ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Шинэ коронавирусийн халдварын тархалт өндөр хэвээр байна. БНХАУ-ын бүх мужид халдвар бүртгэгдсэн. Өвчлөл огцом нэмэгдсэн. Уг вирусын халдвараас илүү цуурхал аюул дагуулж байгаа талаар ДЭМБ мэдэгдсэн. Өчигдөр оройн 09:00 цагаас эхлэн хуурамч мэдээлэл цацаж, иргэдийг айдаст автууллаа” гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Кронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу иргэдэд мэдээллийг өгсөөр байна. Мөн эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу бэлэн байдлыг хангах үүднээс ХӨСҮТ-д 200 ор, Цэргийн төв эмнэлэгт 570 орыг бэлтгэсэн. Хэрэв байдал хүндэрвэл ашиглах хувийн хэвшлийн байгууллагын орны төлөвлөгөөг гаргаж байгаа. ЭМЯ-наас өдөр бүр сэжигтэй тохиолдлуудыг тусгаарласан тоо, шинжилгээний хариуг тогтмол мэдээлэлж байгаа. Ард иргэдийг шинэ коронавирус гарсан газруудаар зорчихгүй байхыг анхааруулж байна” гэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат, “Хуурамч мэдээлэл тарааж байгаа үйлдлээ таслан зогсоохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өчигдөр тарсан худал мэдээлэлтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн Д-г олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байна. Энэ мэт худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хуулийн дагуу хувь хүнийг 2 сая, хуулийн этгээдийн 20 сая төгрөгөөр торгоно. Нөхцөл байдлаас хамааран Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна” гэв.
Ч.ОЧИРРЭНЧИН