Төв аймгийн Зуунмод суманд Covid-19 халдварын дөрвөн тохиолдол батлагдлаа. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор сумаас орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр /2021.03.06/ тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Тодруулбал, өнөөдрийн 15:00 цаг орчимд ХӨСҮТ-өөс 58 иргэний хариу сөрөг дөрвөн иргэний хариу эерэг гарчээ.
Төв аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа мэдээлэл өгөхдөө “Хоёрдугаар сарын 26-нд Улаанбаатар хотоос нэг иргэн Зуунмод суманд буяны ажилд оролцоод буцсан. Улаанбаатар хотод буцаж очоод гуравдугаар сарын 1-ний өдөр шинжилгээ өгөхөд хариу эерэг гарч, халдвар авсан болох нь батлагдсан байна. Тухайн өдрийн 19:20 цагт манай аймагт дээрх мэдээллийг ХӨСҮТ-өөс өгсний дагуу шуурхай арга хэмжээ авч, хариу арга хэмжээний тандалт судалгааны ажлыг эхлүүлсэн.
Тухайн иргэний ойрын хавьтал болох 62 хүнийг шинжилгээнд хамруулж, ХӨСҮТ-д хүргэсэн. Шинжилгээний хариуй өнөөдөр 14:50 цагт ирсэн бөгөөд 58 хүний хариу сөрөг, дөрвөн иргэний хариу эерэг гарлаа. Бид ойрын хавьтлууд болон тэдэнтэй уулзсан хүмүүсийг тусгаарласан. Цаашдаа тандалт судалгааг өргөжүүлсэн байдалд хийхээр бэлэн болоод байна” гэлээ.