Twitter дээр нэгэнт нийтэлсэн жиргээгээ засаж болдоггүй нь тус платформын онцлог байсан. Тэгвэл компани жиргээгээ засаж болдог үйлдэл нэмэхээр хөгжүүлж байгаа аж.
“Эрэлттэй байгаа уг шинэ үйлдлийг ирэх саруудад туршина” гэж компани мэдэгдлээ. Уг мэдэгдлээс хоногийн өмнө Илон Маск Twitter-ийн 9.2 хувийн хувьцааг худалдан авснаар компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болоод байв.
Тэгвэл Илон Маск Twitter-ийн удирдах зөвлөлийн гишүүн болж байгаа талаар компани албан ёсоор мэдээллээ. Space X, Tesla компаниудыг үүсгэн байгуулсан тэрбумтан Twitter-т жиргээ засаж болдог үйлдэл нэмэх талаар хувьцаа худалдаж авахаасаа өмнө ч ярьж, санал асуулга явуулж байсан.
Илон Маск 2024 он хүртэл Twitter-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах бөгөөд энэ хугацаанд компанийн нийт хувьцаанаас 14.9 хувиас ихгүйг худалдан авч болох гэрээ байгуулжээ.