Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчит компаниуд ажлаа тайлагнаж байна

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийсэн, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлсэн ажил хэрэгч хамтын ажиллагаа энд өрнөж байна. Үзэсгэлэнгийн арга хэмжээнд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 90 гаруй компани аж ахуй нэгжүүд оролцож үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлав. “Компанийн үйл ажиллагаа хэдий чинээ ил тод нээлттэй байна, төдий чинээ шударга өрсөлдөж, эдийн засаг хүчирхэгжих учиртай. Ийм байдлыг л сайн засаглал гэнэ” хэмээн оролцогч байгууллагууд тодорхойлж байлаа.

Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт “ өнөөдрийн үйл ажиллагаа нь ТӨК-ийн менежментийг хэрхэн өөрчлөх, компанийн чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаар болон зах зээлийн эдийн засагтай орнуудад ТӨК-ийг яаж үр ашигтай ажиллуулах талаарх олон улсын туршлага зэрэг сонирхолтой чухал мэдээллүүдийн талбар болж байгаа” гэж онцоллоо.

“Эрдэнэс Монгол” ХХК ийн хувьд энэ онд 10 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд өөрийн болон охин компаниудын хэмжээнд сайн засаглалыг хөгжүүлэх, бие даасан үйл ажиллагааны тогтолцоог хэвшүүлэх зарчмаар ажиллаж иржээ. Өнгөрсөн онд тус компани Олон улсын санхүүгийн корпорациар засаглалын үнэлгээг хийлгэж, санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас техникийн туслалцааны төслийг авч хэрэгжүүлж эхэлсэн аж.

Мөн дэлхийн 4 том аудитын компанийн нэгд тооцогддог “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэж, “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хэмжээнд “олон улсын санхүүгийн тайлагналын стандарт”-ыг нэвтрүүлжээ. Энэ нь олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *