Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар хэвлэлийн бага хурал хийж, төр засгийг ан амьтнаа хамгаалахыг уриаллаа

Монголын өдөр тутмын сонин “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид нийгмийн онцлох үйл явдлуудыг уншигч түмэнд цаг алдалгүй хүргэхийн сацуу хүний эрхийг дээдэлж, байгаль хамгаалах үйлсийг хөхиүлэн дэмждэг билээ. Түүнчлэн уншигчдынхаа санал хүсэлт, шүүмжлэлд тулгуурлан нийтлэл, сурвалжлагуудаа бэлтгэдэг юм. Энэ удаад зүүн гурван аймагт цагаан зээрийг үйл олноор нь устгаж байна гэх уншигчдын мэдээллийн мөрөөр манай сонины Эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатар томилолтоор яваад ирсэн.

Тэнд зээрийн сүргийг хулгайн анчид автомат буугаар хэрхэн хядаж дуусгаж байгаа болон нутгийн малчид хүртэл бэлчээр талхалж, шүлхий тараадаг гэх шалтгаар цагаан зээрийг ад үзэн, буудан хороодог болжээ. “Өдрийн сонин”-ы хамт олон дээрх сэтгэл эмзэглүүлэм бодит байдлын талаар зөвхөн өөрийн сонинд нийтлээд зогсохгүй бусад хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа мэдээ­лэл хийх нь илүү үр дүнтэй гэж үзсэн учраас өчигдөр ийнхүү хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ нь сэтгүүлч өөрийн томилолт, тэнд үзсэн харснаа илэн далангүй ярихаар зарласан анхны хэвлэлийн бага хурал гэдгээрээ онцлогтой юм.

“Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Гантулга хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Сэтгүүлч Э.Хүрэлбаатарын “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” хэмээх дөрвөн цуврал нийтлэл гарсны дараа ЦЕГ-аас энэ хэргийн араас мөрдөж эхэлсэн бол МХЕГ-ын дарга зүүн гурван аймагт хяналт шалгалтаа сайжруулж, шалган нэвтрүүлэх цэг байгуулахыг аймгийн мэргэжлийн хяналтын газрынханд үүрэгдсэн байна” хэмээн тодотгосон юм. Тус хуралд “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Гантулга, Эрэн сурвалжлах, тоймдын албаны дарга Д.Мөнгөндалай тэргүүтэй албадын дарга нар болон БОНХАЖЯ, Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Амьтны эрх хамгаалах нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

“Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатар:-“Манай сонин хаана хүний эрх зөрчигдөж, ямар газар, хэн гэдэг албан тушаалтан хууль бус үйлдэл хийж байгааг эрэн сурвалжлахаас гадна бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт гээд нийгмийн бүхий л асуудлыг газар дээрээс нь сурвалжилдаг. Хамгийн гол нь эдгээр хэрэг явдлуудаа хөдөлшгүй баримт нотолгоогоор давхар баталгаажуулсаар ирсэн гэдгийг та бүхэн сайн мэднэ. Өмнө нь би сониныхоо томилолтоор олон удаа хөдөө гадаа сурвалжлагад явж, аян замын тэмдэглэлээ бичиж байлаа. Энэ удаа нутгийн иргэдийн өгсөн мэдээллийн мөрөөр зүүн гурван аймаг болох Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын нутгаар 10 гаруй хоног явж, өөрийн сурвалжлагаа бэлтгэлээ. Хэнтий, Сухбаатар аймгуудын бүх сумдаар орсон бол Дорнодын баруун зүгийн сумдад ажилласан. Дээрх бүс нутагт цагаан зээрийг үнэхээр хайр найргүй хядаж байгааг өөрийн нүдээр харж, гэрэл зургийн хальснаа буулгаж баримтжуулснаас гадна нутгийн иргэд, тэрхүү хулгайн анчидтай хүртэл уулзлаа. Хуйлран давхих цагаан зээрийн сүргийг тал талаас нь хашиж байгаад автомат буугаар шүршчихэж байгаа юм. Үнэхээр аймшигтай. Тэр бүү хэл зээрийн гулууз махыг 25 мянган төгрөгөөр худалдаж авдаг ченжүүд орон нутагт бий болчихож. Уул уурхайн компаниуд ажилчдаа цагаан зээрийн махаар хооллож байна. Хилийн цэргийнхэн, Цэргийн анги болон хорих анги албан хаагчид зээрийн мах хүнсэндээ нөөцөлж байна. Дээрээс нь зүүн гурван аймгийн сумын төвийнхнөөс гадна малчин хүртэл зээрийн махаар хооллож байна. Дуртай нь тэнд очоод автомат буугаар цагаан зээрийг хядаж байна. Энэ нь тус бүс нутагт хууль хяналтынхан ажлаа огт хийхгүй байна гэсэн үг. Очсон сум бүрт буу агссан жийп машинтай хулгайн анчид, бага оврын ачааны машин дагуулаад холхилдож байна. Тэд цагаан зээрийг хэдэн талаас нь хашиж байгаад, автомат буугаар шүршиж алаад, толгой туурайг нь тасдаж, гэдэс дотрыг нь авч хаячихаад махыг нь портерийнхоо тэвшин дээр шидчихдэг. Дээрх анчдаас гадна бэлчээр сүйтгэдэг, шүлхий өвчин дэгдээдэг гээд цагаан зээрээ малчид нь ер үзэхгүй юм. Цагаан зээрийг бүгдийг нь хядаж дуусгаасай гэж залбирах нь холгүй байх юм. Хотондоо 3000 гаруй малтай хэрнээ илүү гэртээ цагаан зээрийн мах овоолчихсон айлд хүртэл очлоо. Өөрснөө идэхийн хажуугаар хот руу оюутан хүүхдүүддээ явуулдаг гэж байгаа юм. Малчид “Хүн бүр л цагаан зээр идэж байна шүү дээ. Нэг хонины гэдсийг хагалж байснаас хоёр цагаан зээр идвэл мал сүрэг өснө” гэж хүртэл хэлсэн шүү. Зүүн гурван аймгийн отрын бүс нутагт адуу их байна лээ. Энд тэнд хэдэн зуугаар тоологдох адуун сүрэг багширна. Тэгтэл тэрхүү сүргийн эзэд болох компанийн захирлууд адуучдаа цагаан зээрийн махаар хооллодог. Ороо нь орсон ооны засааг авахын тулд алж байсан залуустай таарсан. Тэд бол буудаж хороогоод, засааг л аваад явчихаж байгаа юм. Уул уурхайн компаниуд зээр агнах зөвшөөрөл авангуутаа тэрнээсээ хэд дахин илүү зээр агнадаг. 10 зээр агнах зөвшөөрөл авчихаад 100 бол өлхөн алчих жишээтэй. Тэгэхээр зөвшөөрөл олгочихоод, дараа нь зөвшөөрөгдсөн хэмжээгээр агнасан эсэхийг нь нягталдаг байх ёстой юм шиг санагдсан” гэсэн юм.

Эрэн сурвалжлах тоймч­дын албаны дар­га Д.Мөнгөндалай: -“Сэтгүүлч­дийн маань багагүй явдал суудал болж, чамгүй хөдөл­мөрөө зарцуулж олонд хүргэсэн нийтлэл, сурвалжлагуудыг зүгээр л уншуулаад өнгөрөлгүй тэнд болж буй хууль бус үйлдлийг цагдаа, хууль шүүхийнхэн гээд холбогдох газруудтай нь хамтарч таслан зогсоох арга хэмжээг авахыг манай хамт олон чухалчилдаг. Ингэж л бид хөндсөн сэдэв, хийсэн сурвалжлага үр дүнтэй боллоо гэж үздэг. Манай сэтгүүлч Э.Хүрэлбаатарын цагаан зээрийн хядлагын талаарх цуврал нийтлэлүүд манай сонинд хэвлэгдсэнээр холбогдох яамд, цагдаа хүчний байгууллага, хууль хяналтынхан бүгд зохих арга хэмжээгээ авч эхэлсэн. Ер нь байгаль дээр хэрэггүй нэг ч төрлийн амьтан, ургамал гэж үгүй. Бүгд нэг нэгнээсээ өвч хамааралтай нэгэн бүхэл сав шим. Бид тэдэн дундаас нэг төрөл зүйлийн ан амьтдыг нь сугалж аваад хядаад дуусгачих юм бол байгалийн тэнцвэр алдагдана. Манайхан үүнийг ойлгохгүй, цагаан зээрийг байгальд ямар ч үр ашиггүй, хэрэгцээгүй амьтан мэтээр нүд үзүүрлэн устгаж байгаа бол урд хойд хөрш хилийн төмөр тороо өргөж байгаад хүртэл цагаан зээрийг нутаг руугаа оруулж, тэндээ гаршуулж өсгөхөөр чармайж байх жишээтэй. Энэ асуудалд хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд анхаарлаа хандуулах цаг нь ирсэн. Цагаан зээрийг бэлчээр халхалдаг, шүлхий өвчин тараадаг гэдэг нь ор үндэслэлгүй. Тэгж яривал дэлхийд нэн ховорт тооцогддог Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн онгон дагшин газрын экосистемийг тэнцвэртэй хадгалахад цагаан зээр чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал цагаан зээр үргэлж нүүдэллэж амьдардаг учраас туурайгаар нь хялганы үр тардаг нь тогтоогдсон. Цагаан зээр шүлхий өвчин тусдаг ч тараадаг биш болохыг Дэлхийн амьтдын эрүүл мэндийн холбооноос албан ёсоор мэдэгдсэн. Тэгээд ч цагаан зээр малчдаас гурваас таван км-ийн зайтай нүүдэллэж амьдардаг” гэсэн юм.

БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгаль нөөцийн газрын амьтны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Онон: -“Арав гаруйхан хоног зүүн гурван аймгаар ажиллахад зэрлэг ан амьтадтай иргэд хэрхэн харьцаж байгаа талаарх сэтгэл сэртхийлгэм дүр зургийг олон түмэнд хүргэж, анхаарлын төвд оруулж байгаад танай сонины хамт олонд бодлого хариуцсан яамны зүгээс талархаж байна. Хууль бус агнуурыг ихэвчлэн галт зэвсгээр үйлддэг. Урхи хавхаар ан хийсэн цөөн тохиолдол бүртгэгддэг. Галт зэвсгээр, хууль бусаар ан амьтдыг үй олноор нь устгаж буй дээрх үйлдлийг таслан зогсооход төрийн зүгээс бодлогын дэмжлэг шаардлагатай байна. УИХ-аас 2001 онд баталсан Галт зэвсгийн тухай хуулинд ан агнах зориулалттай галт зэвсгийг тусгайлан зааж өгөөгүй учраас иргэд ОХУ-д үйлдвэрлэсэн “Сайга”, “Тигр”, “Эскиз” зэрэг автомат буюу ганц удаа гал нээхэд маш олон тооны амьтдыг хөнөөх цэрэг, дайны зориулалттай буугаар ан хийж амьтдыг устгаж байна. Тиймээс хууль зүйн яамнаас санаачилсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчлэн найруулсан хуулийн төслийн ажлын хэсэгт оролцон, ан амьтан агнах галт зэвсгийг автомат байж болохгүй гэдгийг тусгаж өгсөн. Мөн ангийн бууны хийц загвар, хүчин чадлыг тодорхой болгосон. Хэрэв тус хууль батлагдчихвал одоогийн иргэдийн гар дээр байгаа автомат буугаар ан хийхийг хориглоно. Тиймээс галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тэр хэвээр баталж өгөхийг УИХ-ын гишүүүдээс энэ дашрамд хүсч байна. Ингэснээр эх орныхоо бахархал, үнэт өв болсон зэрлэг ан амьтдаа хамгаалах юм.

МХЕГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Бадамханд: -“Монгол орны ан амьтныг хамгаалах чиглэлээр цуврал сурвалжлага бэлтгэсэн “Өдрийн сонин”-ы хамт олондоо талархал илэрхийлье. Цагаан зээрийн хууль бус ан олон жил үргэлжилсэн. Ган гачиг, зуд турхан, халдварт өвчин зэргээс үүдэн тоо толгой нь эрс багассан учраас үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглочихсон. Харин ахуйн зориулалтаар цөөн тооны зээр агнах зөвшөөрлийг харьяа яамнаас олгож байна. МХЕГ-аас хууль ангийн шалгалтыг жил бүр хийдэг. Галт зэвсэг, гэрэлтүүлэг ашиглан олноор нь хоморголон ан амьтныг хөнөөхийг 2012 онд батлагдсан Амьтны тухай хуулиараа хориглосон. МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар ЦЕГ, БОНХАЖЯ-д галт зэвсэг ашиглалтыг зохицуулж, эмх журманд оруулах саналыг удаа дараалан тавьж байсан. Цагаан зээр арваас арванхоёрдугаар сард маш олноороо сүрэглэдэг. Сурвалжлагаас харж байхад цагаан зээр бүхий бүс нутагт өвлийн эхэн үед хяналт шалгалтаа идэвхжүүлэх ёстой юм байна гэдгийг ойлголоо. Өчигдөр Сүхбаатар аймгийн төвөөс 20 орчим км зайд 50 гаруй цагаан зээр хууль бусаар агнасан байхыг илрүүллээ. Зүүн гурван аймагт ажилладаг мэргэжлийн хяналтын байцаагч нарт тусгай үүрэг өгсөн.

Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Дамдинсүрэн: -“Байгаль хамгаалах гэдэг бол зөвхөн байгаль хамгаалагчдын үйл хэрэг, хийх ёстой зүйл биш. Бүс нутгаараа, иргэд, төрийн албан хаагч нартайга хамтраад байгалиа хамгаалах ёстой. Энэ бол бүх нийтийн хэрэг. Цагаан зээрийг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол зээрийн идээшил нутгийг хашиж, Дорнод Монголын үндэсний парк гэж байгуулах явдал. Багцаагаар хааш хаашаагаа 400 гаруй км газрыг хамрах байх. Хоёр талд нь мэдээж гарц байгуулна. Монголд иймэрхүү дөрвөн ч том парк байгуулъя гэх саналыг Ерөнхийлөгч дэвшүүлсэн юм шүү. Эдгээр паркийн нэг болох Дорнод Хэнтийг дамнасан үндэсний паркийг байгуулж, түүнийгээ аялал жуулчдын бүс болгох боломжтой. Энэ бус нутагт гадаад дотоодын жуулчдыг тус паркаараа аялуулж, багагүй ашиг орлого олох боломжтой.

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагч хошууч Д.Баярсүрэн:-“Ан агнуурын хууль тогтоомжийг зөрчсөн далд гэмт хэргүүдийн талаарх иргэдийн ойлголт тааруу байдаг учраас цагдаагийн байгууллагад тэр бүр хандаад байдаггүй. Өөрснөө энэ хэргийн хамсаатан болох тохиолдол түгээмэл. Эрүүгийн хуулийн тусгай анги болон Ан агнуурын тухай хууль тогтоомжид Монгол Улсын тусгай хамгаалалттай газарт хориотой үед хориглосон арга зэвсэг хэрэглэн ан амьтан агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, худалдаж авсан бол энэ гэмт хэргийг субъект болохоор заасан. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд энэ төрлийн 140 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Харин цагаан зээрийн хууль бус ангийн хэрэг бүртгэгдээгүй. Зүүн гурван аймгуудад орон нутгийн цагдаагийн байгууллага мэдээллийн мөрөөр шуурхай ажиллаж байгаа. Манай хэлтсээс давхар дэмжлэг өгч ажиллаж байна” хэмээв.

Сүхбаатар дүүргийн VI хорооны иргэн Д.Пүрэвбат: -Хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс гадна зээр хамгаалах тухайд өөрийн үзэл бодол, саналаа олон түмэнд хүргэх сонирхолтой иргэд ч бас ирсэн юм. Тэдний нэг болох Д.Пүрэвбат гуайн саналыг сонслоо. Тэрээр “Бодит байдлыг гаргаад тавьчихлаа. Цагаан зээрийг наад зах нь тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэд хамгаалах ёстой. Баянхонгор, Сүхбаатар аймгууд тарвагаа нутгийнхан нь л хядаад дууссан шүү дээ. Өнгөрсөн хойно нь амаа барих биш хууль бус үйлдэл үйл явдал ид өрнөж байхад нь үүнийг таслан зогсоох ёстой. Ядаж зээрийг үй олноор хядаад байгаа алуурчдын машины дугаарыг бичээд үлдчих хэрэгтэй биз дээ. Болбол зургийг нь авчихсан ч болно. Зээр хонины бэлчээрийг сүйтгээд байна гэж дуулаагүй. Харин тамхины галаа унтрааж чаддаггүй залуусын балгаар Сүхбаатар аймгийн ихэнх сумд саяхан түймэрт автагдчихлаа гэж дуулсан. Тэр чинь жинхэнэ сүйрэл байхгүй юу. Давхар орон нутагт хуулийг хэрэгжүүлэх, хяналтын тогтолцоог бүрэн утгаар нь бүрдүүлэх шаардлагатай байна” гэв.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *