Categories
мэдээ цаг-үе

Тяньжинд болсон дэлбэрэлт Си Жиньпиний эсрэг ажиллагаа байсан уу?

Өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдөр Хятадын Тяньжин хотын Биньхай дүүрэгт байрлах агуулахад дэлбэрэлт болсны улмаас 146 хүн амь үрэгдэж, 700-гаад хүн гэмтэж, 26 хүн сураггүй болоод байгаа. Нас барагсдын 86 нь гал сөнөөгч байжээ. Түүнээс гадна зургаан мянга гаруй хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүй болсон. Хэрэг явдал болсны дараахан химийн хортой бодис тээвэрлэж хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ruihai Logistics” компанийн агуулахад байдаг бодис дэлбэрсэн болохыг тогтоосон юм. Үүний улмаас Тяньжин хотын агаар дахь цианит натрийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ 356 дахин нэмэгдсэн тухай CNN мэдээлсэн. Харин чухам юуны улмаас дэлбэрэлт болсныг одоо болтол тогтоогоогүй байгаа. Интернэтэд энэ талаар янз бүрийн мэдээлэл тавигдсан тул Хятадын эрх баригчид 50 веб хуудсыг хаасан юм. Хилийн чанадад хятад хэлээр гардаг хэвлэлүүдэд Тяньжиний хэрэг явдлын талаар нэлээд бичсэн. “Ruihai Logistics” компанийн агуулахыг өнгөрсөн жил барьж ашиглалтад оруулжээ. Тус барилга орон сууцны байшингууд болон хурдны замтай ойрхон барьсан нь аюулгүй байдлыг хангах дүрмийг зөрчсөн гэдгийг дурджээ. Түүнээс гадна хэргийн газар ажилласан гал сөнөөгчид химийн бодис шатаж байхад усаар унтраасан байна. Энэ нь галыг унтраах бус улам өдөөдөг аюултай гэнэ. Дэлбэрэлт болсны дараа “Ruihai Logistics” компанийн захирал Чи Фэн гэгч нь эмнэлэгт эмчлүүлэхдээ цагдаагийн хамгаалалтад байсан. Түүнээс утсаар ярилцлага авах гэхэд ухаангүй байгаа тул боломжгүй гэсэн тайлбар өгчээ. Тэрээр Тяньжин хотын галын аюулгүй байдлыг хариуцсан орлогч даргын хүү юм байна.

Харин “Bowen Press” сонинд бичсэнээр дэлбэрэлтийг санаатайгаар зохион байгуулжээ. Харанхуй болсон хойно ачааны машин агуулахын үүдэнд очиж зогссон тухай гэрчүүд мэдүүлсэн. Ингээд жижүүрүүдийг явснаас 10 минутын дараа дэлбэрэлт болжээ. Энэ бүхнийг Хятадын улстөрчдийн эрх мэдлийн төлөөх тэмцэлтэй холбон тайлбарлаж байгаа юм. “The Epoch Times” сонинд үүнийг БНХАУ-ын дарга Си Жиньпиний эсрэг ажиллагаа хэмээн бичсэн юм. Хятадын Коммунист намын удирдлага жил бүрийн наймдугаар сарын эхээр Бэйдайхэ хотод очиж хуралддаг уламжлалтай. Тэд буцах замдаа Тяньжин хотоор заавал дайрдаг аж. Гэтэл дэлбэрэлт яг энэ үеэр болсон. Харин Коммунист намын удирдагчид энэ удаад яагаад ч юм Тяньжинаар дайраагүй. Чухам яагаад тэдний аяллын маршрутыг өөрчилсөн нь мөн л тодорхойгүй. Хятадын эрх баригчид Бэйдайхэд уулзахаасаа өмнөхөн намдаа дахин цэвэрлэгээ хийж Хэбэй мужийн Коммунист намын хорооны даргыг ажлаас нь халсан байна. Энэ жилийн намын удирдагчдын уулзалтаар хээл хахуультай тэмцэх асуудлыг онцгойлон авч хэлэлцсэн гэдэг.

Хахуультай тэмцэх хөдөлгөөнийг өрнүүлэх нэрийдлээр Си Жиньпин өөрийн дайснуудаа зайлуулж байгаа хэмээн “The Epoch Times”-д бичсэн. 

Бас нэг зүйлийг онцлон дурдахад Тяньжинд дэлбэрэлт болсноос хоёр хоногийн дараа БНХАУ-ын даргын албыг хашиж байсан Зян Зэминийг хоёр хүүгийнх нь хамт гэрийн хорионд оруулсан юм. Түүний талын хүмүүс Хятадын улс төрд нөлөөтэй хэвээр байгаа. Тиймээс энэ нь БНХАУ-ын даргын ашиг сонирхолд нийцэхгүй байна. Бэйдайхэд болсон уулзалтын өмнөхөн БНХАУ-ын Улсын аюулгүй байдлын асуудал хариуцсан сайдын албыг хашиж байсан Жоу Юнканы хэргийг шүүсэн билээ. Түүнийг Зянь Зэминий хүн гэдэг. Цагдаагийн газраас дэлбэрэлтэд буруутай хэмээн 12 хүнийг баривчлаад байгаа. Харин Зянь Зэминийг гэрийн хорионд оруулсан нь түүний талын хүмүүст сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байгаарай гэсэн дохио болсон гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *