Categories
мэдээ цаг-үе

Төрийн алтан аргамжаараа дээс тоглох цагаар

Төрийн алтан аргамж хэмээх үгийн гүн утгыг бүрэн тайлж нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт бараг үгүй юм билээ. Гэлээ гэхдээ Их Монгол гүрний гадаад харилцааг дэлхий даяар төлөөлөх элчин худалдаачин нартай холбогдон тэмдэглэгдэж үлдсэн энэ үг өдгөө монгол төрийн гадаад бодлогын мөн чанарыг илэрхийлдэг хэллэг болж нэгэнт тогтжээ. Уг санаа нь улс орны гадаад бодлого, түүнийг төлөөлөх элчин төлөөлөгч нар буюу дипломатууд бол төртэйгөө алтан аргамжаар аргамжаатай мэт нэн онцгой холбоотой бөгөөд бодлого, үйл ажиллагаа нь үл алдрах залгамж чанартай байхыг бэлгэддэг ажээ.

Гэтэл сүүлийн үед монгол төрийн тэрхүү алтан аргамжаар ухвар мөчид улстөрчид дээс эргүүлэн наадах мэт дур зоргоороо тоглох болов. Ингэж “болохгүй юмаараа” тоглож буйн хэдхэн жишээг дурдсу.

2014 оны арванхоёрдугаар сарын 30. Үндэсний эрх чөлөөний өдрийн баяр, орчин цагийн дипломат албаны ой буюу Богд хаант Засгийн газрын Гадаад хэргийн яам байгуулагдсан өдрөө тэмдэглээд маргааш өглөө нь ажилдаа ирсэн Гадаад харилцааны яамны ажилтнууд энэ өдөр жинхэнэ шоконд орж билээ. Учир нь шинээр томилогдсон сайд Л.Пүрэвсүрэн шинэ он гарахын өмнөх энэ өдөр яамандаа “цэвэрлэгээ” хийж 40 гаруй хүнийг нэгэн зэрэг ажлаас нь халсан байв. Заавал баярын өмнө халаа, сэлгээ хийдэг ийм садист арга барилыг хэнээсээ ч сурсан юм бүү мэд, тэрээр дараагийн цагаан сарын баярын өмнө бас хэсэг хүнийг халж, улсын наадмын өмнө гадаадад сууж байгаа олон арван дипломат ажилтныг хугацаанаас нь өмнө дуудаж ирүүлсэн байдаг.

Аливаа төрийн бодлогын адилаар гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн институци, түүний аппаратын чадавхи шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл Л.Пүрэвсүрэн сайд яамны алба хаагчдынхаа 30 хувийг халснаар ажлаа эхэлсэн нь мөнөөх алтан аргамжаа сүхэдсэн эхний дайралт байв. Улмаар сарын дараа есөн улсад суугаа Элчин сайдыг нэгэн зэрэг дуудан орны хүмүүсийг томилсны найм нь тухайн үед Гадаад харилцааны яаманд Газрын захирал хийж байсан удирдах ажилтнууд байв. Хуучин элчин сайд нарыг дуудаж ирүүлээд шинүүдийг нь явуулах хүртэлх хагас жил гаруй хугацаанд тэдгээр улстай харилцаа үндсэндээ зогссоныг нь ч дурдууштай. Ингэж дээрээ бужигнаж доороо ч самруулснаар нэг хоёрхон хүний мэдлэг, туршлага дээр нэг хэсэг улсын харилцаа, хамтын ажиллагаа явж байдаг онцлогтой манай Гадаад харилцааны яам эвдүүлсэн шоргоолжны үүр мэт болсон бөгөөд үр дагавар нь түүнээс хойш хийсэн олон ажлаас нь илрэх болно.

2015 оны арванхоёрдугаар сарын 18. Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилох Ерөнхийлөгчийн саналыг УИХ дэмжив. Боловсролтой, туршлагатай улстөрч Б.Дэлгэрмааг томиллоо гэх магтаалын мэдээнүүдийн цаана өмнөх Элчин сайд Ш.Алтангэрэлийг яагаад хугацаанаас нь өмнө татаж байгаа юм бэ? гэдэг асуулт хариултгүй үлдэв. УИХ-ын чуулганы үеэр зарим гишүүд энэ тухай асуусан боловч Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр “Засгийн газар дээр ярьж шийдсэн…” гэсэн бол Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Ерөнхийлөгч ОХУ-д айлчлах үеэрээ яриад амаар чиглэл өгсөн…” гэх мэтийн орооцолдсон тайлбар хэлж төрийн тэргүүн рүүгээ бухав.

Дотооддоо ч яахав ингээд ямар ч хууль журам, тушаал шийдвэргүйгээр нэгэн рүүгээ бухаж эсвэл Ерөнхийлөгчийнхөө нэрийг бариад дайрчихаж болдог юм байж. Гэхдээ ОХУ-ын талаас ийм асуулт тавибал юу гэж хариулцгаах бол?! “Танайх манайд сууж байгаа Элчин сайдаа хоёр жилд хоёр солилоо, дунд нь бас Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч гээд өмнө нь Элчин сайд байсан нэг хүн яваад байна. Энэ байдал танай улсын манайд хандах хандлагын илэрхийлэл үү? 2005 оноос хойш нэг хэсэг зогсонги байсан харилцаа сүүлийн хоёр жилд эрчимжсэн явдал нь Элчин сайдаа сольж байгаатай холбоотой юу?” гэх мэтийн асуултыг тус улсын тал ямар нэг байдлаар асуух л болов уу.

Хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах бол Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан тэргүүлэх чиглэл. Гэтэл харилцаа нөгөө хөрштэйгөө харьцуулахад эмзэгхэн байгаа ОХУ дахь Элчин сайдаа Гадаад яам нэг муу Тамгын газрын даргаараа дуудуулж хагас жил улсаа Элчин сайдгүй байлгаж байгаагийн хариу ч бас ирэх л байх.

УИХ-аар хэлэлцдэг элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудал ийм бодлогогүй, өрөөсгөл байхаар бусад дипломат ажилтны хувь заяаны асуудал бүр ч хүнд байгаа нь ойлгомжтой. Ихээхэн ноцтой нь Хонгконгод сууж байсан Ерөнхий консулыг Засгийн газрын шийдвэргүйгээр дуудсанаа “гадаадын байгууллагын шаардлагаар ингэлээ” гэж УИХ дээр сайд нь тайлбарлаж байсан удаатай. Дипломат ажилтанг гадаад улсын шаардлагаар татахад тухайн улсдаа гэмт хэрэгт орооцолдсон, “persona non grata” авсан гэх мэт шалтгаан хэрэгтэй. Гэтэл манай гадаад хэргийн сайдад гомдоллосон гадаадын байгууллага гэгч нь Монголын улстөрчдөд нөлөөгөө бэхжүүлэх хүсэлтэй Монгол Улсын өргөмжит консул гэх Балба лам, түүний хятад эхнэр нар байсан гэдэг.

Мөн Америкийн баруун эрэг дэх олон мянган монголчуудыг дагаж байгуулсан Сан Франциско дахь Ерөнхий консулын газрын Ерөнхий консулыг томилсон Засгийн газрын шийдвэр хүчинтэй хэвээр боловч хэрэгжихгүй нэг жил гурван сар болж байна.

Энэ мэт нь зөвхөн хэн нэг хүн буюу албан тушаалтны тухай асуудал биш билээ.Төрийн шийдвэр бол төрийн шийдвэр. Түүнийг хэрэгжүүлэх аппарат, төлөөлөгч нарыг төр өөрөө шалгаж, сонгож томилдог байтал УИХ-аа алгасдаг Ерөнхийлөгч, Засгийн газар, Засгаа алгасдаг сайд нар бий болсонд асуудал байгаа юм. Үүний цаана бодлого тасалдаж алтан аргамж алдуурч байгааг өглөө бүхэн санууштай.

Ойрын өдрүүдэд Монгол Улс хуучин цагийн “таван жилийн төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө” гэдэг шиг “АСЕМ-ийн төлөө” амьдардаг болжээ. Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна гэдэг бол манай улсын гадаад харилцааны нэг том ололт мөн үү гэвэл мөн. Ийм эрхийг авахын тулд олон дипломат, олон сайд цөөнгүй жил ажилласан байтал өнөөгийн эрх мэдэл бүхий хүмүүс Ази, Европын хамаг нөлөө бүхий улсуудын эсрэг шийдвэр гаргаад байгаа нь хачирхалтай. Дөнгөж саяхан гэхэд л АСЕМ болох гэж байгаа тул гэдэг үнэмшилгүй шалтгаанаар чухам АСЕМ-ийнхаа гишүүн голдуу 42 орны иргэд визгүй зорчих нөхцөлийг нэг жилийн ойн дээр нь цуцалчихав. Уул нь уг шийдвэр зөвхөн жуулчин татах гэхээсээ илүүтэй Монгол Улс,нэн ялангуяа Европын холбооны гишүүн орнуудтай харилцаагаа улам идэвхжүүлж гуравдагч хөршийн бодлогоо бататгах гэсэн агуулгатай байж билээ. Гэтэл цуцалсан шалтгаан нь чин үнэндээ визний орлогогүй болж нааш цааш болгох юмгүй болсон цөөхөн элчин сайдын л явуулга юм билээ. Төрийн бодлого залгамж чанаргүй болсны л гор юм даа.

Бэлтгэл ажил маань энэ янзаар өрнөвөл ирэх жилийн арга хэмжээнд дээд хэмжээний томчууд нь ирэхгүй, дундаж арга хэмжээ болон өнгөрч ач холбогдол нь сулрах магадлалтай. Онлайн эрх чөлөө эвслийн сайд нарын хурлыг нэг ч улсын сайдгүйгээр хүлээж аваад бантсандаа Естонийн Гадаад яамны газрын даргыг сайд гэж яриулан хөгөө чирсэн түүх Л.Пүрэвсүрэн сайдад бий.

Үерийн дараа усан дээр хог хаягдал хөвдөг шиг улс төрийн бужигнааныг дагаж эрдэм чадал дорой, ёс зүйгүй хүмүүс төрийн эрх мэдэлд гардаг гэдэг. Тийм хүмүүс олширч төрийн алтан аргамжаараа тоглож эхэлбэл тоглож буй зүйл нь уг чанартаа улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал болдог аюултай. Ийм аюул аль хэдийнэ бодитой болсны нэг жишээ нь хоёр хөрш маань хүлээж авахгүй, тэгсэн хэрнээ гуравдагч хөршүүдээ улам цааш түлхэх “Байнгын төвийг сахих бодлого” гээч юм. Энэ тухай мэргэжлийн хүмүүс тал талаас нь бичиж няцаасан тул одоо УИХ дээр өргөн барьсан хууль нь ч гацчихаад байгаа. Гадаад бодлогыг тодорхойлогч, төрийн эрх барих дээд байгууллагатайгаа зөвшилцөлгүйгээр ийм зүйл санаачилж түүнийгээ улсынхаа Ерөнхийлөгчөөр НҮБ-ын индэр дээрээс зарлуулчихаж байгаа Гадаад яамны удирдлага бол Ерөнхийлөгчдөө долигонох гээд хорлочихож байгаа төдийгүй улсаа давхар хорлож байгаагаа ч мэдэхгүй урсгал дагасан жижиг гарууд бололтой.

Б.Загдсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *