Төв аймгийн Сэргэлэн сумын малчин Д.Батмөнхийнхийг нутгийн айлуудаас нь сурагласаар олж очлоо. Гэрийн эзэн эзгүй. Унагатай гүүгээ хэд хоногийн өмнө алдсан гэнэ. Сураг гаргаад хоёр хоног хайжээ. Долооны тэнд айлын адуунд байгаа дуулдсан учир өглөө эрт тийш хөдөлжээ. Отгон хүү нь хүргэн ахтайгаа хамт хонины хашаа татаж байна. Хоёр, гурван хоногоос хонио ноослох аж. Гэрийн эзэгтэй Л.Энхбаяр “Манай хүн адуунд явсан. Удахгүй, ингэсгээд ирнэ дээ” гэсээр угтлаа. Цай барьж, ааруул, бяслагаар дүүрэн таваг дөхүүлэв. Баруун талын орон дээр саяхан мэндэлсэн нярай байна. Дундах охиных нь хүүхэд гэнэ. Дундах охин Б.Уранцэцэг нь том охиноо эмээ, өвөө дээр нь байлгадаг юм байна. Гэтэл саяхны хэд хоногийн халуунд охин нь наршчихаж, бөөлжөөд байна гэсэн мэдээ аваад аймгийн төвд, дэргэдээ авч явахаар ирсэн нь энэ.
Бас нэг жаал хүү урдуур хойгуур гүйж, гадаа гарч унадаг дугуй унана. Л.Энхбаяр “Манайх чинь хагас, бүтэн сайнаар бөөнөөрөө цуглана. Тэр үед хөл толгой нь мэдэгдэхгүй жинхэнэ бужигнаад сайхан байдаг юм. Бусад үед яах вэ өвгөн бид хоёр л нэг нь гадаа, нөгөө нь гэртээ л өнждөг. Харин бага хүүгээ ажлаас нь гаргаад малчин болгохоор дэргэдээ авчихаад байгаа” гэлээ.
Хоймрын орны баруунтаа хувцас, хунар чихчихсэн нэг цүнх нүдэнд тусав. “Asics” брэндийн логотой улаан, хартай уг цүнхийг чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ голдуу барьж харагддаг болохоор “Эдний хүүхдүүдээс нэг нь барилддаг болж таарлаа” гэж таамаглав. Тэгээд орж харсан хүүхдүүдийг нь шинжвэл барилдчихаар бие хаатай нь үгүй шүү. Харин хүүхдээ тэвэрч суусан дундах охиныг нь ажвал нэг л харсан төрх, бие нь ч тийм муугүй, барилдчих хэмжээний. Тэр охиноос “Танайхан дунд барилддаг хүн байдаг уу. Яагаад тэгж асуув гэхээр тэр цүнх” гээд заавал Л.Энхбаяр “Тийм шүү дээ. Манай хүү, манай хүргэн Мандахаа” гэлээ. Ямар Мандахаа вэ, Мандахнаран уу гэтэл “Тийм, тийм Мандахнаран, гавьяат тамирчин” гээд инээмсэглэлээ. Г.Мандахнаран эдний ууган охин Б.Ууганцэцэгийн нөхөр. Түрүүн унадаг дугуй унаад гүйгээд байсан жаал Г.Мандахнарангийн том нь, Д.Батмөнх гуайн том зээ хүү нь. Эмээ нь “Энэний маань дүү нь улаанбурхан тусаад ээж нь харж байгаа. Төвөөс хүн ирэхээр энэ чинь гэр рүүгээ явна гээд дагачихна. Тэгээд гэртээ очоод нэг, хоёр хоноод л наашаа буцаад хөөгдчихдөг юм” гэвэл зээ хүү нь “Эмээ, би эхлээд улаанбурхан туссан тийм ээ” гэнэ. Ингээд дундах охин нь хүүхдүүдийг суулгаад машинтай яваад өглөө.
Гэрийн эзэгтэй авдраа уудлаад гэр бүлийнхээ жаазтай зургийг гаргаж ирэв. Энд нэлээд гандуу, цагаан байгаа болохоор нүүх гээд хамаг юмаа далд хийчихсэн гэнэ. Өнөө өвөл зуд болно гэдэг үнэн байх шүү. Олны үг ортой гэдэг гэсээр гэр бүлийн зургаа сонирхуулав. Том охин нь газрын мэргэжилтэй, дундах охин нь эмч, отгон хүү нь цэргийн мэргэжилтэй. Отгон хүүг нь Б.Батжаргал гэдэг юм байна. Цэргийн ангид зургаан жил орчим ажиллаж, Сьерра Леонд энхийг сахиулах ажиллагаанд хүртэл оролцсон мундаг залуу. Аав, ээж нь хүүгээ эзэмшсэн мэргэжлээр нь явуулах санаатай ч өөрсдийнх нь бие чилээрхэж, эд мал нь эзэнгүйдчих гээд байсан учир хүүгээ ийнхүү мал дээр гаргачихаад байгаа аж. Л.Энхбаяр гуай хүүгээ ихэд магтана. Хүү минь байхгүй байсан бол бид ч хэцүүднэ дээ гэнэ.
Хүү, хүргэн хоёр маань хашаагаа хатгачих шиг боллоо. Нүүнэ гээд хураачихсан байсан юм. Ямар ч байсан ойрын үед нутаг сэлгэнэ. Шинэ газарт очихоос өмнө хонио ноосолно доо. Тэгэхгүй бол хот бохирдоод байдаг юм гэлээ.
Удалгүй зүүн хойнотоогоос мотоциклийн дуу наашлав. Л.Энхбаяр гуай “Манай өвгөн ирж байна. Гүүгээ олоод ирж дээ. Манай гүүг айлын азарга тасдаад аваад явчихсан юм билээ” хэмээлээ. Д.Батмөнх гуай ирж байна. Унагатай гүүгээ олоод авчирчээ. Мэнд ус мэдэлцээд гэрт орцгоолоо. Гэрийн эзэн хоймортоо суугаад тэнгэр хангайн байдал, зуншлага, малын байр байдлын талаар ярина. Энэ зуур гэрийн эзэгтэй тогоо тавиад зууханд аргал нэмлээ. Тараг буцалгах гэнэ.
Д.Батмөнх гуай Баян-Өнжүүлийнх, Л.Энхбаяр гуай Алтанбулагийнх. Энэ хоёр аймгийнхаа Нийтийн аж ахуйн захиалгат гутлын тасагт хамт ажилладаг байж. Тэнд байхдаа танилцаж арав орчим жил ажиллаад 1991 онд хөдөө гарч, албан ёсоор малчин болцгоожээ. Д.Батмөнх гуайд аав, ээж нь өмч таслахдаа 75 толгой мал өгчээ. Түүнийгээ л өсгөж үржүүлж, буяныг нь хүртсээр өнөөдөр хонь, ямаа нь мянга хол давж, үхэр, адуу нь өсч үржсээр байгаа юм байна. Үүнийг сайн малчин маань “Малын буян” гэж тодотгов. Гэрийн эзэн удам дамжсан малчин айлын хүүхэд. Багаасаа л малын захад өссөн болохоор мал дээр гарахад их дуртай байжээ. Ах дүү 13-уулаа бөгөөд тав нь малчин. Д.Батмөнхөөс гадна хоёр дүү нь бас мянгат малчин. Ах дүүс нь ер нь бүгд шахуу Сэргэлэн суманд шилжиж ирсэн гэнэ.
Харин гэрийн эзэгтэй Л.Энхбаяр гуайн аав нь ойн цагдаа, ээж нь жирийн ажилчин байжээ. Бага байхдаа ах дүү, хамаатан садныхныхаа гэрт, хөдөө очиж амардаг байсан болохоор мал, идээ цагааны ажилд ч сүрхий нэгэн.
Эдний зусч байгаа энэ газрыг Зүлэгтэй гэнэ. Хур бороо арвинтай жил Зүлэгтэй шиг сайхан зуслангүй гэнэ. Булагтай бол булагтай, худагтай бол худагтай. Юм юмтай баян хангай.
Д.Батмөнх гуай гэр бүлээрээ мал дээр гарсныхаа дараа хурдан морь уядаг байжээ. Хүүхдүүд нь ч жаахан байсан болохоор ямар хүүхдээр морь унуулах вэ гэж толгой гашилгах шаардлагагүй байж. Гурван хүүхэд нь гурвуулаа хурдан морины нуруун дээр давхиж л явж. Аймгийнхаа 70 жилийн ойн баяр наадмаар хул морь нь долоод хурдалж. Бас сумандаа айрагдаж, Өнжүүлийн наадамд гуравт орж байсан удаатай. Ер нь хурдан морь уях, хурдлуулах хүсэлтэй байсан ч бусад ажил нь хоолойгоор татсан их байсан болохоор ерөнхийдөө мориныхоо ажлаас хөндийрчээ. “Одоо морь унуулъя гэхээр хүүхэд алга. Гол нь хурдан морины хүүхэд шүү дээ. Морь уяна гэдэг маш том ажил. Хамгийн гол нь зав зай. Зав зайгүй болохоор амжихгүй” гэлээ. Д.Батмөнх гуай залуудаа адуу дагаж явахад өөрийнхөө хэмжээнд исгэрчихдэг байжээ. Одоо бол исгэрнэ гэж байхгүй. Харин нутаг нь өндөр настай хэрнээ, лимбэ шиг сайхан исгэрдэг Буд гэж өвгөн байдаг гэнэ.
Хоёулхнаа хэрнээ мянга хол давсан малтай хөдөө амьдарна гэдэг хэцүү. Малын ажил дуусах биш. Өглөөний үүрээс харуй бүрий тасартал ундарна. Хөдөөний амьдралын дуусашгүй тойрог жилийн дөрвөн улирлын туршид нэг л хэмнэлтэй.
Хажуудаа айл буулгаад эсвэл ажилд дуртай залуус байвал гэртээ байлгаад ч болтугай туслах малчнаар авч ажиллуулъя гэж хэд хэдэн удаа үзжээ. Залуучуудын хувьд хоёр гурав хоноод л алга болчихно, ажлаа хаяад явчихна. Мянгат малчин маань “Малчин авъя гэхээр тохитой хүн олдохгүй юм. Залуу хүмүүс ажил хийх сонирхолгүй, арчаагүй ч болсон юм уу даа. Бэлэн юманд л дуртай. Цалин өгөөд хажуугаар нь мал хуй тасалж өгнө дөө. Жаахан ч гэсэн хөрөнгөтэй болог дээ гээд бодож байтал нэг л өглөө яваад өгчихнө. Уг нь гурван жил л туслах малчнаар ажиллачихвал цалингаасаа гадна овоо тооны малтай болчихож болно. Сэтгэлээсээ, манай малыг өөрийн мал шиг үзээд харж хандаад байвал би гэдэг хүн баярлана биз дээ. Хүн гэдэг чинь баярлахаараа байдгаа л бариад гүйчихдэг цайлган сэтгэлтэй амьтан. Гэтэл гурван жил байтугай гурван хоногийн ажил дийлэхгүй залуус их болжээ” гэснээ “Манай Сэргэлэн сум чинь ер нь залуу малчид олонтой. Энд чинь эмэгтэйчүүл ховор. Охид нь эрдэм ном, их дээд сургууль гээд нутгаа орхиод явчихдаг. Хэдэн харчуул л энд даналзаад л явж байна шүү дээ” гэлээ. Л.Энхбаяр гуай галаа ихдүүлчихэж, тараг нь дэвэрлээ. Д.Батмөнх гуай “Алив тогоогоо тэгшил. Дээрээс нь жаахан авъя” гэсээр ухасхийн босч хувин ойртуулав. Л.Энхбаяр гуай “Өнөө халхын буянд тогоо дүүрлээ гэдэг юм боллоо доо” гэж инээлээ. Дээр үед нэг хятад монгол айлаас сүү аваад гэртээ аваачаад буцалгаж л дээ. Сүү яаж хөөрүүлдгийг мэдэхгүй болохоор ширүүн галаар буцалгатал сүү нь хөөрөөд дэвэрч. Хятад ч баярлаад “Халхын буянд тогоо дүүрлээ” гээд баярлатал гал нь буурсны дараа сүү нь юун тогоо дүүрэх манатай, тогооны ёроолоор л юм үлджээ. Энэ хууч яриаг гэрийн эзэгтэй тэрхэн зуурт бидэнд ярьж сонирхуулав. Л.Энхбаяр гуайн хамаатны арван настай хүү эднийд хоёр хоногийн өмнө иржээ. Өөрөө моринд их дуртай, морь унаж сурна гээд хөдөө гарчихаад байгаа нь энэ гэнэ. “Энэ хүүг морь унуулж сургах гэж байгаа юм. Дараа жилээс манай хурдан морийг унах хүүхэд. Одооноос хөдөөтэй танилцаж, морь малтай ойр байх гэж байгаа юм. Бие хаа нь жижигхэн, хөнгөхөн. Энэ нэлээд хэдэн жил уначихна шүү” гэж танилцууллаа.
Л.Энхбаяр гуай тогоон дахь цагаагаа зөөлөн самарна. Д.Батмөнх гуай хоймортоо урьдын адил суугаад ойр зуурын юм хуучилна. Гадаа хүү, хүргэн хоёр нь хашаа хороогоо бэхэлж, шонг нь суулгаж байгаа чимээ дуулдана.
Өнөө жил нэлээд гандуу байгаа болохоор мал орой тарга авах шинжтэй байгаа аж. Хэдий хурын улирал дуусчихсан ч одоо байна уу, долдугаар сард байна уу хамаагүй бороо орж л байвал сайхан. Хур бороо ахиухан шиг орвол ногоо ч дөмөгхөн гарчихна. Хэрэв ийм байдлаар үргэлжилбэл зуд гээч нь болох нь уу даа гэж хашир малчин хүйтэн цай залгилангаа өгүүлснээ “Ган болсон газар хүйтэрч, цас их унах гээд байдаг. Тарга сайн авсан мал ямар ч цасан шуургыг давдаг юм. Тарган мал тал бүрийн ашигтай гэдэг чинь тэр. Өлчир мал баргийн шуургыг тоохгүй сөрөөд явчихдаг. Малын хулгай төв газраа их байна л гэдэг. Малчин малаа хариулгагүй орхисноос бүх юм болж байна гэж шүүмжилдэг. Үнэндээ хонь гэдэг мал жаахан хөндийрвөл тасарчих гээд байдаг. Ер нь малд байнгын харуул хамгаалалт хэрэгтэй байдаг юм. Манай энд уяатай үхрийг нь аваад явчихсан тохиолдол хоёр, гурван жилийн өмнө гарч байсан шүү дээ. Тэр малчин өглөөнөөс орой болтол малаа хариулсан л байж таараа. Тэгээд шөнө нь унтахдаа үхрээ уяад унтсан байгаа юм. Тэгтэл тэр үхрийг нь аваад явчихна гэдэг чинь муухай биз” гэлээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Сэргэлэн сумын нутагт тийм хэрэг гарсан гэнэ. Уяатай үхрийг нь тууж аваадявахдаа “Нохойгоо сайжруул, нойроо багасга” гэж толгой холбож бичээд, бүтэн шил архи үлдээгээд гэрээс нь хэдэн зуун метрийн зайд өнөө үхрийг нь нядлаад шир, толгойг нь хаячихсан хэрэг гарсан гэнэ.
Л.Энхбаяр гуай гэрийн зүүнтээ унинаас аарцаа өлгөөд шүүлээ. Гандуу байгаа бас хүн хүч байхгүй болохоор хонь, ямаагаа саахгүй байгаа гэнэ. Харин үнээгээ өглөөд сааж байгаа аж. Хүүхдүүд нь бага, сургууль соёлд байхад зундаа эднийх хоёр гурван зуун хонь холбоод сааль гэж чухам юу болдгийг яруу тодоор харуулдаг байж. Энэ жил долдугаар сарын сүүлээр л гүүгээ барина гэнэ.
Сар шинэ, ёолкийг гэр бүлээрээ өргөн дэлгэр тэмдэглэнэ. Ямар нэг баяр ёслолоор хүүхдүүд нь төвөөс бүгд хүрч ирнэ. Аав, ээжийгээ Улаанбаатар хотод тоглолт үзүүлэхээр тасалбарыг нь аваад ирнэ. Заримдаа албан шахалтаар шахуу хот орж тоглолт үзнэ. Наадмаар нутагтаа л наадамлана. Аймаг, сумынхаа наадмаас хэтрэхгүй. Хүй долоон худагт очдог ч хэний хурдан хүлэг, ямар угшлын адуу давхиж байгааг сайн танихгүй болохоор морины уралдааныг гэрийнхээ зурагтаар үзэх дуртай гэнэ. “Телевизээр чинь сайхан тайлбарлаад өгчихдөг юм” гэлээ. Д.Батмөнх гуай 2009 онд Мянгат малчин болж байжээ. 2012 онд Сумын аварга малчин, өнгөрсөн жил Аймгийн сайн малчны өргөмжлөл хүртсэн байна. Мянгат, сайн малчин гэдгээсээ гадна сумынхаа малчид дундаа настай, тохитойн тоонд орох учир залуу малчид “Отрыг та ахал” гэж хүндэтгэнэ.
Д.Батмөнх гуай ийн ярилаа, отрын талаар. “Сэргэлэнгийн малчин хүүхдүүд байдаг юм. Адуу, хонины бэлчээр таардаггүй юм. Цастайхан жил адуу хонины бэлчээрийг цавчлаад сүйдлээд хаячихдаг. Энд тэнд шороо овоолоод, газар ухаад. Тэгээд дараа нь цас орж шуурахаар өнөө нүхэнд нь цас хунгарлаад хатуурчихна. Бид чинь есдүгээр сарын сүүл аравдугаар сарын эхээр л оторт гарчихна. Мянга гаруй адуу, хоёр, гурван мянган хонь, ямаатай. Хүмүүс үзэхгүй, хөөж туугаад хэцүүхэн л байдаг. Ялангуяа адууг нутагтаа оторлуулах дургүй. Би малчин, адуучин гэдгээрээ дандаа бахархдаг. Адууныхаа захад очихоороо л малчин болсноороо бахархаж, сэтгэл минь хөдөлгөдөг. Адуугаа харах бүртээ баярладаг. Би залуудаа адуугаа ганц ч удаа шуурганд уруудуулж үзээгүй. Харин одоо ганц шөнийн нойр даах уу, үгүй юу л болчихоод байна.Адуу бол маш сайхан амьтан. Энд тэнд, эмнэлэг домнолгоор хэд хоног явж байгаад мал дээрээ ирэхээр сэтгэл сэргээд өнөө өвдөж байсан өвчин эдгэчих шиг болдог” хэмээн чин сэтгэлээсээ өгүүллээ. Хүүхдүүд нь ер нь хагас, бүтэн сайнаар бүгд ирэхийг хичээнэ. Ирж аавдаа, ээждээ, бага дүүдээ тусална. Хашаа босгочихсон юм чинь. Хоёр, гурван удаа бүгд дайраад л хонио ноосолчихно доо гэцгээнэ. Том хүргэн Г.Мандахнаран нь ч бас ажил төрлөө зохицуулаад нааш ирэх дуртай. Гэвч шигшээгийн тамирчин болохоор бидэнд байтугай, авгай хүүхдүүддээ үзэгддэг юм уу гэмээр л байдаг ш дээ гэж Д.Батмөнх гуай өгүүлээд “Том тэмцээний дараа л ирдэг юм. Нэг ирсэн чинь нүд нь булуу болоод чих нь урагдаад, толгойг нь ураад явуулчихсан байсан. Тэмцээн нь шударга болдоггүй юм шиг байна лээ. Хүүгийн минь нүүр нүдийг хэцүү болгоод хаячихсан байсан. Дэлхийн аваргын тэмцээн тийм аймаар болж байгаа юм чинь олимп бол бүр аймаар биз” хэмээн хүргэнээ өрөвдөнгүй хэлээд “Бид хоёр ар гэрт нь нэмэр болохоос биш өөрөөр тусалж чадах биш дээ” гэлээ.
Гаднаас хүү, хүргэн хоёр нь орж ирлээ. Машиных нь нэг юм болохоо байгаад хээр унтарчихаар нь монголчилж янзлаад хүрээд ирчихлээ гэцгээнэ. “Хоёр хонгор урд байна”, “Буурал ус уучихаад л явж байна” гэхчилэн ойр зуурын юм өгүүлнэ. Д.Батмөнх гуай “Уургаа наахсан” гэв.
Зүлэгтэд эднийхийг анх ирэхэд юу л байна тарвага л элбэг байж. Овоолсон шороо болгон л тарваганы дош байсан гэнэ. Нэг жил айхавтар ган болж тэрнээс хойш бараг үзэгдэхээ байсан гэнэ. Авдар хайрхны ам болгоноос нь ус гардаг байж. Сэргэлэн баялагтай ихтэй. Алтны зургаа, долоон уурхай ажилладаг болсноос хойш ихэнх булаг ширгэжээ. Малчдын яриагаар тэдгээр уурхайнууд алт угаана гэхээрээ газрын гүний усыг хэдэн мянган шоогоор татдаг. Тиймээс нутагт нь ган болж, задгай уснуудыг ширгээж байгаа аж. Өнжүүл задгай ус ховор. Д.Батмөнх гуай Сэргэлэнд анх ирээд задгай ус элбэг, хайрхны ам болгоноос булаг ундарч байхыг хараад ихэд гайхаж байсан гэнэ.
Салхи дэгдлээ. Гэрийн хаяагаар шороо тоос бужигналаа. Л.Энхбаяр гуай “Хаяагаа дээрдүүлчихжээ. Шороо орж ирээд авдар сав шороонд дарагдаад хар даа” гэвэл гэрийн эзэн “Хэтэрхий дор байвал бороо орвол ялзарчихна” гэж хариулав. Ээж хайрхны доод адагт Нарийны гол бий. Долоо найман жил тасраад сүүлийн үед жаахан урссан гэнэ. Уг нь дээхнэ үед уг голыг жолооч нар гатлах гэж хоёр гурав хонодог байж. Одоо сайр төдий л юм харагддаг болсонд харамсдаг гэлээ.
Сайн малчин маань бүлээн цай залгилж бидэнд ийн хуучилснаа “Хонь руугаа явъя даа” гэсээр мориндоо мордлоо. Л.Энхбаяр гуай борц гаргаж ирээд том том гэгч нь хэрчээд гоймонтой шөлтэй хоол хийж эхэллээ. Тэнгэр бүрхээд хойноос бараан үүл айсуй. Том, багагүй “Ашгүй борооших нь үү дээ. Жаахан ч болтугай дусчихаасай” хэмээнэ. Салхи улам хүчтэй шуурч, гэрийн хаяагаар шороо тоос орж ирнэ. Хүргэн хүү нь гэр дээрх дэлгэцтэй ааруулыг жийп машиныхаа арын хаалгыг онгойлгоод хийчихлээ. Хүү нь аргалаа хучина. Л.Энхбаяр гуай зээ нарынхаа тоглоом, унадаг дугуйг цуглуулаад гэрийнхээ гадаа хураагаад юмаар хучиж, өрхөө урагшлуулав. Б.Батжаргал орж ирээд “Ээж ээ, цувнууд хаана байгаа вэ. Аавд цув аваачиж өгье” гэлээ. Д.Батмөнх гуай саяхан уламжлалын эмнэлэгт хэвтээд гарсан учир даарч хөрж болохгүй. Хүү нь хоолоо идчихээд аавдаа цув өгөхөөр мотоцикль унаад явчихлаа.
Айхавтар шороогоор шуурч, бороо ганц нэг дусаллаа. Мотоцикльтой хүн айсуй.
Тогооны угаадас долоож байсан том банхар хов, хов гэж тасалдангуй залхуутайяа ёс болгон хуцаж чимээ өгөв. Багийн дарга нь хойноо нэг бондгор хүү сундалчихаж. Мянгатыг асууж, хонин дээр байгаа гэдгийг дуулчихаад цай оочилсноо “Жаахан бороо орох нь уу. Бороо орчихоосой билээ. Болохгүй бол говь руу нүүдэг юм билүү. Говьд бороо хур ороод байгаа гэсэн биз дээ” гэлээ. Багийн дарга гараад явчихлаа. Салхи тавьж, шороо боссоор л бороо орох ч өнгөрөв бололтой.
Л.Энхбаяр гуай “Хэд хоногийн өмнө манай энүүгээр тэрлэг норгох дайны бороо орсон юмсан. Даан ч дараа нь хурц нар гараад хатаачихсан. Ямартай ч хонио ноосолчихоод ногоо цагаатай, мал цадчихаар өвстэй газарт очиж бууна даа” гэлээ. Б.Батжаргал аавдаа цув өгчихөөд иржээ. Үхэр рүүгээ явъя даа гэсээр буцаад явчихав. Гэрийн эзэгтэй хамаатныхаа арван настай хүүтэй үлдэв. Энэ бид хоёр л энэ зун гэрийн мухар сахих байхдаа гэлээ. Хүү том хувинд аргал, хомоол оруулж ирээд дөрвөлжид хийв.
Д.Батмөнх, Л.Энхбаяр нар ахуй үйлчилгээнд цуг ажиллаж, ажил амьдралын гараагаа хамтдаа эхлүүлж байсан найзуудтайгаа одоо ч холбоотой гэнэ. Таван гэр бүлийн найзууд. Гэр бүлээрээ найзална. Саяхан Аглагийн хийд рүү явж газар үзээд ирсэн бол удахгүй Хамарын хийдэд очиж энерги авахаар төлөвлөсөн гэнэ. Жаргал, зовлон ээлжилдэг энэ хорвоод юу ч тохиолдсон дэргэд нь байж тусалдаг сайхан найзуудтай гэдгээрээ бахархдаг гэдгээ хэлж байлаа.
Гэрийн эзэгтэй “Дээр үед чинь анх мал дээр гарахад их л ганган айл байлаа. Алаг эрээн авдар сав, жааз толь, бүрхээр гээд л. Тэр үед архи их нэрдэг байлаа. Өдөржингөө нэрсэн архийг минь манай хүн найзуудтайгаа орж ирээд тойрч суугаад л цай ууж байгаа юм шиг уучихаад л гараад явчихна. Ер нь нэрээд байвал манай хүн уух дуртай болчихож магадгүй гээд нэрэхээ больсон юм. Одоо манай бүрхээр аймгийн төвд амбаарын мухарт л хэвтдэг байх даа” гэлээ.
Ийнхүү Төв аймгийн Сэргэлэн сумын малчин Д.Батмөнхийнд өнжлөө. Орж гарсан хүн бүр л хур бороо хүсч, хэдэн малаа л тарга тэвээргийг нь сайн авахуулчихвал бол оо гэсэн ганцхан зорилготой, зав чөлөөгүй л малаа хуйдаа санаагаа чилээсэн малчин айлын нэг өдрийн амьдралын өнгө төрх ийм байна.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН