Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Твиттерчдээс айх шаардлага огт байхгүй

Mонголын твиттерчид төр засгийг удирдах болсоор уджээ. Тэдэнд ёс зүй гэж байдаггүй. Өөрийнхөө нэрээр, зургаа тавиад ил цагаан шүүмж өрнүүлдэг хүн тэдэн дунд үгүй юм. Цахим ертөнцөд нууц нэрээр ноёлох болсон тэд хэн нэгнийг харааж зүхэж, гүтгэж гүжирддэг ч эргээд хариуцлага хүлээх нь үгүй. Ямар сайндаа л “Өдрийн сонин “Ац, суга, дагз гурав Монголын төрийг удирдаж байна” гэж бичихэв. 

Тэд Монголын төрийг яаж удирдан чиглүүлэх болсон жишээг дурдъя.  Цагаан сараар Ерөнхийлөгчийн өмнө зассан тавгийн идээг тэгш тоотой буюу 10 үе өрснийг хараад ард нь суусан Ерөнхийлөгчөөс эхлээд баярт бэлдсэн аж ахуйн албаныхныг газар доогуур ортол муулж байх жишээтэй. Хаа холын Хятад орныг хүртэл оруулж “Урд хөршийн захиалга” гэж сүржигнэсэн нь сайн юманд лав хүргээгүй. Үүний гороор мөрөөрөө ажлаа хийж байсан дөрвөн эмэгтэй тойрохоо зуруулсан. Твиттерчдийн энэ их сүржигнэлээс болж дөрвөн өрх хоногийн хоолноосоо салсан гэсэн үг. Бас боловсролын яаманд мүүний шашинтан байна гэж хэсэг шуугив. Энэ нь бас л сайныг дагуулсангүй. Зүв зүгээр, бусдын адил ажиллаж байсан эмэгтэйг шашин шүтлэгээс нь улбаалаад эгээтэй л ажилгүй болгочихсонгүй. Гэхдээ тэр эмэгтэй жинхэнээсээ мүүний шашинтан байсан эсэхийг хэн ч тогтоогоогүй байдаг юм.

Тэрчлэн нийслэлийн ИТХ-ын 18 хүн Бразил явах болсныг дуулсан твиттерчид баахан харааж зүхнэ билээ. Шүүмжлэл эхлэхтэй зэрэг МАН-ынхан нэрээ татаж, бусад нь явдгаараа явсан. Тухайн үед ИТХ-ын гишүүд явсан ч яваагүй ч зардал нь гардгаараа гарах байсан юм гэсэн. Хөл бөмбөг үзэнгээ туршлага солилцоод ирэх байсан НИТХ-ын төлөөлөгчид цахим ертөнцөөр ийн баалуулснаар төлөвлөгөөт бүх ажил нь тасалдаж байх жишээтэй. Саяхан Засгийн газрыг Хөвсгөлд хуралдуулахаар товлосон нь мөн л шүүмжлэлд өртөж Засгийн газар элдвээр хэлүүллээ. “Тэнд чинь боодог хийж, амардаг болохоос хуралддаг газар биш” гэсэн нь Ерөнхий сайд болоод бусад 18 сайдын зүрхэнд шар ус хуруулав бололтой. Засгийн газар товлосон хугацаагаа хойшлуулж нэг үзээд одоо бараг больж байх шиг байна.  

Хэрвээ жирийн иргэн Ерөнхий сайдыг шүүмжилж “Та төсвөө буруу зарцуулаад байна” гээд хэлчихвэл арай л “аав”нд ачигдахаа шахдаг. Өмнө нь нэгэн хуульч ингэж хэлснээрээ шүүхэд дуудагдаж, цагдаад байцаагдаж багагүй зовох шиг болсон. Харин твиттерчид Ерөнхий сайдын болоод төрд өндөр алба хашдаг эрхмүүдийн толгойг мангас, чөтгөр, зэтгэрийн бие дээр эвлүүлж зүүгээд доор нь төсөв буруу зарцуулснаас ч илүү муухайгаар харааж зүхсэн байхад яадаг ч үгүй. 

Өнөөдөр төрийн жолоог залагсад яалт ч үгүй твиттерчдээс айж байна. Ард түмэндээ хандахаасаа өмнө тэд твиттерчдээс асуудаг болж. Одоо хэвлэлийнхний дунд нэг ийм яриа гараад байгаа юм. “Иргэд төр засагт хандаж үгээ хэлэхээр хэвлэл мэдээллийн газарт ил захидал ч юм уу аваад ирвэл наадхаа твиттерчдэд аваачиж өг гэдэг болсон” гэж. Нэг ёсондоо улстөрчид, Монголын төрийг удирдагсад юм уншихаа больжээ. Сонин шагайхаа байсан тэд зөвхөн твиттерчдийн юу гэхийг анаад сууж байдаг болсон бололтой юм. 

Уг нь тэднээс айх шаардлага огт байхгүй юмсан. Твиттерчид бол хэвлэл мэдээллийн бидний нэг хэсэг нь. Цахим ертөнцөд байнга байх боломжтой цөөн хэдэн хүн үзэл бодлоо илэрхийлж байгаа л хэрэг. Үнэндээ зарим твиттерчид бол хэвлэл мэдээллийнхний  “траншейныхан” юм шүү дээ. 

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *