Categories
мэдээ нийгэм

Удаан хугацааны эцэст өлзийт сумын засаг даргыг томилов

ЗурагӨнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулиас хойш өнөөг хүртэл Дундговь аймгийн 15 сумаас хоёр сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга батламжлаагүй байсан. Тэрээр энэ сарын 18- ны өдөр захирамж гаргаж Өлзийт сумын Засаг даргыг томилсон байна.

Орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн сумын ИТХ хуульд заасан хугацаанд хуралдаж, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн тогтоол гаргасныг үндэслэн аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг батламжилдаг. Энэ дагуу 13 сумын Засаг даргыг батламжилсан боловч хоёр сумын Засаг даргыг батламжлаагүй үлдээгээд байсан юм.

Үүнийг аймгийн Засаг дарга тайлбарлахдаа, Баянжаргалан сумын хувьд орон нутгийн сонгуультай холбоотой маргаан МАН, АН- ын хооронд үүсч, шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байгаа, Өлзийт сумын хувьд ИТХ нь хуралдаж Засаг даргад нэр дэвшүүлэхгүй байгаа гэдэг хариултыг тухайн үед өгч байсан.
Орон нутгийн сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрсний эцэст ийнхүү Өлзийт сумын Засаг даргыг батламжилсан байна. Өчигдрөөс эхлэн тус сумын Засаг даргаар урьд нь сумын Засаг даргын орлогчийн алба хашин байсан А. Эрдэнэбат ажиллаж эхэлжээ.

Одоо үлдээд буй Баянжаргалан сумын хувьд, орон нутгийн сонгуулийн сурталчилгааг АН хууль зөрчиж хийсэн гэдэг МАН- ын нэхэмжлэл шат шатны шүүхээр дамжиж, эцэст нь дээд шүүхийн шийдвэр гарснаар эцэслэсэн байдалтай байгаа. Тус суманд орон нутгийн сонгуулийг дахин явуулах нөхцөл үүссэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *