Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Төгөлдөр: Сумо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд 23 улсын тамирчид оролцоно

Монгол Улсад анх удаа сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэ тэмцээний талаар Монголын сумо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Төгөлдөрөөс тодруулллаа.

-Сумо бөхийн дэлхийн аваргын тэмцээн долдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын төв цогцолборт болох гэж байна. Бэлтгэл ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Одоогоор бэлтгэл ажил 80 хувьтай явагдаж байна. Гаднаас ирж байгаа зочид, тамирчид маань “Чингис” болон “Blue sky” зочид буудлуудад байрлана. Бид тосож авахаас эхлээд хоёр хоногийн турш байрлах бүх л үйл явцын бэлтгэлийг ханган ажиллаж байна.

-Хоёр өдөр үргэлжлэх энэ тэмцээний хөтөлбөр ямар дараалалтай байх вэ?

-Эхний өдөр насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болно. Монгол уламжлалаа дагаад морин цаг буюу 1140 цагт тэмцээн маань эхэлнэ. Харин дараагийн өдөр нь Сумо бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болон Сумо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тус тус болох юм.

-Монголд зохион байгуулагдаж байгаагийн гол онцлог нь юу вэ?

Нэгдүгээрт нь манай улсад анх удаа сумо бөхийн дэлхийн хэмжээний том тэмцээн зохиогдож байна. Ерөнхийдөө спортын төрлүүдээс насанд хүрэгчдийн дэлхийн аварга зохиож байгаа нь бараг анхных болж байна. Оюутны, өсвөр залуу үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд их болдог. Үүнээс ялгаатай нь нэг дор гурван том тэмцээн давхар болох юм.

-Аль, аль улсаас нийт хэчнээн тамирчин оролцохоор болсон бэ?

-Ерөнхийдөө уг тэмцээнд тогтмол 30 гаруй орны тамирчид оролцдог. Харин энэ жилийн хувьд Өмнөд Америкийн холоос ирдэг найман орны тамирчид зардал мөнгөний бэрхшээлийн улмаас ирж чадахгүй болсон. Тиймээс 23 орны 200 орчим тамирчин оролцохоор болоод байна. Манайхаас дөрвөн багийн 24 тамирчин оролцохоор болж, тэмцээнийхээ бэлтгэлийг базааж байна. Ирж чадахгүй орнуудаас Бразилийн баг нэлээд хүчтэй баг байсан хэдий ч алтан медалийн төлөө гол өрсөлдөөн үзүүлдэг Япон, Украин, Гүрж, Болгар, Унгар, Орос, Польш гэсэн орны тамирчид бүгдээрээ ирж байгаа.

-Мэргэжлийн сумо бөхөд барилддаг монгол сумочдоос тэмцээний үеэр ирэх үү?

-Их аваргууд маань сэтгэлээрээ болон эдийн засгаар дэмжиж байгаа. Мэргэжлийн сумочдоос эх орондоо болж байгаа энэхүү тэмцээнд ирж монгол сумочдаа дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. Мөн үзэгчдийн дунд нэгэн эргэлзээтэй асуудал яваад байсан. “Их аваргууд маань барилдах уу?” гэж. Тэгэхээр барилдахгүй. Учир нь энэ дэлхийн аваргын тэмцээн бол манайхны хэлдгээр сонирхогчдын сумо юм.

Б.ЭНХМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *