Categories
мэдээ цаг-үе

Ө.Алтантунгалаг: Монгол хүн хог түүж амьдарч байгаад тэд үнэхээр эмзэглэж, сэтгэл нь өвддөг

Энэ сарын 20-нд хүүхэд асран хүмүүжүүлэх “Эрдэм төв”-д Өмнөдмонголчууд 18 сая төгрөг хандивласан билээ. Уг хандивыг гардуулан өгсөн “Тэнгэрлэг аян” төрийн бус байгууллагын тэргүүн Ө.Алтантунгалагтай ярилцлаа. Тэрбээр гэр оронгүй иргэдийн тухай ярихдаа “Монгол хүн арай ч ингэж амьдарч болохгүй ээ” хэмээн нулимс дуслуулаад л байх юм билээ.


-“Эрдэм төвд” олгосон 18 сая төгрөгөө хэрхэн цуглуулсан бэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Өмнөдмонголд байгаа хүмүүстэйгээ нийлээд, “Эрдэм төв”-ийн халаалт засвар үйлчилгээ зэрэгт зориулж 18 сая төгрөгийн хандив цуглуулсан. “Эрдэм төв”-тэй хамтраад гурван жил болж байна. Багш нар нь хүүхдүүдээ яг л өөрийнхөө хүүхэд мэт хайрлаж, өсгөн хүмүүжүүлдэг. Нийтдээ 20 гаруй хүүхэдтэй, хүүхдүүд нь мөн төрсөн ах, эгч, дүүс шиг эв найрамдалтай. Үлгэр жишээ гэр бүл шиг сайхан хамт олон болохоор бид туслахдаа дуртай байдаг юм. Гэхдээ өмнө нь бид 10-аад асрамжийн газраар явж үзсэн. Зарим хүүхэд асрах төв хангамж сайтай, зарим тусламжийг голох хэмжээнд хүрсэн юм шиг байна лээ. Өмнө нь урдаас дулаан хувцас оруулж ирж тараахад “Эрдэм төв”-ийнхөн гололгүй авч байсан.

-Танайх зөвхөн монголд хандив тусламжийн үйл ажиллагаа явуулж байгаа юу. Өмнөдмонголд манайх шиг хүүхэд асрах төвүүд бий юу?

-Өмнөдмонголд үйл ажиллагаа ер явуулаагүй. Бараг шаардлага байхгүй. Асрамжийн газар байдаг ч хүүхэд байхгүй. Харин “Эрээн”-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэг асрамжийн газар байдаг. Өнчин тусламж хэрэгтэй хүүхэд “Эрээн” хотын хэмжээнд ганцхан бий. Тэр хүүхдэд маш олон байгууллага тусалдаг.

-Өнчин өрөөсөн хүүхдүүдийг хэн харж ханддаг юм бол?

-Ах дүүс нь аваад өсгөчихдөг юм шиг байна лээ.

-Та Улаанбаатарт анх 1992 онд ирсэн юм билээ. Анх ирэхэд ямар санагдаж байв?

-Би өөрөө сэтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлээрээ нэг л жил ажилласан. 1992 онд орчуулагч, бараа бүтээгдэхүүн зарахад жуулчлагч хийхээр орж ирсэн. Тэр үед Монголд бараа материал гэж ховор. Дэлгүүрийн лангуунууд хоосон байлаа. Гэхдээ хүмүүс нь их соёлтой байсан санагдаж байна. Тэр үед ч Монгол хүн гэдэг бол Өмнөдмонголчуудын зүрхнийх нь төв байсан. Багаасаа халхад ирэхийг хүсч мөрөөддөг байв. Анх ирэхэд маш гоё санагдсан, хамгийн эхлээд Сүхбаатарын талбай дээр очоод л мөргөж байлаа. Одоогийнхоос нэлээд өөр байсан шүү. Ямар ч байсан хүмүүс ил задгай ер хог хаядаггүй байлаа. Одоо болохоор хаа, хамаагүй хогоо хаячихдаг болчихсон байна. Арван жил Украинд амьдарчихаад, цаашид хаана хүүхдээ хүмүүжүүлж, сургах вэ гэж нөхөртэйгээ ярилцаад Монголд суурьшихаар шийдсэн юм. Хятадын 10 жилийн сургалт хэт хатуу, хүүхдийг автомат сурдаг хэрэгсэл шиг сургадаг болохоор Хятад яваагүй. Харин Монголд арай тааваараа сурах боломжтой, хүүхдийн хүмүүжилд анхаардаг, агаар салхинд гараад сайхан байдаг юм. Миний нөхөр Украин хүн. Бид Монголд танилцсан.

-Монголд арван жил амьдраад, буцаж явчихаад арван жилийн дараа ирэхэд Улаанбаатар ямар болсон байна?

-Маш өөр болсон байна. Хүн их, түгжрэл, утаа их, том том байшин барилга олон болжээ. Мөн иргэдийн амьжиргааны төвшин хэт ялгаатай. Нэг талдаа хөгжсөн мэт харагдаж байгаа боловч нэг хэсэг нь орхигдож, амьдралын түвшний ялгаа асар их болсон байна. Монголчуудын амьдрал уруудсан байна гэж хэлэх гээд байгаа юм. Тиймээс орхигдсон хэсэг рүү нь бие сэтгэл нүдний харц татагдаад, арай ч монголчууд ингэж амьдарч боломгүй санагдаад, захын хорооллын айлуудаар явж үзсэн.

-Яваад орохоор айлууд хэрхэн хандаж байв?

-Зарим нь зөвөөр ойлгодог ч зарим нь ойлгохгүй байсан. Тиймээс хорооны нийгмийн ажилтнуудад нь хандаад, судалгаатай нь танилцсан чинь орох орон, идэх хоолгүй гэр бүлүүд маш олон байсан. Сонгинохайрхан дүүргийн хоёр айл гэхэд олон нялх хүүхэдтэй, гэр нь энд тэндээ цоорчихсон, идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, тэр амьдарч байгаа гэр нь айлынх. Өвлийн хүйтэнд айл нь гэрээ авчих гээд байдаг. Тэгээд л шууд Өмнөдмонголчууддаа хандсан. Ийм айл байна, гэр авч өгөх хэрэгтэй байна гэж байгаа юм. Өмнөдмонголчууд монгол гэрт амьдардаг ч арай тийм ноорхой гэртэй айл гэж байдаггүй болохоор ихэд гайхацгааж, төр засаг нь юу хийдэг юм бэ гэж байсан. Ийм айл олон болохоор, дүүрэг хорооноос дэмжээд ч дийлдэггүй юм шиг байна лээ. Ингээд “Тэнгэрлэг аян” төрийн бус байгууллагаа байгуулаад, энэ хоёр айлыг гэртэй болгож, үйл ажиллагаагаа эхэлж байсан.

-Өмнөдмонголчуудын амьдрал хэр байгаа вэ. “Тэнгэрлэг монгол” аянд ямар хүмүүс нь хандив өгч байна?

-Манай аянд нэгдсэн хүмүүс бүгдээрээ борчууд, эмч, багш, энгийн иргэд, хар ажилчид ч байгаа. Тэд сарын цалингаасаа бага, багахан мөнгийг монголчуудад зориулж тогтмол хуримтлуулаад, төрийн бус байгууллагынхаа дансанд байршуулаад, тусладаг. Борчууд нь борчууддаа л тусалж байгаа юм. Монгол хүн хог түүж амьдарч байгаад тэд үнэхээр эмзэглэж, сэтгэл нь өвддөг. Өмнөдмонголд тохижилт үйлчилгээнд ажилладаг цөөхөн тооны өмнөд монгол хүн байдаг ч хог түүж амьдардаг хүн гэж байхгүй. Аав, ээж ах эгчийгээ тохижилт үйлчилгээний компанид ажиллуулвал нэгнийгээ загнана, монгол хүн хэзээ байтлаа хог цэвэрлэж амьдарч байсан юм. Яагаад тийм ажил хийлгэж байгаа юм гэдэг.

-Та хаана төрж өссөн хүн бэ?

-Сүхбаатар аймгийн цаахан талд байх Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуу, Алтан хил суманд төрж өссөн, би хөдөөний хүүхэд. Аав минь монголчуудад зориулж эмнэлэг барьсан, хоёр ч эмнэлгийг Өмнөдмонголд босгосон Өргөн гэж сайн эмч хүн байлаа. Бага байхаасаа бид монголчуудыг хайрлан, шүтдэг, халхуудыг маш өндрөөр үнэлж өссөн. Халхад очоод, Улаанбаатарыг үзчих юмсан, Сүхбаатарын талбай дээр ганц оччих юмсан гэж ярьцгаана. Монголоос хийсч ирсэн чихрийн цаасыг ч хайрлан, нандигнаж, хадгална. Сүхбаатарын талбай дээр гуталтайгаа гишгэвэл муухай болгочих байх гэж бодно. Монгол хүн бол бидний цус махны минь тасархай гэж мэдрэгдэнэ, монгол наадам үзэх сайхан, энэ тухай ярихаар уйлчих гээд байдаг юм.

-Таны төрж өссөн сум мал аж ахуйтай юу. Хэрхэн аж төрцгөөж байна вэ?

-Газар тариалан эрхэлдэг аймгууд бий. Гэхдээ Шилийн гол, Хөлөн буйр бол мал аж ахуй дагнасан байдаг. Өмнө нь мянгат малчид гэж олон, айлд идэш өгөхдөө хэд, арваар нь тасалж тууж өгдөг байсан. Сүүлийн үед төрийн шийдвэрээр суурин мал аж ахуйтай болчихсон байна лээ. Айл бүр өөрийн эзэмшлийн газар, торон хашаатай. Айлууд хэдэн малтай байхыг нь заачихсан. Жишээлбэл, нэг айлын малын тоо 100-гаас илүү гарвал торгуультай гэх мэтчилэн дүрэмтэй юм билээ. Өмнөдмонголын нэг хошуу гэдэг бол монголоор нэг аймаг гэсэн үг. Гэтэл хошуунд сургууль гэж байхгүй болсон, бүх сургуулийг татан буулгаад, зөвхөн төвдөө сургадаг болсон. Залуучууд, гоё байртай, том, том машин унаад явдаг боловч бүгд зээлтэй. Зээлнээс болоод амиа хорлох тохиолдол ч гарсан байна лээ. Гэхдээ Монголтой харьцуулахад амьдралын түвшин жигд боломжийн байдаг.

-Монголчууд та нарын туслах юмсан гэсэн сэтгэл, урмыг хугалах тохиолдол гарч байна уу?

-Бидний дунд хилийн зааг гэдэг том хана, хэрэм босчихсон. Төрсөн ах дүү хоёр 70 жил өөр, өөр газар амьдарчихаар чинь ойлголцохгүй зүйл гарна. Хэрэм хананы хоёр талд нь байгаа учраас бие, биенээ гомдоох үе байна шүү дээ. Гэхдээ ирээдүйд, бидний хүүхэд, хүүхдүүдийн хүүхдүүдийн үед бие биенээ илүү ойлгодог болох байх. Тийм зүйлийн эхлэлийг бид тавих учиртай.

-Өмнөдмонголчууд ямар дуу, хуур сонсож байна?

-Монгол хувцас их өмсөнө. Зохиолын дуунд илүү дуртай. С.Жавхланд их хайртай байдаг юм. Би ч бас хайртай. С.Жавхлан зөв бодолтой. Монголчууд яагаад монгол хувцсаа өмсдөггүй юм бол гэж бид их гайхдаг. Монголын мэдээ үзнэ, улстөр сонирхоно. Монгол тулгатны зуун эрхэм, Авьяаслаг монголчууд гээд гоё, гоё нэвтрүүлгүүдийг бүгдийг нь үздэг. Х.Баттулга Ерөнхийлөгч болсон юм чинь монголчуудынхаа амьдрал, амьжиргааг сайжруулах байх гэж Өмнөдмонголчууд итгэж байгаа юм билээ.

-Сайн дурын хандив өгөхөөр явахад манайхан яаж хүлээж авч байна вэ?

-Албан газруудаар орохоор та нарын цаад зорилго чинь юу юм. Үргэлж тусална гэж байхгүй. Газар авах гэж байгаа юм уу. Ямар ашиг харж байна. Барилга барих гээд байна уу гэдэг. Үнэндээ бидний цаад зорилго бол ахан дүүсийнхээ дунд үүссэн, сэтгэлийн хана хэрмийг л нураах шүү дээ. Цагаанчулуутын хогийн цэг орохоос айдаг болоод байгаа. Атаманууд нь хужаа нарын хоолыг идэхгүй хэмээн зодох гэж дайрч байсан.

-Өмнөдмонголчууд монголд ирж ажиллая, суръя гэхэд хэр саадтай байдаг вэ?

-Байнгын оршин суух эрхийг компанийн захиралд л олгодог юм билээ. Тиймээс хятадуудад ийм виз илүү олгогддог гэсэн. Өмнөдмонголчуудын визний асуудал маш хүнд байгаа.

-Танай төрийн бус байгууллагын цаашдын зорилго юу байна?

-Одоогоор бид орон гэргүйчүүдэд тогтмол хоол хийж өгч, дулаан хувцасладаг. Цаашид орон гэргүй хүмүүсийг үнэгүй усанд оруулчихдаг, хувцсыг угааж өгөөд, харуулын ажилд ч болсон оруулчихдаг болчих юмсан гэсэн бодолтой байгаа. Халхууд маань Өмнөдмонголчуудын энэ их сайхан цайлган сэтгэлийг битгий хөсөрдүүлээсэй гэж бодож байна.


5 replies on “Ө.Алтантунгалаг: Монгол хүн хог түүж амьдарч байгаад тэд үнэхээр эмзэглэж, сэтгэл нь өвддөг”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *