Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Үндсэн хуулийн өөрчлөлт болон үйл явдал, цаг хугацааны давхцал” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы 2015.11.30-ны өдрийн шинэ дугаар хэвлэгдэн захиалагчдадаа хүрч байна. Өнөөдрийн дугаараас зарим нийтлэл, ярилцлага, сурвалжлагыг онцлон тоймлож танилцуулъя.

Даваа гариг бүрт уламжлалаар хүргэдэг “Танайд өнжье” булангаараа Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амарын өргөө хоймор зочлон ярилцлаа. Эрхэм хурандаагийн ажил алба, амьдрал ахуйн талаар энгүүн сайхан хууч хөөрсөн энэхүү тэмдэглэлийг нэг, 12, 13 дугаар нүүрээс уншаарай.

Харин “Улс төр” буланд УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн ярилцлага хэвлэгдэв. Тэрбээр “Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцэн Сонгуулийн дөрвөн хуулийн төслийг Их хурлаар хэлэлцэж байна. Сонгуулийн хуулийн өөрчлөлт хийгдэх нь зөв үү. Сонгууль бүрийн өмнө л уг хуульдаа гар хүрдэг болчихлоо гэж байна?” гэх асуултад хариулахдаа “Би Сонгуулийн хуулиас илүү улс төрийн намын хуулиа шинэчлэх нь Монгол Улсын хөгжилд илүү ач холбогдолтой гэж үздэг…” гэжээ. Үргэлжлэлийг нь нэг, хоёр, тавдугаар нүүрээс уншина уу.

Тэгвэл “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог, нийгмийн үзэл санааны томоохон талбар болох алдарт гуравдугаар нүүрт “Үндсэн хуулийн өөрчлөлт болон үйл явдал, цаг хугацааны давхцал” нийтлэл хэвлэгдлээ. Нийтлэлч Д.Мөнгөндалайн энэ нийтлэл “Өдрийн сонины 1999 оны арванхоёрдугаар сарын 25-ны дугаарт “Үндсэн хуульд анх удаа өөрчлөлт орууллаа” гэсэн чуулганы сурвалжлага эхний нүүрт нийтлэгдсэн нь шарласан хуудаснаа түүх болон үлджээ. Үндсэн хуулийг өөрчлөхөөр ярьж буй энэ цаг мөчид сошиал ертөнцөөр 1999 онд Үндсэн хууль өөрчилсөн мэдээлэлтэй “Өдрийн сонин”-ы тэр өдрийн дугаарыг нэгэн уншигч дэлгэсэн нь анхаарал татав” гэж эхэлжээ. Бүрэн эхээр нь гуравдугаар нүүрийг сөхөж уншаарай.

Харин “Баримт, үйл явдал” буланд УИХ-ын гишүүн асан Р.Нарангэрэлийн ярилцлагыг хэвлэлээ. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн саяхан Б.Булганыг баривчилсан. Гэвч, түүнийг яг ямар шалтгаанаар баривчлан хорьж байгаагаа хуулийнхан тайлбарлаж албан ёсоор мэдээлэл өгөөгүй байгаа. Олон нийтийн зүгээс яагаад С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг нийгмийн анхаарлын төвд орох болов, энэ нь 2016 онд болох УИХ-ын сонгуультай холбоотой юу гэх мэтээр хардаж буй нь нууц биш. Эсвэл Б.Булганыг хэсэг хугацаанд хорьж байгаад “Буруугүй нь тогтоогдлоо” гээд суллавал яах вэ, хуулийн тэгж мэдэх л улс гэж харж байгаа хэсэг ч байна.

Эдгээр болж буй үйл явдлын эргэн тойронд ямар нэгэн албан ёсны мэдээлэл байхгүй байгаа ч Б.Булгантай ойр дотно нөхөрлөж явсан хүмүүсээс ярилцлага авч энэ тухай уншигч олондоо хүргэж байгаа юм. Энэ удаа УИХ-ын гишүүн асан Р.Нарангэрэлийн ярилцлагыг нийтэлж байна. Үүний өмнө Б.Булганы дотнын найз, улс төрч судлаач Л.Эрдэнэтуулын ярилцлагыг хүргэж байсан билээ.

Эдгээрээс гадна сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкны асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаа. УИХ-ын нэр бүхий гишүүд тус банкны асуудлаар мэдээлэл хийсэн. Тэгвэл “Л.Энх-Амгалан нарын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэйгөөр Хөгжийн банкинд ажиллаж хууль зөрчив үү ” хэмээх гарчигтай материал манай өнөөдрийн дугаарын долдугаар нүүрт гарлаа.

Эрхэм уншигч та дээрх нэрлэсэн нийтлэл, ярилцлага, сурвалжлагаас гадна “Уран бүтээл”, “Хүмүүс”, “Дэлхийн мэдээ”, Цаг үеийн мэдээ мэдээллүүдийг хуваарьт булангуудаас хүлээн авч уншина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *