Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 4-16-ны өдрүүдэд Катарын нийслэл Доха хотод болох билээ. Энэ удаагийн ДАШТ-д олимпийн эрх олгох бөгөөд манай улсаас тивийн АШТ-ээс эрхээ авсан дөрвөн боксчин оролцоно. Тодруулбал, Г. Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар ДАШТ-ийг зорих билээ.
Монголын боксын ертөнцөд өрнөж байгаа бас нэг асуудал бол энэ удаагийн ДАШТ-д У.Мөнх-Эрдэнийг оролцох эрхтэй хэмээн AIBA урилга илгээсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан явдал юм.
Харин өчигдөр Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Э.Бадар-Ууган өөрийн цахим хуудсаараа дамжуулан У.Мөнх-Эрдэнийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр “У.Мөнх-Эрдэнийг дэлхийн боксын холбоо буюу АIBA-аас дэлхийн аваргад оруулж өгөх хүсэлт явуулсан боловч боломжгүй гэдэг хариу ирсэн” хэмээн тайлбарлажээ.
У.Мөнх-Эрдэнийн хувьд яг одоо Эрдэнэт хотод бэлтгэлдээ гарсан байгаа. Учир нь өмнө удаа AIBA-аас түүнийг ДАШТ-д оролцох боломжтой гэсэн тухай олон нийтэд мэдээлсэн. Энэ мэдээлэл Монголын ард түмэнд томоохон хүлээлт үүсгээд байсан ч У.Мөнх-Эрдэнийг дэлхийн аваргад оролцуулахгүй гэснээр Монголын боксын холбоо 2013 онд болж байсан өмнөх түүхээ давтав.