Монгол Улсын гадаад бодлогыг өргөжүүлэн хөгжүүлэх, түүх соёлоо түгээн дэлгэрүүлэхэд салбарын эрдэмтдийн санал, зөвлөмж чухал гэдгийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр болсон “Тусгаар тогтнол ба Гадаад бодлого” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр онцлов.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулсан уг хуралд гадаад харилцаа, түүхийн салбарын эрдэмтэд оролцож, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Богд хаант Монгол Улсын үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулав.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хурлын нээлтийн үеэр, “Орчин үед дэлхий нийтээр даяаршиж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи хөгжиж, улс орнуудын харилцан хамаарал ихээхэн гүнзгийрэх болсон. Монгол Улсын гадаад бодлого нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бичиг баримтад тулгуурлан дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай байж, улс төр эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгахад чиглэж байна. Үүний дотор бид Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хангахыг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна. Дайн, зэвсэгт мөргөлдөөн, хүний болон хар тамхины наймаа, гоц халдварт өвчин, цаг уурын өөрчлөлт, байгаль орчны доройтол зэрэг хүн төрлөхтөнд заналхийлэх аюулын эрсдэл, сорилтын хүрээ нэмэгдсээр байна. Тиймээс Монгол Улс төрийн алтан аргамж буюу олон зуун жилийн түүхэн уламжлал бүхий дипломат албаныхаа үүрэг гүйцэтгэх чадварыг цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлэх шаардлага тулгараад байна. Үүний тулд бид Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт хийж, гадаад бодлогоо төгөлдөржүүлэх хэрэгтэй. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн санаа бодол, зөвлөж ихээхэн ач холбогдолтой юм” хэмээв.
Хуралд “Монголын тусгаар тогтнол ба XX зууны эхэн үеийн олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал” илтгэлийг МУИС-ын багш, түүхийн ухааны доктор Г.Төмөрчулуун танилцуулав. 1911 онд дэлхий нийтэд аливаа улс орон тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд нэн тэргүүнд хөрш орнуудаараа хүлээн зөвшөөрүүлэх уламжлал тогтсон байсан. 1912 оны 10 дугаар сард Хаант Орос болон Монгол улсын хооронд найрамдлын гэрээ, худалдааны протокол байгуулсан. Энэхүү гэрээгээр Орост худалдааны давуу эрх олгосны зэрэгцээ Оросын зүгээс Гадаад Монголд автономит засаг байгуулах, Хятадын цэрэг нутагтаа оруулахгүй байхад нь туслах үүрэг хүлээжээ. Улмаар 1945 онд ЗХУ-ын зүгээс БНХАУ-д Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх шаардлагыг Хятадын талд тавьсныг хүлээн зөвшөөрсөн. Монгол Улс тусгаар тогтнол, эв нэгдлээ хадгалан хамгаалахын тулд ихээхэн бартаатай замыг туулсан. Ирээдүйд тусгаар тогтнолоо тууштай хамгаалахын тулд Монгол үндэстэн эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэдгийг доктор Г.Төмөрчулуун илтгэлдээ дурьдав.
Түүний дараа түүхийн ухааны доктор, профессор О.Батсайхан “Богд хаант Монгол Улсын дотоод улс төр, нийгэм, эдийн засгийн байдал” илтгэлдээ тухайн үеийн Монголчуудын амьдралын хэв маяг, амьжиргааны түвшин, хүн амын тооллого зэргийг хөндлөө.