгээр нүүрнээс Монголын эдийн засагт гэгээ татуулсан нэгэн үйл явдлыг онцоллоо. “Оюу толгой” дэлхийгээс 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт босгож чадсан тухай өчигдөр болсон үйл явдлын дэлгэрэнгүйг албаны хүний ярилцлагын хамт лхагва гаригийн дугаараас унших боломжтой.

Улс төр нүүрт УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтууд Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна” хэмээн онцолжээ. Мөн нүүрт БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад айлчилж байгаа тухай, байнгын хорооны мэдээллүүдийг багтаалаа. Түүнчлэн улс төрийн үйл амьдралыг тусгадаг V болон VI нүүрт Хүн ам, нийгмийн хамгаалалын сайд С.Эрдэнийн ярилцлага, Засгийн газрын ээлжит хуралдааны тойм, саяхан батлагдсан Зөрчлийн хуулиар юу юуг хэрхэн зохицуулахаар заасныг танилцууллаа. Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ вакцинд хамруулаагүй бол эл хуулиар шийтгүүлэх юм байна.

Баримт, үзэл бодол нүүрт Баабарын “Монголын эрчим хүчний нөөц” нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдал нүүрт гэмт хэрэг зөрчлөөс сэрэмжлүүлсэн нийтлэл хэвлэгдсэн байна. Нийслэлд гуравхан хоногт таван хүүхэд гэртээ шатаж амиа алдсан харамсалтай хэргүүдийн талаарх сурвалжлагыг иргэдэд сэрэмжлүүлэг өгөх үүднээс бэлтгэжээ. Мөн нүүрт дуудлага худалдааны санал албан ёсоор “Таван богд”-д шилжсэн тухай мэдээлсэн байна.

Дэлхийн мэдээ нүүрт Ж.Керри В.Путинтай уулзахаар Москвад ирсэн тухай, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Болгар эмэгтэйг дэвшүүлэхээр болсон зэрэг олон улсын анхаарлын төвд байгаа мэдээ, мэдээллүүдийг онцолжээ.

Мөн лхагва гаригийн дугаарт шинэ жил ойртсонтой холбогдуулан албан байгууллагуудын баяр дээр баяр нэмэх өвлийн өвгөн, цасан охид, хамтлаг, дуучинд ямар үнэ ханштай үйлчлэх талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг бэлтгэсэн байгаа. Энэ мэтчилэн өнөөдрийн дугаарт олон сонирхолтой ярилцлага, нийтлэлүүд багтсан байгаа. Тухайлбал, Сав шим булангаас хамгийн сайд эцэг далайн морины сонирхолтой амьдрал, Эрүүл мэндийн нүүрээс судасны бүдүүрлийн талаар эмчийн зөвлөгөө, Соёл урлаг булангаас уран барималч Э.Жанцанхоролын ярилцлага, Япон судлаач Д.Төмөрбаатар эзэн хааны одон хүртсэн тухай сурвалжлагыг тольдоорой.

Сонины арын нүүрт уламжлал ёсоор цаг агаар, зурхай, валютын ханш, үнэт цаасны гүйлгээ, шилдэг борлуулалттай цомгийн мэдээллүүдийг багтаасан байгаа. Мөн энэ нүүрний багахан зайд том санаа өгдөг час хийсэн бичлэг нийтлэгддэгийг уншигчид амтархан уншдаг билээ. Энэ удаад “Монгол туургатнуудыг цус нөжтэй нь хутган уулзуулах санаа хэн гээч хорон санаатны бодол вэ?” гарчигтай бичлэг нийтлэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *