Туркийн арми Ирак, Сирийн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоогоод байгаа Исламын улсын эсрэг тэмцэлд нэгдэхээр болсон тухай тус улсын парламентаас мэдээлсэн байна. Туркийн Батлан хамгаалахын сайд Исмет Юлмаз “Сирийн радикал, зэвсэгт бүлэглэлийн хүчирхэгжилт Туркийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна. Тиймээс эрх баригчид хилийн дагуух аливаа зэвсэгт мөргөлдөөнийг багасгах чиглэлд ажиллах болно” гэжээ. Туркийн парламентийн гишүүдийн 298 нь уг саналыг дэмжиж 98 гишүүн татгалзсанаар Турк улс нэг жилийн хугацаанд Исламын улсын эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Гэхдээ цэргийн үйл ажиллагааны тодорхой шийдлийг гаргаж ирээгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Исламын улсын зэвсэгт дайчид Туркийн хилд ойртож байгаа мэдээлэл гарсан нь парламентийн гишүүд дээрх шийдвэрийг гаргахад багагүй нөлөөлсөн юм. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоганд тус улсын Батлан хамгаалах салбарт шинэчлэл хийхийг сануулсан нэг том дохио боллоо гэж ажиглагчид дүгнэжээ. Харин Ерөнхийлөгч Эрдоган парламентийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Би бүхэн Исламын улсаар зогсохгүй Ирак, Сирийн нутагт дэвсгэрт буй бүхий л террорист байгууллагуудын эсрэг тэмцэх болно. Энэ бол бидний нэн тэргүүний зорилго байх болно. Турк улс терроризмын эсрэг тэмцэлд бэлэн байна” гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Турк улс мөргөлдөөнд шууд цэргийн хүч илгээхийг хараахан зөвшөөрөөгүй байгаа билээ. АНУ-ын тэргүүлсэн Исламын улсын эсрэг кампанит ажилд одоогоор 30 гаруй орон нэгдээд байна.