Өнгөрсөн даваа гаригт твиттерт нэгдсэн @Caitlyn_Jenner гэсэн аккаунт “Өөрийнхөөрөө байх гэсэн олон жилийн тэмцлийнхээ эцэст би сэтгэл хангалуун байна. Кэйтлиний ертөнцөд тавтай морил” хэмээн жиргээд дөрвөн цаг гурван минутын дотор нэг сая дагагч дагуулж Гиннесийн дээд амжилтыг тогтоолоо. Ингэснээр твиттерт богино хугацаанд маш олон дагагчтай болсон амжилтыг тогтоож, өнгөрсөн сард таван цагт сая дагагчтай болсон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн өмнө гишгэв. Бараг л твиттерийг гацтал ачаалал үзүүлсэн энэ дуулианы эзэн хэн бэ. Түүний жиргээндээ хавсаргасан “Vanity fair” сэтгүүлийн нүүрэн дээрх ахимаг насны үзэсгэлэнт эмэгтэйн зураг хэн байв. Яагаад хавтсан дээр “Намайг Кэйтлин гэж дуудаарай” гэж онцолсон юм бэ. Өөрөө нэг ч хүн дагаагүй мөртлөө түүнийг дагагчийн тоо нэмэгдсээр байгаа энэ эмэгтэйн талаар дэлхий тэр чигээрээ шуугиж байна. Тэр хэн бэ?
Тэр бол Брюс Женнер. Эрэгтэй хүн. Биш ээ. Тэр Кэйтлин Женнер. Бүсгүй хүн. Хүйсээ солиулж, дэлхийн хамгийн алдартай трансжендер гэсэн цолыг нэгэнт хүртээд байна. Бас олимпийн аварга. Дэлхийн дээд амжилтын эзэн. Олны хараанд байдаг бүсгүйчүүдийн хойд эцэг. Одоо эх ч юм уу. Мэдэхгүй ээ. Гэхдээ ийм нэгэн хүний талаар дэлхийн хэвлэл мэдээллийнхэн ид сонирхон, ярилцаж байна. Тэрбээр АНУ-д олимпийн алтан медалийг нэгээр нэмэгдүүлж байсан гэдгээрээ бас байнга олны анхаарлын төвд байдаг Кардишияны гэр бүлийн гишүүн, телевизийн олон ангит кино, реалити шоунд оролцдог гэдгээрээ хүмүүсийн танил нэгэн. Брюс Женнер 1949 онд АНУ-ын Нью-Йорк хотноо мэндэлжээ. Хөлбөмбөгийн спортоор хичээллэж, энэ чиглэлээрээ тэтгэлэг авч их сургуульд суралцаж байсан нэгэн. Өвдгөндөө гэмтэл авсны улмаас хөлбөмбөгөө орхисон ч багш нар нь түүний авьяасыг хөсөр хаяхыг хүсээгүй учраас хөнгөн атлетикийн олон төрөлт тэр дундаа арван төрөлтөөр хичээллүүлж эхэлжээ. 100 м гүйж, зээрэнцэг, бөөрөнцөг шидэж, уртын болон тулгууртай харайлт, 1500 м гээд спортын олон төрөлд жигд сайн байхыг шаарддаг спортын энэ төрлөөр Женнер 1972 оны Мюнхений олимпт аравдугаар байрт орж, 1976 оны Монтреалын олимпоос 8616 оноогоор алтан медаль хүртсэн юм. Тэгэхэд залуу эр 27 настай байлаа. Олимпийн алтан медаль түүнийг эх оронд нь баатар болгосон. Хүйтэн дайны нөхцөл хүндэрсэн 1972 оны Мюнхений олимпод америкчууд сагсан бөмбөг, 100 метрийн гүйлт, арван төрөлтөөр алтан медалиа оросуудад алдсандаа тун ууртай байв. Ийм үед дараагийн олимпт алдсаныг нь эргүүлэн авчирсан хүн баатар болохоос яахав. Тэр дундаа рекорд тогтоосон. Женнерийн тогтоосон дэлхийн дээд амжилт бас хэдэн жилдээ хөндөгдөөгүй юм. Энэ спортын төрөлд оноог тогтоодог дүрэм журам өөрчлөгдөж, түүний амжилт наашаа цаашаа гүйж яригддаг байсан ч 2011 онд гаргасан жагсаалтаар тэр дэлхийн бүх цаг үеийн шилдэг тамирчдын 25 дугаарт, АНУ-ынхад есдүгээрт бичигдсэн билээ. Хэрэв өнгөрсөн цаг хугацаанд эмэгтэй хүн шиг сэтгэж, эмэгтэй хүн шиг өөрийгөө төсөөлж явснаар нь харвал түүний эрэгтэйчүүдийн төрөлд гаргасан энэ амжилт эмэгтэй төрөлдөө бүр гайхалтай амжилтад тооцогдох ёстой юм. Олимпийн медаль хүртэж ирснийхээ дараа 1976 оны Жэймс Сулливаны шагналыг хүртэж, 1976 оны шилдэг эрэгтэй тамирчин цолыг хүртэж байсан олон сайхан түүх түүнд бий. Гэвч тэрбээр өнгөрсөн он цагуудад үргэлж өөртэйгөө зөрчилдөж, дотоод хүн нь өөрийгөө эмэгтэй хүн хэмээн үзэж харин гадаад ертөнц түүнийг эр хүн тэр тусмаа олимпийн эрэгтэйчүүдийн төрөлд дээд амжилтыг тогтоож байсан тамирчин гэдгээр нь харж байсан гээд бодохоор гунигтай.
Спортын ертөнцөд ийм амжилт үзүүлж байсан тэрбээр сүүлхэнээс телевизийн урлагт хөл тавьсан билээ. Олон тооны савангийн дууриудад дүр бүтээж хамгийн муу жүжигчинд олгодог бөөрөлзгөнө шагналын эзэн хүртэл болж явав. Сүүлд 2011 онд Адам Сандлерийн инээдмийн кинонд Аль Пачинотой хамт дэлгэцнээ гарч явжээ. Амьдралын идэвхтэй, тэмцэлтэй энэ хүн уралдааны машин ч унаж явсан нэгэн. Уралдаанд түрүүлж явсан, онгоц зардаг компанитай, нэрээ патенталсан, орлого чамгүй олдог. Бас консерватив үзэлтэй БНН-ын гишүүн гэхээр их элдэвтэй эр байгаа биз.
Түүний гэр бүлийн амьдрал ч бас адармаатай явж иржээ. 1972-1981 онд Кристи Скотт хэмээх бүсгүйтэй амьдарч байсан бөгөөд хүү, охин хоёртой. Анхны эхнэрээсээ салсан тэр долоо хоногтоо жүжигчин Линда Томсонтой гэрлэлтээ батлуулж байжээ. Энэ гэрлэлтээсээ хоёр хүүтэй бөгөөд таван жилийн дараа дахиад л салсан байна. Түүний хөвгүүд реалити шоунд оролцож олны танил болсон залуус байдаг. Брюс Женнер Крис Кардишиянтай 1991 онд гэрлэжээ. Болзоод таван сарын дараа дөрвөн хүүхэдтэй Крис бүсгүйтэй гэрлэхээр болсон байна. Крис Кардишияны хүүхдүүд тэр дундаа Ким Кардишиян бол Америкийн төдийгүй дэлхийн шоу ертөнцийн том төлөөлөл болсон нэгэн билээ. Бүтээл, оюун санааны хийгээд бүтээн байгуулалт байхгүй атлаа “Кардишиянынхантай хамт” гэсэн реалити шоугаар олны танил болж, бас тэр нэр нөлөөгөөрөө мөнгө хийж баян тансаг амьдарч буй энэ бүсгүйг мэдэхгүй хүн үгүй. Сүүлийн жилүүдэд Брюс Женнер олимпийн медальт гэхээсээ Ким Кардишияны хойд эцэг гэдгээрээ алдаршаад байв. Гэр бүлээрээ олны танил болсон тэднийг америкчууд толгой дараалан мэддэг гэдэг. Кристэй гэрлээд хоёр охинтой болсон бөгөөд өдгөө 17, 19 настай Кендалл, Келли нар удахгүй эгч нараасаа давсан нэр хүндтэй болох магадлалтай. Тун хөөрхөн, үзэсгэлэнт охид.
Харин тэдний хувьд аав гэдэг хүн нь мөнхөд үгүй болж хоёр ээжтэй болчихоод байна. Брюс, Крис нар хорь гаруй жил ханилаад 2013 оноос салах болсон талаараа анх зарлажээ. Гэхдээ салах үйл явц үргэлжилсээр ердөө 2014 оны арванхоёрдугаар сард шийдвэр гарч, 2015 оны гуравдугаар сард албажсан байх юм. Брюс залуу байх үеэсээ өөрийгөө эмэгтэй мэтээр төсөөлж эхэлснээ ярьсан байдаг. Багадаа унших чадварын хомсдолтой хүүхэд байсан тэр том болоод ийм эмгэг мэдэрч эхэлжээ. Хоёр дахь гэрлэлтийнхээ дараагаас дааврын эм ууж биеэ бэлдэж эхэлсэн ч Кристэй учирснаар даавраа орхисон аж. Тэрбээр “Би эмэгтэйлэг байдлыг мэдэрч, зүрх сэтгэл маань тийш татагдаж байсан ч хэзээ ч эрэгтэй хүнд татагдаж байгаагүй ээ. Бүсгүйчүүд л намайг татдаг байсан” хэмээсэн байдаг. Магадгүй өөрийгөө олох гэж, таних гэж явсаар гурав ч гэрлэж, гурван айлын хоёр, хоёр зургаан хүүхдийн аав болсон бололтой. Харин энэ оны эхээр Калифорнийн Малибу дахь хурдны зам дээр гарсан осолд өртсөн бөгөөд үүнийхээ дараа хүйс солиулах мэс засалд орохоор шийдсэн нь харамсахгүйн тулд насан туршдаа хүсч явсан мөрөөдлөө биелүүлэх ёстойг ойлгосон ч байж болох юм. Түүний өнгөрсөн дөрөвдүгээр сард олны өмнө эмэгтэй байдлаар гарч, дотоод сэтгэлээ уудалсан ярилцлага чухамдаа бөмбөг тэсэлсэн билээ. Уг бичлэгийг 20,7 сая хүн үзсэн байдаг. Хүйс солиулах мэс заслын хувьд одоо ч дуусаагүй бөгөөд үе дараалалтай явагдах юм гэсэн. Брюс нэрээ өөрчилж Кэйтлин болж буй олимпийн аварга маань удахгүй 66 нас хүрнэ. Шинээр төрсөн Кэйтлин “Брюс бол өөрийн нууцтай. Дандаа худал ярих болно. Харин Кэйтлинд нууц байхгүй. Худлаа хэлэх шаардлага байхгүй” хэмээжээ. Нээрээ л тэгэх байх даа. Түүнээс “Та одоо хамгийн түрүүнд яахыг хүсч байна даа” гэхэд “Өөрийнхөөрөө байна. Хэнээс ч нуугдах шаардлагагүй. Сайхан хувцаслаж, сайхан амарч хөгжилдмөөр байна” хэмээжээ. Түүний хувьд 89 настай ээжийгээ энэ бүгдийг хэрхэн хүлээж авах бол гэдгээс эмээж байжээ. Харин ээж нь хүүгийнхээ ярихыг сонсоод “Ойлголоо. Кэйтлин минь” гэж түүнийг ойлгож буйгаа илэрхийлсэнд тун их баярлажээ. Түүний том хүү ч “Шударгаар хэлэхэд Брюсээс илүү Кэйтлин сайн хүн байна гэж би бодож байна” гэжээ. Өөрөө ч “Брюс шиг худал дүр эсгэх шаардлагагүй юм чинь би хүүтэйгээ санал нэг байна” гэсэн байх юм. Олон жил өөрийнх нь аав гэгдэж явсан хүнийг эмэгтэй болсноо олон нийтийн сүлжээгээр зарласных нь дараа Ким Кардишиян “Ямар үзэсгэлэнтэй юм бэ. Аз жаргалтай байгаарай. Өөрөөрөө бахархаж, өөрийнхөө хүслээр амьдраарай” гэж хариу бичсэн аж. Малибу дахь гэртээ олон янзаар авахуулсан үзэсгэлэнт эмэгтэйн дүрээр хүрч буй гэрэл зургууд нь хэдийнэ олон нийтэд хүрч эхэлжээ. Удахгүй түүний хүйсээ солиулж буй үйл явцын талаар цуврал баримтат кино гарна. Насаараа баг зүүж, бас насаараа олны анхаарлын төвд явж ирсэн түүнд энэ бүхэн хэцүү биш биз ээ. Угаасаа Кардишияны гэр бүлийнхэнд энэ бүхэн өдөр тутмынх нь үйл хэрэг. Үүгээрээ дуулиан шуугиан цацаж, хөрөнгө хэрхэн босгож болохыг тэд сайн мэднэ. Хэрэв Кэйтлин Крис нар гэр бүлээ цуцлаагүй байсан бол халуухан “охид”-ын гэр бүл нэгэн үзэсгэлэнт хатагтайгаар нэмэгдэх байжээ.
Э.ЭНЭРЭЛ