Categories
мэдээ цаг-үе

UBS телевизийн найруулагч Б.Жаргалсайхан: А нхны хайрын тухай гоё кино хийх юмсан гэж боддог

“Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама миа”, “Мартагдашгүй намар”,”Содура” зэрэг кинонуудыг үзэгчдийн хүртээл болгосон UBS телевизийн найруулагч Б.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрээр гурван шинэ киногоор үзэгчиддээ бэлэг барихаар болжээ.

-Таныг гурван шинэ кинон дээр ажиллаж байгаа гэж сонслоо. Ямар уран бүтээлчидтэй хамтарсан бэ?

-Энэ зун “Барьцаа 007” гэсэн кино хийлээ. Гурван гол дүртэй бөгөөд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу ах, СТА Д.Баттөмөр гурав гол дүрд нь тоглосон. Энэхүү инээдмийн кино маань удахгүй нээлтээ хийнэ. Мөн өнгөрсөн долдугаар сард “Мөрөөдлийн театр”-ынхантай хамтарч “Одод болох хүслэн” нэртэй кинонд ажиллалаа. Энэхүү кинонд 1990-ээд оноос хойш “Одод болохын хүслэн”, “Ирээдүйн одод”, “Оддын эрэлд” гээд шоунуудад оролцож буй хамтлагийн тухай өгүүлдэг. Түүнчлэн өнгөрсөн жил МУГЖ Одончимэг, Т.Бархүү нартай хамтран Хөх хотод хийгдсэн “Алтан өндөг” гэх кинонд найруулагчаар ажилласан. Тун удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм билээ.

-СУИС-ийн жүжигчний ангид сурч байсан гэсэн. Яагаад кино найруулагч болохоор шийдсэн бэ?

-Цэцэрлэг, арван жил, их сургууль хамт төгссөн найз минь кино найруулагч А.Миеэгомбо маань юм. Бид хоёр кинонд үнэхээр дуртай хүүхдүүд байлаа. Найз минь надад кино их авчирч өгнө, үзсэн кинондоо шимтээд л хоорондоо их ярьдаг байсан. Түүнээсээ улбаалж ийм кино хийвэл гоё, тийм байвал гоё гээд л төсөөлдөг. Тэр нь эргээд бид хоёрыг кино урлаг руу татах хөтөч болсон гэж боддог. Хэдий жүжигчний анги төгссөн ч кино найруулагч чиглэлээр уран бүтээл туурвих сонирхолтой байсан учраас бид хоёр хоёулаа найруулагч хийж байна.

-“Содура” киног ОХУ болон БНХАУ-д гаргах гэж байгаа гэсэн үү?

-Энэ киног анх хийхдээ л гадагшаа гаргаж үзүүлэх зорилготой байсан. Монголын онгон дагшин байгаль, цаатангуудын амьдралыг таниулахыг зорьсон. Одоогоор ОХУ, БНХАУ-д “Содура” киногоо гаргахаар болсон байна. Нэг өдөр биднийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, UBS телевизийн захирал Л.Балхжав өрөөндөө дуудан “Бүгдээрээ мюзикл болоод залуусын тухай өгүүлсэн кинонууд хийлээ. Одоо арай том сэдвийн хүрээнд уран бүтээл хийе. Цаатангуудын амьдралыг харуулсан кино хийцгээе, энэ талаар судалж үзье” гэсэн. Ингээд л анх таван хүний бүрэлдэхүүнтэй Хөвсгөлийг зорьсон. Бид Мөрөнгөөс цаашаа 300 км пургоноор яваад Цагааннуур суманд очсон. Хамгийн арын сум шүү дээ. Тэндээсээ гурван цаг гаруй морьтой явсаар цаатангууд дээр очсон. Байгаль нь үнэхээр биширмээр үлгэрийн орон л гэсэн үг. Судалгаа хийж байх явцдаа тайга болоод, цаатангуудын амьдралыг дөрвөн улирлаар харуулъя гэж шийдсэн дээ. Биднийг угтсан аж амьдрал, тэр өөр ертөнцийг кинонд үлдээнэ гэдэг үнэхээр хүнд байсан. Нэг талдаа 1200 км зам туулж техник хэрэгсэлээ аваачин, 130-аад хүний бүрэлдэхүүнтэй ажиллана гэдэг бол амархан зүйл байгаагүй. Их л эмээж байлаа. Уран бүтээл ганц хүний хүчээр хэзээ ч босдоггүй. Уран бүтээлчид, тэр дундаа туслахуудын нуруун дээр ажил урагшилдаг. Түүнчлэн биднийг кино зураг авалттай байх үед телевизийн хамт олон үлдсэн бүх ажлыг минь нугалж байлаа. Тиймээс UBS телевизийн хүчирхэг хамт олны хүчээр энэ сайхан уран бүтээл бий болж чадсан шүү гэж хэлмээр байна.

-Кинонд цаатангуудын амьдралын хэв маягийг харуулахаас гадна, цус ойртолтын талаарх асуудлыг хөнддөг. Цаатангууд энэ талаар ямар үзэл бодолтой байдаг вэ?

-Цаатан гэдэг бол их өөр ертөнц гэж би дээр хэлсэн. Хүмүүс нь маш дуугүй хүмүүс. Ямарваа нэгэн асуудлыг отгоороо ярилцаж шийдвэрээ гаргадаг. Кинон дээр гардагчлан баруун зүүн тайга гэж бий. Энэ хоёр тайга нь нийлээд л 52 айл буюу 310-аад цаатангуудтай. Цус ойртолтын асуудал цаатангуудын хувьд маш эмзэг сэдэв. Бид баруун тайгын Наягаа гэж хөгшинтэй уулзаж байхад “20 жилийн дараа гэхэд цаа хариулсан цаатангууд байхгүй болох вий дээ, би их айж байна” гэж уйлж байсан. Цаатангуудаас гадна цаа буга нь цус ойртож байгаа юм билээ. Бас зарим цаатангууд нь дархадуудтай ураг барилдах тохиолдол байдаг.

-Найруулагч хүний хувьд санаандаа тултал хийх юмсан гэсэн сэдэв байдаг байх. Ямар кино хийхийг хүсдэг вэ?

-Анхны хайрын тухай үнэхээр гоё кино хийх юмсан гэж боддог. Мэдээж “Ромео, Жульетта”, “Би чамд хайртай” гээд олон сайхан хайрын тухай бүтээлүүд байдаг л даа. Гэхдээ анхны хайр бол мөнхийн сэдэв шүү дээ. Түүнийг өөрийнхөө өнцгөөр илэрхийлэхийг хүсдэг. Хүн болгон л анхны хайртай учирсан байдаг. Яаж хийвэл гоё байх вэ гэж их бодож байна.

-Найруулагч жүжигчдэд хатуу шаардлага тавьж, зандарч байгаа харагддаг. Энэ тал дээр та яаж ханддаг вэ?

-Би ажлаа уур бухимдлаар хийхийг хүсдэггүй. Аль болох уран бүтээлчидтэйгээ ойлголцож стрессгүй л ажиллахыг эрхэмлэдэг. Ер нь ихэнх найруулагч уцаарлахаа түрүүнд бариад байх шиг ажиглагддаг. Ийм байдлаас болоод уран бүтээлчидтэйгээ хөндий болох ч тал гарна. Ер нь бүгд л дуртай мэргэжлээрээ ажиллаж байгаа учраас хүнд төвөг удахгүй л ажлаа хийгээд сурчих хэрэгтэй. Анх найруулагч хийгээд туршлагагүй байх үедээ өөрөө ойлгочихоод байгаа хэрнээ хүнд илэрхийлж чаддаггүй байсан. Харин нийгэмд гэрэл гэгээ болж чадахуйц уран бүтээл хийхийг зорьсон “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл найруулагч хүний хувьд надад маш их туршлага хуримтлуулсан сайхан уран бүтээл болсон. Олон сайхан залуустай хамтарч ажилласан шүү. Хэдий мэргэжлийн жүжигчид биш ч бид яах уу одоо яавал дээр вэ гээд л их оролдлого сайтай хамт олон байсан. Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай тоглосон болохоор хүүхдүүдэд лекц уншдаг байлаа. Эргээд харахад их сайхан байдаг юм. Энэ бүхнээс бага багаар туршлага хуримтлуулж одоо ямар зүйл жүжигчнээс шаардаж байгаагаа тодорхой илэрхийлчихдэг учраас хүндрэл гарах нь бага байдаг.

-Та ямар найруулагчийн уран бүтээлийг шимтэн үзэж уран бүтээлдээ тусгахыг хичээдэг вэ?

-Манай дээр үеийн найруулагчдын кино үнэхээр гайхалтай. Мундаг ч сургууль төгсч ирсэн авьяаслаг хүмүүс байсан. Үзэгчид хуучны Монгол кинонуудыг хэд ч үзсэн уйддаггүй, үзэх дуртай байдаг шалтгаан нь тэр хүмүүсийн ур ухаан агуу байгаад байгаа юм. “Монгол кино үйлдвэр” гэж том айл байлаа. Уран бүтээлчид нь улсаас кино хийх даалгавраа авч явдаг байсан гэхээр маш сайн хийхээс ч өөр арга байхгүй шүү дээ. Техник технологи муу байсан хэдий ч тийм чанартай уран бүтээл хийнэ гэдэг нөр их хөдөлмөр, мэдрэмж байгаа юм. Миний хувьд Х.Дамдин найруулагчийн “Амьдралын нахиа” гэдэг кино үнэхээр хүний зүрхэнд хүрч чадсан гэж хэлнэ. Тэр кинонд Ардын жүжигчин Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Д.Сосорбарам тоглодог. Би багадаа үзэж байсан болоод ч тэрүү маш их юм бодогдуулж байсан. Их хүнд кино л доо. Архичин нөхөр нь эхнэрийнхээ хацар дээр тамхины галаа унтраагаад л “Чи ямар шазруун хүүхэн бэ” гээд зодоод л, үр хүүхдээ зовоож байгаа тэр дүрслэл зүрхэнд орж байлаа. Миний аав архи амсаж үзээгүй хүн. Тийм болоод ч тэр үү ийм амьдрал бас байдаг юм байх даа, хэрвээ миний аав ийм үйлдэл гаргадаг бол яана гэсэн бодол төрж байсан. Тэр үеийн уран бүтээлүүд хүнд ямар нэгэн зүйлийг ухааруулж байдаг. Би сонгодог бүтээлүүд л гэж хэлнэ. Гадны кинонуудаас “Хөхөөний үүрэн дээрх нислэг”, “Сүүлчийн эзэн хаан”, “Аз шүглэсэн байшин” кинонуудыг үзээд л дүр сонголт, холбоосуудыг нь ажиглаад биширдэг юм. Кино хиймээр санагдтал сэдэл өгч чаддаг бүтээлүүд. Эдгээр уран бүтээлүүд л намайг кино урлаг руу улам татсан.

-Зун хүмүүс амарч, зугаалдаг бол уран бүтээлчид шинэ киноны ажилдаа ордог. Намар болоход маш олон кино нээлтээ хийдэг. Энэ талаар таны бодол…

-Манайхан ихэвчлэн зун кино зураг авалт хийгээд байх шиг ажиглагддаг. Гэхдээ улирал бүхэн өөрийн өнгө аясыг илэрхийлнэ. Үнэхээр гоё гал ассан шаргал намар, цан хүүрэг савссан өвлийн улирал бүгд л сайхан. Одоо маш их кино үйлдвэрлэдэг болсон байна. Миний бодлоор хийгдэж байгаа кинонуудад хэлэх гээд байгаа санаа нь огт ойлгомжгүй байна уу гэж ажиглагддаг. Энэ нь зохиол дутуутай холбоотой. Уран бүтээлчид ярилцаад зохиолоо сайн гаргаад ирвэл киногоо хийчихлээ л гэж ойлгож болно. Би зохиолоо маш сайн ярилцаж жин тан болгодог. Үг текст болгон дээрээ юуг илэрхийлэхээ бодож байдаг юм. Гэхдээ сайн ч бай, муу ч бай үйлдвэрлэж байна гэдэг чинь л өөрөө хөгжил. Ямартай ч кино урлаг урагшилсаар л байна. Мэдээж алдаа оноо байгаа ч уран бүтээлчид маань үүнийгээ дэнсэлдэг байлгүй дээ. Анх 1990-ээд онд кино урлаг зогсож байсан гэж хэлж болно. Тэр үед цөөхөн хэдэн уран бүтээлч видео хальсаар ч гэсэн кино хийж хөдөлмөрлөсний дүнд тасрах гэж байгаа амийг залгуулж байсан. Энэ хүмүүст талархахгүй байхын аргагүй.

-Жүжигчин Өөскөө, Анхням, Батаа та хэд оюутан цагийн нэг ангийнхан гэсэн. Одоо бүгд олонд танигдсан чаварлаг уран бүтээлчид болжээ?

-Бид нар 1998 онд СУИС-ын жүжигчний ангид Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багшийн удирдлаган дор элсэн орж байлаа. Ангийн найзууд маань бүгд сайн жүжигчид болсон байна. Бид ч оюутан насандаа их л хөгжөөнтэй байсан. Нэг түүх ярихад бид жүжгийн хэсгээс тоглож шалгалтаа өгдөг байлаа. Түүнийгээ ажил гэж нэрлэдэг байв. Нэг удаагийн шалгалтын ажил дээр аавтайгаа хаданд амьдардаг охинд нэгэн залуу дурлаж байгаа талаар гардаг юм. Аавд нь Өөскөө, охинд нь Анхням, дурлалт залууд нь би тоглохоор болов. Аав нь намайг охинтой нь уулзаж байгааг мэдээд хороохоор болдог юм. Хороохын тулд эхлээд шуудайтай юм дээрээс унагаагаад буудах ёстой байв. Бэлтгэл дээр Өөскөө хажуу дахь олсоо татаад л шуудайтай юм нь унаад болоод байлаа. Яг шалгалт эхлээд л аав нь намайг хороохоор шуудайтай юм аа унагаах гэтэл өнөөх нь унадаггүй. За одоо өнгөрч гээд л аргалаад л жүжгээ дуусгалаа. Гэтэл дараагийн өөр хүүхдүүдийн ажил дээр өнөөх шуудайтай юм нь унасан хөгтэй явдал болж билээ. Бас биднийг оюутан байх үед 80 төгрөгөөр гөөхий, 150 төгрөгөөр бэлэн гоймон авсан нь хамгийн сайхан хооллож байгаа хүнд тооцогддог байв. Тиймээс мөнгөгүй үедээ хуруудаж байгаад л дийлдсэн нь хүмүүсээс 10, 20 төгрөг гуйж гөөхий, бэлэн гоймонгийн мөнгө цуглуулдаг байлаа. Цонхон дээр хүн бүрийн нэр нь бичээстэй чанамалны шилтэй, тэр шилэндээ гоймонгоо найруулаад л “За мартацгаая” гээд л гарцгаана. Заримдаа бүр мартаад хуурга болгочихсон тохиолдол ч бий.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Миний гэргийг Б.Баясалмаа гэдэг. Ж.Тэмүүлэн гэж 10 настай хөөрхөн хүүтэй. Ханьтайгаа нийлээд арван нэгэн жил болж байна. Энэ хугацааны тэн хагаст нь хамт байсан болов уу. Учир нь кино, баримтат кино, нэвтрүүлгийн зураг авалт гээд л ихэнхдээ олон хоногоор явах болдог. Анхнаасаа намайг хамгийн их ойлгож, миний ар талыг бат дааж явдаг ханьдаа маш их баярлаж явдаг. Хүн болгон ийм байдаггүй шүү дээ. Нэг зүйлийн тухайд ярихад, би аав болоод удаагүй байсан юм. Хүү маань дөнгөж төрчихөөд өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн байлаа. Тэр үед нэг студид ажилладаг байсан юм. Гэтэл яг хүүхэд маань өвдчихсөн хэцүү үед намайг хулгайд сэрддэг юм байна. Тэр орой хүн гэдэг чинь яасан муухай байдаг юм бэ дээ гэж бодоод эмнэлгийн гадаа уйлж сууж билээ.

Гэхдээ хүн итгэх хүнээ зөв сонгох хэрэгтэй юм байна гэдгийг л сайтар ойлгуулж сургамж болсон. Бүх зүйлийг эхнээс нь эхлэх гээд хичээж байгаа залуус үүнийг анхаарах хэрэгтэй шүү.

А.ТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *