Энэ сарын 30-нд цахим сүлжээнд “Согтуугаар тээврийн хэрэгсэл бүү жолоодооч. Хүний мууд дурлах гэсэнгүй” гэх тайлбартайгаар портертой согтуу жолооч зам дээр явж байгаад онхолдсон бичлэгийг нэгэн иргэн тавьсан байв.
Тухайн осол Төв аймгийн Сэргэлэн сумын өндөр дов гэдэг газар гарсан бөгөөд тухайн портерын жолооч цагдаад мэдэгдэлгүй ослын газрыг орхин явсан байжээ. Тиймээс түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн үндэслэлээр Төв аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Цахим орчинд мэдээлэл оруулсан иргэн буюу гэрч осолд өртсөн иргэнд яаралтай тусламж үзүүлэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, цагдаагийн байгуулагад мэдэгдэх, цагдаа иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээдэг. Гэтэл тухайн гэрч дээрх үүргээ биелүүлээгүй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зам тээврийн осолд холбогдсон хэд хэдэн үүргийг хүлээдэг. Тухайлбал:
-Ослын зогсолтын тэмдгийг тогтоосон зайд тавих, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
-Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;
-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах;
Мөн Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтныг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.
Шалгалтын явцад портер маркийн автомашин иргэн Э-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч таван жилийн өмнө Хэнтий аймгийн иргэн О-д зарагдаж, өнөөдрийг хүртэл нэр шилжүүлээгүй тав дахь хүнийхээ эзэмшилд явж байгаа нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслээ бусдад худалдаалсан бол тухай бүрд нь нэрийг шилжүүлж өгөх шаардлагатай бөгөөд замын хөдөлгөөнд оролцохдоо хуульд заасан үүргээ ухамсарлаж, зохих дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгуулагаас анхааруулж байна.