Баруун талаас Б.Ринчен, гэргий О.Раднаа. Арын эгнээнд Р.Нямаа(Т.Цолмонгийн ээж), охин Т.Булган, Б.Лэгдэн А.Хабаева(Р.Барсболдын гэргий), Р.Шинза. 3 дахь эгнээнд Кара Семрита(Шинзагийн охин), Б.Дэнзэн(Р.Барсболдын хүү), Кара Дёрдин(Шинзагийн хүү).
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…
Соёл урлагийн их сургуулийн төгөлдөр хуурын багш, ардын жүжигчин Тувааны Цолмонтой ярилцлаа.
-Таныг Бямбын Ринчен гуайн зээ охин гэдгийг хүмүүс мэдэх байх. Эндээс яриагаа эхэлбэл ямар вэ?
-Бололгүй яах вэ. Өвөөгөө бодсон ч тэр, аав ээжээ бодсон ч тэр, би сэхээтний гэр бүлд төрсөн хүн. Өвөөг минь хэл шинжлэлийн нэртэй эрдэмтэн, зохиолч гэдгийг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Багад аав ээж гадагшаа ажлаар үе үе явдаг байв. Биднийг өвөө эмээ дээр л орхино шүү дээ. Өвөөгийнх зундаа Жаргалантын сангийн аж ахуйн орчим гардаг байсан. Гэрийн хоймор олбог дэвсчихээд бичгийн машин чанга цохин зохиолоо бичээд сууна. Дэргэд нь бид үймүүлээд, бужигналдаад л байна. Түүнд огтхон ч сатаарахгүй. Тоосон шинжгүй суугаад л байдаг сан. Инээдэмтэй нэг зүйл санаанаас гардаггүй юм. Өвөө зохиолоо бичиж байгаад өдрийн цагаар нэг хажуулдаг. Урт, гоё намирсан цагаан гэзэгтэй хүн шүү дээ. Нэг удаа өвөөг унтаж байхад би үсийг нь шүлсдэж байгаад олон салаа сүлжчихсэн. Зүггүйтэж байгаа минь тэр. Тэгтэл өвөө удсан ч үгүй “Академи дээр хуралтай” гээд яарч тэвдсээр босч ирдэг юм.
-Үсээ олон салаа сүлж- чихсэнийг мэдээд яасан бол?
-Ямар ч байсан муухай харж, уурлаж, загнаагүй юм даг. Ер нь их тайван хүн байсан. Ихэд яарч байсан болохоор бид үснийх нь олон салаа сүлжээг задлах гэж багагүй тэвдсэн санагдана. Зарим нэг сүлжээг нь задалж гүйцээгүй байхад самаар хүчтэй самнаад, дугуй хар малгайгаа дарж өмсөөд гарч билээ. Үс нь хими хийлгүүлсэн юм шиг буржийж долгиотоод, бид шоолж инээлдэн хоцорч байсан минь мартагддаггүй.
-Таныг хэдэн настай байхад өвөө тань бурхан болсон бэ?
-27-той байхад 1977 онд өнгөрсөн. Би чинь Москвад 10 жил хөгжмийн боловсрол эзэмшсэн. Энэ хугацаанд өвөөтэйгөө цөөхөн уулзсан даа. Өвөөг өнгөрөхөд нь Индра эгч дэргэд нь байж асарч байсан юм.
–Өвөөгөө бие нь дор орчихож гэдгийг хэдийнээс мэдэрч байв?
-1975 онд өвөөгийн тухай маш муухай материал сонинд гарч байсан. Хэн гэдэг хүн, ямар зорилгоор юу гэж бичиж байсныг мэдэх нэг нь мэдэх болов уу. Би энэ тухай одоо яриад яахав. “Аав минь сайхан цагийн сэжүүрээс атгаж чадалгүй өнгөрсөнд нь харамсдаг” гэж манай нэртэй палентологич Р.Барсболд ах танай сонинд ярьсныг уншаад “Нээрээ ч тийм дээ” гэж санагдаж байлаа. Өвөө ходоодны хорт хавдраар өнгөрсөн. Ер нь сэтгэл санааны өвчин. Түүнийгээ нууж олон жил явсан. Хэрвээ эртхэн хэлж ярьсан бол тэр дор нь арга хэмжээ авч болох л байсан. Өвдөлтөө сүүлчийн мөч хүртлээ хэлээгүй шүд зууж явсан хүн дээ.
-Танай аавыг “Эрүүлийг хамгаалах яам”-ны сайд байсан Г.Туваан гэдгийг мэдэх хүмүүс цөөнгүй?
-Саяхан аавынхаа 100 насны ойг үр хүүхэд нь тэмдэглэсэн. Аавыг минь маш олон хүн таньдаг юм байна. Монголын ард түмэн мартаагүй юм байна гэдгийг мэдэрлээ. Аавын тухай яривал бас л барагдахгүй. Домог түүх болсон хүн.
-Ээж тань бас эмч хүн байсан?
-Тийм ээ. Р.Нямаа гэж Монголдоо нүдний анхны өндөр боловсролтой эрдэмтэн, ардын эмч хүн байсан. Бямбын Ринчений том охин.
-Ээжийнхээ дүү нартай харилцаа холбоотой байдаг биз дээ?
-Тэгэлгүй яахав. Ээжийн яг доод талын дүү Индра ХААИС-д насаараа багшилсан. Бас л доктор, профессор. Гурав дахь охин нь Шинза. Унгарт амьдарч байгаад хэдэн жилийн өмнө өөд болсон. Хар Дорж гэж нэртэй монголч эрдэмтэн байлаа. Түүний гэр бүлийн хүн байсан юм. Тэгээд бага нь Барсболд ах.
-Таныг өсч торних үед аав тань сайд байсан. Тэгэхээр “Сайдын охин” гэх ойлголттой бага нас чинь хамааралтай байсан нь мэдээж?
-Тэр үнэн. Намайг ухаан орж эхлэхэд л аав минь сайд байсан. Гэхдээ би сайдын охин гэж толгой дээгүүр өсөөгүй. Цаг үе болоод гэр бүлийн хүмүүжил ч өөр байсан. Манайх тийм ч баян цатгалан айл байсангүй. Нүхтэд зуслантай. Зундаа тэнд гарчихна. Засгийн ордны ар талын ягаан байрууд Улаанбаатарт анх баригдсан юм. Намайг төрөхөд манайх тэнд амьдарч байсан. Энэ чинь 1950-иад оны үе юм даа. Тэгээд дараа нь Дөчин мянгатын шинэ байранд орсон.
-Та эхээс хэдүүлээ вэ?
-Гурвуулаа. Том эгч Аминаа МУИС-ийн Гадаад харилцааны сургуульд багшилдаг. Дунд ах маань Баясгалан гэж хүн байсан. Мөн бага дүү Тувааны Булган гэж байна.
-Өргөж авсан юм уу?
-Үгүй ээ. Том эгчийн ууган охин нь. Өвөөгийнхөө гал голомтод мэндлэхгүй юу. Эгч сургуульд явахдаа аав ээж дээр орхиж. Булган ээжийн мэргэжлийг өвлөж авсан. Нүдний их эмч.
-Анх сургуульд орсон үеэ дурсвал?
-Багаасаа л урлагт дуртай байлаа. Бага байхад Москвагийн Большой театрын хамт олон манайд ирж Дуурийн театрт уран бүтээлээ толилуулдаг байв. Тэдний тоглолтыг үзээд сонгодог урлаг гэж юу болохыг зах зухаас нь мэдэрсэн. Ялангуяа Оросын сонгодог балетын бүжиг. Зургаан настай жаалхан охин шүтэн биширч байсан балетчныхаа бүжгийг үзээд багагүй цохилтод орж билээ.
-Та тэгэхээр балетын урлагт зүрх сэтгэлээ өгч байжээ?
-Тийм шүү. Балетын урлагтай холбоотой ном сэтгүүл, сонин, зураг юу л байна бүгдийг цуглуулна. Өрөөнийхөө ханаар дүүрэн наачихна. Тэгээд л тэрхүү зургуудаа хараад өнжинө шүү дээ. Энэ л надад урлагийн дотоод мөн чанарыг мэдрэх унаган мэдрэмжийг өгсөн байх. Ээж намайг урлагийн хүн болгох дургүй байсан юм. -Яагаад? -Амьдралыг бодитоор харахгүй, тийм нэг хөнгөмсөг хүн болчих вий гэж эмээж байсан болов уу. Харин аав урлагт чин сэтгэлээсээ хайртай гэдгийг минь ойлгоод ээжийг хөдөө явсан хойгуур Хөгжим бүжгийн сургуульд нууцаар аваачиж өгч байлаа. С.А.Ипатов хэмээх Оросын нэртэй төгөлдөр хуурын багш тосч авсан.
-Ээж тань яваандаа зөвшөөрсөн үү?
-Зөвшөөрөхөөс аргагүй болсон. Бүр дэмжсэн. Өөрөө унаган орос хэлтэй хүн байсан болохоор орос багш нартай зөвлөлдөж, нарийн ширийн зүйл ярьдаг байв. Надтай хамт орсон хүүхдүүд орос хэл мэдэхгүй. Би муухан гадарлана. Пүрэвдаваа гэж багшаар хөтөч хийж орос багш нартайгаа ойлголцдог байлаа.
-Орост 10 жил хөгжмийн боловсрол эзэмшсэн гэж дээр өгүүлсэн. Энэ тухайгаа жаахан дэлгэрүүлэхгүй юу?
-Хөгжим бүжгийн сургуульд 1958 онд орж суралцаад 1966 онд Орос явсан. Сонгодог урлагийн чиглэлээр суралцахаар арван хүүхэд явсан юм. Тав нь Москвад үлдэж, тав нь Ленинградад очсон. Би Ленинградын багт нь багтсан байлаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Намсрайжавын Бүтэнбаяр, Чулууны Чинбат, Хөгжим бүжгийн сургуулийн багш, хийлч Алимаа, ардын жүжигчин Юндэндоржийн Оюун гээд Монголын сонгодог урлагт өөрийн нэр, мөртэй олон алдартнууд Оросыг зорьж байв. Цэдэнбал Филатова гуайн урилгаар явсан. Одоо эргээд бодох нь ээ, тэр хүн Монголын сонгодог урлагт асар том хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм. Биднийг дэлхийд цуутай тэр том том сургуулийн босгоор алхуулж, агуу их гүрний соёлтой танилцуулж, нүдийг минь нээсэн дээ. Тухайн үед Соё- лын яамны сайд нь Болд гуай байсан. Маш зоримог, хурц дайчин, хатуу шийдвэртэй хүн байв. Айлын эрх жаахан хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаад гадагшаа явуулах амаргүй байсан нь мэдээж.
-Та нар арван хэдэн настай байв уу?
-Би тавдугаар ангийн сурагч. 16 нас хүрч байсан. Бусад нь хоёр, гуравдугаар ангийнх. Галт тэрэгний буудал дээр бөөн уйлаан, майлаан болж байгаа юм. Тэр үед сүү их өргөдөг байж. Энд тэндгүй сүү өргөсөн, нулимсаа арчсан хүмүүс байж билээ. Ээж аав өвөл зуны хувцас, хоол хүнс гээд олон зүйл бэлдчихсэн. Ачаа дийлдэх арга алга. Сэмжид хэмээх гавьяат багш биднийг ганцаараа авч явж байв. Ачаагаа дийлэхгүй ядаж байхад олон галт тэрэг дамжсаныг яана. Аав намайг явуулахдаа их хямарсан. Тэгтэл мунгинаж байгаад гадаад паспортыг минь надад өгөлгүй өөрөө халаасалчихаж. Энэ тухай ээж дараа нь ярьдаг юм. Нүхтэд гэртээ ирээд гадуур гунихран алхаж байснаа гэнэтхэн дэвхцэж гүйгээд ирэв гэнэ. Паспорт өгөөгүйгээ мэдэж. Машин байхгүй. Эрүүлийг хамгаалах яамны жижүү- рийн машиныг гуйж Сүхбаатар хот руу давхисан гэдэг.
-Паспортоо орхисноо мэдээд яав?
-Гадаад паспортгүй хүн чинь яалт ч үгүй Сэлэнгийн Сүхбаатар хотод буухаар боллоо. Авч явсан хоол унд, хуушуур буузаа бүгдийг нь хамт яваа хүүхдүүддээ тараагаад өгчихөв. Сургуульд явна гэж гэрээсээ догдолж гарсан хүн чинь замд буух болсондоо гомдолтой байлгүй яахав. Ингээд хүссэн сургуульдаа явж чадсангүйдээ л гэж бодоход уйлмаар санагдаж байсан. Сүхбаатар хотод галт тэрэг зогсч, чемодантай хувцсаа барьсаар буутал аав өөдөөс паспортыг минь баруун гартаа дээр өргөчихсөн зогсч байж билээ. Тэрхүү дүр зураг одоо ч нүдэнд минь харагддаг.
–Ленинградын Хөгжмийн их сургуульд очоод гэр орноо санах, хичээлээсээ шантрах үе гарч байв уу?
-Ленинградын их сургууль гэдэг хэний ч хүү зориглоод орж чаддаггүй өндөр босготой. Тэр том гүрний жинхэнэ авьяастай, шалгарсан, үндсэндээ гоц хүүхдүүд л суралцдаг. Тэдэн дунд ороод цочирдох, бараг чадахгүй нь гэж халшрах ч үе олон байсан. А.Е.Рубина гэж бурхан шиг багш анх хүлээж авсан. Сургуулийн танхим, орчин, багш нарынх нь хичээлээ заах арга барил, хэн хэнээ хүндэтгэх соёл, уур амьсгал огт өөр. Сургуулийнхаа үнэмлэхийг үзүүлээд Ленинградын алдарт Марийнский гээд том театруудад орж концерт үздэг байсан. Тэнд суралцсан зургаан жилийн хугацаа мэргэжил болон хувь амьдралд минь маш том дэвсгэр суурь болсон доо. Ингээд 1971-1975 онд Москвагийн сонгодог урлагийн академид төгөлдөр хуурынхаа мэргэжлээр дөрвөн жил суралцсан. Энэ үед ханьтайгаа учирсан юм.
-Гэр бүлийн тань хүнийг 1996 оны Ардчилсан холбоо эвсэл төрийн эрхийг барьж байхад Гадаад харилцааны сайд байсан Шүхэртийн Алтангэрэл гэдгийг олон түмэн мэдэх байх. Ханийнхаа тухай яриач. Анх танилцаж байсан үеэ дурсвал сонин болов уу?
-Манай хүн Ломоносовын их сургуульд хэл утга зохиолын чиглэлээр суралцсан. Төгсөхдөө нэрт зохиолч Ф.М.Достоевскийн шилдэг бүтээлийн судалгаагаар дипломын ажлаа онц хамгаалсан. Ш.Алтангэрэл өөрөө л надтай танилцахаар хүрээд ирсэн. Хөгжимд их дуртай. Оюутан байхдаа гитар тоглодог залуу байлаа. Мөн уран зурагт дуртай. Бид хоёр хамтдаа театрт очиж кино, жүжиг үзнэ. Орос бол үзэх юм ихтэй газар.
-Хань тань анх ямар бэлэг өгч байсныг санадаг уу?
-Ядуу оюутнууд байсан болохоор үнэтэй бэлэг өгч яаж чадах вэ. Цэцэг өгч байсан санагдана. Ш.Алтангэрэл ганц нэг хичээлдээ дургүй. Уул нь би өөртэйгээ ижил бүх хичээлд онц сургах санаатай. Тэгтэл манай хүн надад бүх анхаарлаа хандуулаад хи- чээлээ орхичих гээд байдаг. Ер нь залуучууд тийм л байдаг шүү дээ. Нэг удаа ямар ч баяр тохиолдоогүй байтал том баглаа цэцэг аваад ирдэг юм. “Яагаад өгч байгаа юм” гэхэд би нэг хичээлдээ уначихлаа гэж байсан. Тэр нь ямар хи- чээл байсныг санахгүй байна.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Анхны хүүхэд хэдийд төрөв?
-Манайх ерөөсөө ганц охинтой. Охин Норжинбадам маань бид хоёрыг оюутан байхад төрсөн. 1973 онд. Аав Алтангэрэл бид хоёрт Элчин сайдын яаманд нэг өрөө байр авч өгсөн. Тухайн үед аав минь тэтгэвэртээ суусан байсан ч нэр нүүрээ ашиглаж охин, хүргэн хоёртоо байр авч өгсөн нь тэр. Хэрвээ аав минь байр авч өгөөгүй бол бид хоёр балрах байв.
-Хүүхдээ тэр байранд төрүүлсэн үү?
-Тэгсэн. Тухайн үед бүх юм хатуу байж. Алтангэрэлийн байранд очихоор гадны хүн гээд оруулахгүй. Манай сургууль бас тийм. Байр хөлсөлж сууя гэхээр мөнгө байдаггүй. Ийм үед аав минь байртай болгосон. Нэг өрөө байраа дундуур нь тасалгаа хийгээд гал тогооныхоо өрөөнд төгөлдөр хуураа байрлуулав. Прокатнаас авсан хуур л даа. Аав охиныг харахаар бид хоёр дээр хэсэг хугацаанд байсан. Дөрвүүлээ нэг өрөө байрандаа багтаж шахаж байхад манайхаар хүмүүс их ирнэ. Ялангуяа оюутнууд. Учир нь бид хоёр шиг баян оюутан байхгүй болохоор. Зарим үед хүмүүс багтахгүй ширээн доогуур орж хүртэл унтдаг сан.
-Та академи төгсч ирээд Хөгжим бүжгийн сургуульд багшилсан уу?
-Тийм. Мэргэжлийн төгөлдөр хуурын багшаар шууд томилогдож байгаа юм. Надаас өмнө С.Гончигсумлаа гуайн охин Эрдэнэчимэг багшилж байсан. Одоо Польшт амьдарч байгаа. 1981 онд сургуулийнхаа уран сайхны удирдагч болов. Ачаалал маш их нэмэгдэж байгаа юм. 1990 он хүртэл зүтгэсэн. 1990 онд СУИС дээр төгөлдөр хуурын мэргэжлийн анги анх нээсэн.
-Гавьяат жүжигчин цолыг хэдэн онд хүртсэн бэ?
-1981 онд. Тэгээд 28 жилийн дараа ардын жүжигчин боллоо. Би чинь анхны төгөлдөр хуурын профессор, ардын жүжигчин болж байна.
-Асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Ханийгаа улс төрд ороход хэрхэн хүлээж авсан бэ?
-Баярлаж байсан. Яагаад гэвэл, эр хүн өөрийн гэсэн том орон зайг бий болгох ёстой. Энгийнээр хэлбэл, ачааны хүндийг үүрч сурах. Манай хүн Москвад сургууль төгсч ирээд хуучин Орос хэлний дээд сургууль (одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль)-д гадаадын уран зохиолын хичээл заадаг байв. 18 жил багшилсан хүн шүү дээ. Өндөр боловсрол, өргөн мэдлэгтээ дулдуйдсан түү- ний лекцүүд тун сонирхолтой. Намайг бодоход олон шавьтай.
-Гэр бүлийн тань хүн сайд болоход амьдралд чинь ямар өөрчлөлт гарсан бэ?
-Хувь амьдралд өөрчлөлт орсон зүйл ховор. Манайх 1979 онд Ринчен өвөөгийнхөө байранд орсон. Сайд болоход уг байрандаа л байлаа.
-Сайдыг дагаж олон орноор явсан уу?
-Амьдралд минь өөрчлөлт мэдрэгдээгүй ч уулзах хү- мүүсийн хүрээ тэлээд ирж байгаа юм. Ханийгаа дагаж олон орноор явсан. АНУ-д НҮБ-ийн чуулганд үг хэлэхэд нь тухайн танхимд сууж ханиараа бахархаж байлаа. Бид хоёр хэн хэнээрээ өдөр бүр бахархдаг. Миний шавь нараас дэлхийн нэртэй театруудад уригдаж, төгөлдөр хуураа тоглоход Ш.Алтангэрэл надаас илүүтэйгээр баярладаг.