Монголын хамгийн олон мянган уншигч, захиалагчтай “Өдрийн сонин”-ы хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутагт ажиллаж амьдарч байгаа хөдөө нутгийн иргэдийн оюуны мэлмийд нэмэр болох үүднээс энэ улирлаас эхлэн “Өдрийн сонин” өдөр бүрийн дугаараасаа 3 ширхгийг сумдад үнэ төлбөргүй илгээхээр боллоо. Өдөр бүр 330 суманд нийтдээ 1000 гаруй сониныг үнэгүй илгээснээр тухайн орон нутгийн иргэд баттай эх сурвалжтай төв хэвлэлээр хангагдахын сацуу, цаг үеийн сэдэвтэй холбоотой нийтлэл, тойм, сурвалжлага уншиж, соён гэгээрэх боломж бүрдэж байна. Манай сонин 1998 оноос эхлэн өдөр бүр олон мянган ширхгээр хэвлэгдэн эх орныхоо өнцөг булан бүрт хүрсээр ирсэн бөгөөд улс төр, нийгмийн амьдралын бүх салбар нэгжийн талаархи хамгийн бодитой мэдээ, мэдээллийг уншигчдадаа хүргэдэг.
Дэлхийн дахинаа уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох сонины захиалагч, уншигчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэгцээг даган ийнхүү сумд тогтмол хэвлэлтэй болж буй нь нийгмийг соён гэгээрүүлэх, сонин унших соёл дэлгэрэхэд үнэтэй хувь нэмэр болж буйг олон сайшааж байна. Японд өдөр тутмын сониныг “Том хүний сурах бичиг” хэмээн ихэд хүндэтгэдэг бол барууны орнуудад “Өглөөг өдөр тутмын сонингүйгээр эхлүүлдэггүй” гэдэг ам дамжсан үг ч бий.
Сумдын ЗДТГ, Номын сан, Иргэний танхим зэрэг хүмүүс олноор цуглардаг газруудад “Өдрийн сонин” хүрснээр сум, орон нутгийнхаа өдөр тутмын ажил амьдрал болон малчид, хөдөлмөрийн сайчуудынхаа талаар төвийн томоохон хэвлэлээр дамжуулан өргөн олон нийтэд сурталчлах, бусад аймаг орон нутгийн талаархи мэдээ мэдээллийг тогтмол авч байх боломжоор бүрэн хангагдах юм. Мөн хөдөө орон нутаг руу хандсан төр засгийн болон гадаад, дотоодын компаниудын аливаа хандлага, тендер, ажлын байрны зар, техник технологи, тоног төхөөрөмжийн зар зэрэг малчид хөдөлмөрчид, орон нутаг дахь аж ахуйн нэгжүүдэд нэн шаардлагатай мэдээллийг тогтмол цаг хугацаанд хамгийн бодитойгоор хүлээн авдаг болох зэрэг олон давуу тал бүрдэнэ. “Өдрийн сонин” ийнхүү энэ улирлаас эхлэн Монголын өнцөг булан бүрт, 330 орчим суманд өглөө бүр шинэ мэдээллээр золгохоор болж буй нь аж ахуйн нэгж, компаниудын хувьд өдөр тутмын сониноор дамжуулж, үйл ажиллагаагаа, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ улс орон даяар өдөр болгон сурталчлах маш том боломжийг олгож байгаагаараа дэвшил болж байна. “Өдрийн сонин”-той хамтран хөдөөг сониноор соён гэгээрүүлэх энэхүү аяныг дэмжиж ажиллах хувь хүн, албан байгууллага болон орон нутагт үйл ажиллагаагаа сурталчлахыг зорьж буй компаниудад манай үүд хаалга нээлттэй. Энд нэг зүйлийг онцлоход, “Өдрийн сонин” нэг намын сонин биш бөгөөд намуудын мэдээллийг тэнцүү хүргэхийг нийтлэлийнхээ гол бодлого болгож ажилладаг юм.