Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн 12 цагийн мэдээллээр Төв аймагт санал тоолох машин нь саналын хуудсаа татаж авахгүй, таниж уншихгүй байгаа тул мэдээлэл технологийн 10 баг газар дээр нь ажиллаж буй тухай СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлсэн. Нэгэнт саналын хуудас тоолох хар машин ажиллахгүй байгаа учир хуулийн дагуу гар ажиллагаанд шилждэг учиртай.
Харин 18 цагийн явцыг мэдээллэх СЕХ-ны мэдээллийн үеэр Төв аймгийн бүх хэсгийн хороодын санал тоолох машин ажиллахгүй байгааг ахин дурдаад саатлыг шалгахаар Тагнуулын ерөнхий газар, Мэдээлэл технологийн төв, Мэдээлэл шуудан харилцаа холбооны газрууд хамтран ажиллаж байна гэлээ.
Урьдчилсан дүгнэлтээр саналын хуудасны эхийг бэлтгэхэд эсвэл саналын хуудасны бар код дутуу хэвлэгдсэнээс санал тоолох машин танихгүй байгаа юм байна. Тиймээс одоогийн байдлаар санал тоолох хар машины саналын хуудас унших программд бар кодгүйгээр унших тохиргоо хийж байгаа гэж Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбарлалаа.
Төв аймагт нийт 84 хэсэгт 88 машин ажиллаж байгаагийн 60 гаруйд нь засвар үйлчилгээ үзүүлж, 21 сумд тохируулга хийсэн. Саналын хуудас буруу хэвлэгдсэн шалтгааныг тогтоож, эргэн мэдээлнэ гэв.
Бид Төв аймгийн сонгуулийн хэсгүүдийн саналын хуудсыг хэвлэсэн нэр бүхий компани руу утасдан тодруулга авах гэсэн боловч бүх нийтийн амралтын өдөр тул хариулт өгөх хүн байсангүй