Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Төмөр замын салбарын “акул”-ууд төгссөн Тээврийн удирдлагын анхны бакалаврын анги

Ангийн төгсөлтийн 15 жилийн ойгоор

Нэг намар, хоёр намар, гурван намар… Нэг л мэдэхэд 20 намар. Цаг хугацаа гэж ийм л хурдан санж. 1998 онд Төмөр замын техникумын Тээврийн удирдлагын зохион байгуулалтын инженерийн анхны бакалаврын ангийнхан сургуулиа төгссөнөөс хойш 20 жилийг ардаа үдсэн байна. Харин энэ жил тэдний төгссөн хуучнаар Төмөр замын техникум одоогийн Төмөр замын дээд сургуулийн 65 жилийн ой өнгөрөгч долоо хоногт тохиолоо. Сургуулийнх нь ойгоор тус ангийнхны ойн уулзалт давхар тохиож байна. Анх есөн эрэгтэй, 11 эмэгтэй нийт 20 оюутан Төмөр замын техникумын босгыг алхаж, замаасаа хэн нэгэн нь хазайлгүй явсаар ам бүлээрээ сургуулиа төгсч чадсан байна. Тэднийг оюутан болж байхад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгмээс, зах зээлийн эдийн засагт шилжиж байсан хүндхэн цаг үе л дээ. Нийгэм бүхэлдээ үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, тэр тусмаа боловсролын системийн өөрчлөлт, шинэчлэлт явагдаж, дээд боловсролын тогтолцоонд өөрчлөлт орж байсан юм. Төмөр замын техникумын Тээврийн удирдлагын зохион байгуулалтын инженерийн анхны ангийнхны 20 жилийн ойн баярынх нь өмнө болзсон газраа явж очиход ангийн дарга Т.Доржжанцан, ангийнхан нь “орос цэрэг” хэмээн өхөөрдөн хочилж байсан Д.Пүрэвдорж, “багийн заан” хочтой Р.Батсүх нар хэдийнэ ирчихсэн сургуулийн ой болон ангийнхаа 20 жилийн уулзалтын бэлтгэл ажлын талаар ярьж суув. “Монголын том сонины том буланд гарах гэж байна. Ангийн дарга Доржжанцан ах одоо бүх юмаа ярина” гээд Д.Пүрэвдорж, Р.Батсүх хоёр нь инээлдээд байх юм. Төмөр замын техникум анхны бакалаврын ангиа нээхдээ ерөнхий боловсролын сургуулиа дөнгөж төгссөн сурлага сайтай 10 хүүхэд, төмөр замын салбартаа хэдэн жил ажиллаж өртөөний даргаас эхлээд тодорхой албан тушаал хашиж байсан 10 хүнийг нэгтгэн нэг анги болгож байж. Тийм болохоор би чинь 31 настай хөгшин оюутан анх Сайншандаас ирж байлаа шүү дээ хэмээн ангийн дарга Т.Доржжанцан инээж байсан юм.

Р.Батсүх бидний ярианд хүч нэмэн багш нарынхаа тухай заавал ярих ёстой шүү. Мундаг багш нарын гараар орсон шүү дээ гэлээ. Тэрбээр “Манай сургуульд олон жилийн туршлага, мэдлэг, чадвар өндөртэй багш, сурган хүмүүжүүлэгч нар олон байсан учир тэрхүү ороо бусгаа цаг үед бусад сургуулиудын тухайн үеийн байр байдалтай харьцуулахад багш нарын тогтвор суурьшил хичээл, сургалтын үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол, хийдэл гаралгүй даван туулсан гэж бодож явдаг. Биднийг сургуульд ороход анги удирдсан Түмэнжаргал гэж тормолзсон алаг нүдтэй, нүүрэндээ байнга инээмсэглэл тодруулсан багш манай ангийг даан авч төмөр замын анхны “А”-г зааж өгч билээ. Мэргэжлийн хичээлийн багш нар болох хөдөлгөөн зохион байгуулалт Энхбаатар, Д.Сүхээ, ТАД-ийн Цэрэндаш, ачаа тээврийн И.Мөнхбаяр, ерөнхий курс Түмэнжаргал, СЦБ-ийн Ганчимэг, Замын Лхагва, Довчинжамц, ерөнхий эрдмийн багш нар болох математикийн Гомбосүрэн, Боргой, химийн Энхтуяа, физикийн Ооскоо, шугам зургийн Сувд, Балжинням, орос хэлний Шаравнямбуу зэрэг ёстой л нэг багшлах эрдэмд мэргэшсэн, ардын хүүхдүүдийг сургахын төлөө хоёргүй сэтгэлээр хандсан “Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ” гэдэг эшлэл тэд нарт маань зориулж бичсэн мэт санагдахаар сайнч, сайханч багш нараар эрдэм ном заалгаж явсандаа бахархаж явдаг” хэмээн сэтгэл нь хөдөлсөн байдалтай хэлж байлаа.

Д.Пүрэвдорж, Т.Доржжанцан нар “Манай ангийнхан аравдугаар сард 20 жилийнхээ ойн уулзалтыг хийнэ. Гадаадад байгаа ганц хоёр маань л ирж амжихгүй байх. Бусад нь бүгд ирнэ ээ” хэмээн ойн уулзалтынхаа талаар ярьж эхэлсэн юм. Ийн яриа өрнөж байтал АНУ-д ажиллаж амьдарч байгаа Б.Бат-Эрдэнэ, Д.Энхсайхан нар Д.Пүрэвдоржтой цахимаар холбогдон, ангийнхандаа мэнд хүргэж байсан юм. Тус ангийнхан сурлага сайтай хүүдүүд, өртөөний даргаас эхлээд мэргэжлээрээ тэргүүлж явсан хүмүүс нэг анги болсон тул сурлага, урлаг, спортоор сургуульдаа толгой цохисон шилдгүүдийн анги байж. Эл ангийнхнаас “Мөнхийн гэгээнт” компаний захирал Б.Энхбаяр, “Болор ус” компанийн захирал Ч.Гантөмөр, “Монгол экспресс” компанийн дэд захирал Д.Сайханжаргал, тус компанийн хүний нөөцийн албаны дарга Д.Шинэцэцэг, “Бодь” группийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Шинэбаяр, “Хуримт” констракшны захирал М.Амарсайхан нар өдгөө хувийн хэвшилд ажиллаж байгаа бол бусад нь мэргэжлийнхээ ажлыг 20 жил хийж байгаа гэнэ. Тухайлбал, УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдорж, УБТЗ ХНН-ийн ачаа тээвэр хариуцсан хяналтын байцаагч Т.Доржжанцан, УБТЗ ХНН-ийн МСҮТ-ийн ерөнхий нягтлан бодогч Н.Алтанчимэг, УБТЗ ХНН-ийн Дархан өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Г.Гантуяа, Зорчигч тээвэр хариуцсан орлогч дарга Д.Нарантуяа, Сүхбаатар өртөөний Зорчигч тээвэр хариуцсан орлогч дарга Ж.Дэжигмаа, Эрдэнэт өртөөний Хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Хэнзсүрэн, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн төмөр замын логистикийн албаны инженер С.Мөнхзаяа, МТЗ ТӨХК-ийн Төмөртэй өртөөний дарга С.Энхтайван, УБТЗ ХНН-ийн Статистик бүртгэл мэдээллийн албаны инженер Б.Нансалмаа, УБТЗ ХНН-ийн_ АБТЭМ ангийн инженер Р.Энх-Амгалан нар мэргэжлээрээ нэр хүндтэй ажиллаж байна. Харин Р.Батсүхийн хувьд МТЗ ТӨХК-ийн дэд захирлын албыг хашиж байгаа хэмээн ангийн дарга Т.Доржжанцан хэлсэн юм. Тээврийн удирдлагын зохион байгуулалтын инженерийн ангиас Д.Сайханжаргал, Р.Энх-Амгалан нар гэр бүл болоход нь ангиараа очиж байсан гэнэ. Тус ангийн Д.Шинэцэцэг, Д.Шинэбаяр хоёр эгч дүүс аж.

Р.Батсүх дурсамж хуваалцъя гээд “Сургуульдаа ороод төмөр замын ерөнхий курс гэдэг хичээл орлоо. Хичээл эхлээд энэ номыг уншиж, судлахгүйгээр төмөр замыг ойлгож, цаашид суралцахад хүнд болно л гэж багш хэлж байна. Бүгд л номын сангаас өнөө алдарт шар номоо авцгаалаа. Гэртээ хариад уншиж эхэллээ, эхлээд л дотор нь “цариг” гээд үг орж байна, ойлгодоггүй. Тэгээд бодлоо төмөр замтай холбоотой юм чинь “царил” гэсэн үгийг алдаад бичсэн байх гэж, аминдаа төмөр рүү нь ойртуулж ойлгож, бодож байгаа нь тэр. Цааш уншаад л байлаа явдаггүй ээ ойлгох юм даанч алга. Ерөнхий курс орохоор нь багшаасаа энэ номын алдааг олсон гэсэн шүү юм бодоод, зоригтойхон л асуулаа, багш бөөн инээд болоод надад тайлбарлаж өгснөөр ийнхүү анх төмөр замын техникийн шинжлэх ухааны хэллэг, ойлголттой нүүр тулсан даа” хэмээн ангийнхан руугаа хараад инээмсэглэв.

Нэг удаа ангиараа шалгалт өгч байж. Ангийнх нь охинд хүлээн авах, явуулах замын ашигтай уртын тодорхойлолт гэсэн асуулт ирж. Гэтэл ангийн охин нь “Дохионоос…” гээд л цаашаа явдаггүй гэнэ дээ. Ангийнхан руугаа эргээд хартал нэг нь аминдаа “хязгаарын шон” гэж хэлүүлэх санаатай гараа дээш өргөөд шипий өгтөл ангийнх нь охин шууд утгаар нь ойлгоод дохионоос дээшээ гээд аваад хаячихсан юм байх. Ангиар дүүрэн инээд болж багш нь нулимсаа гартал инээгээд “Агаарт ашигт урт боддог” гээд л нэр өгчихсөн гэж байв. Энэ мэт төмөр замчин оюутан болох гэж хөглөж явсан дурсамж тэдний дунд олон бий аж. Ангийн дарга Т.Доржжанцан шүлэг бичих дуртай нэгэн. Шүлэг нь тийм ч муу бас биш. Тиймээс маш олон өртөөнөөс түүнд захиалга өгч шүлэг бичүүлж байсан юм. 20 жилийн өмнө сургуулиа төгссөн залуус өнөөдөр Төмөр зам болон хувийн хэвшилд ид хийж бүтээх насан дээрээ гялалзаж явна.

Тэднийг оюутан байх үед дадлагын хичээл дээрээ ангийн багш нь вокзал дагуулж явдаг байж. Тэнд очоод “За, нөгөө сум гэдэг чинь энэ” гэж байгаад л дов, ялгах зам, хүлээн авах, явуулах зам гээд л бүгдийг харуулж, зааж өгдөг байсан талаар тэд ярьцгаасан юм. Багш нь зүгээр үзүүлээд тойроод явахгүй, төмөр замын байцаагч шиг л хэмжээ, дамжааг нь асууна, дадлагын ажилд сарын хугацаатай өртөөдөд хуваарилаад явуулахад бараг төмөр замчин болоод ирцгээдэг байсан аж. Дадлагын ажлын хамгаалалт гэж курсын ажил хамгаалахаас ч илүү шалгуураар орж асуугддаг байжээ. Үнэхээр мэргэшсэн шиг мэргэшиж эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваа нь өнөөдрийн цаг хугацаанаас эргээд харахад мэдрэгдэж байгаа юм. Ангийнхан хоорондоо эргэх холбоо сайтай явсаар өнөөдрийг хүрсэн байна. Ангийн дарга Т.Доржжанцан “Би чинь Сайншандад өртөөний даргаар ажиллаж байгаад 31 настай оюутан болж ирсэн. Сайн зүйлс их заасан. Саар нь ч байсан байх. Энэнээс эхлээд (Р.Батсүхийг заагаад) хатуу юм ч хүртээж сургасан байх. Гэхдээ өнөөдөр ингээд дарга болоод явцгааж байгааг нь харахад муу ч ангийн дарга байгаагүй юм шиг байгаа юм даа” гээд инээмсэглэв. Р.Батсүх “Их ч олон юманд гүйлгэсэн дээ” гээд өөдөөс нь инээдээр хариу барилаа. Тус ангийнхан ангийн даргынхаа үгэнд маш сайн ордог байж. Цэцэг шиг охидоо гундааж болохгүй гээд ангийн охиддоо маш хүндэтгэлтэй хандаж ирсэн талаар бүгд хэлж байлаа. 20 хавар, 20 зун, 20 өвөл, 20 намар өнгөрсөн ч анги хамт олноо гэх сэтгэлийн оч нь огт буураагүй гэдэг нь тэдний ярианаас илхэн байв.

Тэдний ангиас Т.Доржжанцан төрийн дээд одон Алтан гадас, Д.Шинэбаяр Хөдөлмөрийн хүндэт медаль хүртжээ. “Хүндэт төмөр замчин” цолоор М.Амарсайхан, Б.Энхбаяр, Д.Хэнзсүрэн, Т.Доржжанцан нар шагнагдсан аж. Түүнчлэн “Төмар замчны алдар”-ыг Д.Пүрэвдорж, Д.Хэнзсүрэн, “Тэргүүний төмөр замчин” Р.Батсүх, Д.Дэжигмаа, Г.Гантуяа, С.Мөнхзаяа, Д.Хэнзсүрэн, Н.Алтанчимэг нар, “Онц хөдөлгөөнчин” цолоор Д.Пүрэвдорж, Д.Нарантуяа, Р.Батсүх, Б.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр шагнагдсан талаар өнөө гурав маань ам уралдуулан ярих нь нэг ангийнхан гэдэг ийм л байдаг даа хэмээн бахархмаар байсныг нуух юун. Тээврийн удирдлагын зохион байгуулалтын инженерийн анхны бакалаврын ангийнхан сургуулиа төгсөхдөө сургуульдаа автомат хэрэглэлийн кабинетийг иж бүрнээр нь тохижуулж өгч байжээ. Ангийн дарга Т.Доржжанцан “Би 30 гарчихсан ангийнхан дундаа л хөгшин товарищ байлаа. Нэг өдөр Батсүх барилдъя гээд болдоггүй. Манай Батсүх чинь Төв аймгийн Сэргэлэн сумын багийн заан цолтой (инээв). Хөгшин ахтайгаа барилдаад уначихсан. Дахиж барилдах гээд шаралхаад байхаар нь хүн наадмаар нэг л барилддаг юм” гээд болиулж байсан удаатай аж. Мөн нэг өдөр ангиараа бүхээгтэй 53 машинд суугаад Төв аймгийн Сэргэлэн сум руу явж. Р.Батсүхийндээ л очих гэж яваа нь тэр. Анх удаа айраг ууж үзэх нь үзэж, Ээж хаданд очиж уйлах нь уйлаад мөргөж сөгдөөд буцацгаасан гэнэ. Нэг хөгтэй зүйл болсон нь нэлээд оройхон Улаанбаатараас хөдөлсөн тул харуй бүрийд л Сэргэлэн сум орсон юм байх. Давхиж давхиж нэг айлын гадаа очоод “Энэ айлын гэр хойшоо харчихсан байна” гэхээр нь ангийн дарга “Хойшоо ч хараагүй байна аа. Чи ор” гээд Батсүхийгээ оруулчихаж. Айлд ороод “Танайх Сэргэлэн сумын айл уу” хэмээн асуутал гэрийн эзэн “Сүхээ хүү юу даа” гэхээр нь хартал саахалт айлынх нь байсан аж. Гэрийнхээ хаяанд ирчихээд гэрээ олдоггүй золигийн хүүхэд шүү хэмээн ангийн дарга явуулж, Д.Пүрэвдорж цаана нь инээмсэглэсээр суулаа. Энэ мэтчилэн хөгжилтэй дурсамж олон ажээ. Тус ангийн оюутнууд халаасан дахь мөнгөнүүдээ нийлүүлж байгаад 250 төгрөгөөр хонины чанасан толгой худалдан авч идэж, ангидаа цайгаа буцалгаж уугаад подхийтэл гэдэс гарчихдаг байж. Иймийн учир оюутан ахуй цагийн гэрэлт дурсамж нь алтан шаргал намраар илүүтэй бодогддог гэнэм.

Тухайн үед Төмөр замынхан, 120 мянгат, 220 мянгантынхан гээд атаман их байсан цаг. Тиймээс сурахын хажуугаар хүнд зодуулахгүй байхаас эхлээд амьдралын их тэмцэлтэй байлаа шүү дээ хэмээн Д.Пүрэвдорж ярив. Баруун дөрвөн замаас хуучин Тээврийн товчоо хүртэл ёстой л амьдрал буцалж байсан. Тоглоом тоглуулсан хүмүүс, хоол, шагийн архи зардаг хүмүүс гээд байхгүй юмгүй гэж байлаа. Математикийн багш Гомбосүрэн нь тэдэнд маш их даалгавар, давтлага өгдөг байж. Гооёо багш бидэнд сайн учраас багшийн хамгаалалтад байгаа хүүхдүүд рүү сургуулийн хэмжээнд хэр баргийн хүмүүс халдаад байдаггүй байсан хэмээн ярьцгаасан юм. Д.Пүрэвдорж “Биднийг оюутан болоход ТМС татан буугдаж, сүүлийн төгсөлд нь хагас жилээр төгсч байсан. Тэр хагас жил л хэцүү байсан. Хоёрдугаар курст ороод асуудалгүй болсон” хэмээн инээж байлаа. Ангийн хөвгүүд Төмөр замаас Үйлдвэр комбинат хүртэл шуудайтай шил үүрч аваачин тушаадаг байж. Үүнийхээ хөлсөнд нэг талх, ундаахан авах хэмжээний мөнгөтэй болж аваад авахаар зориг шулуудсан зүйлсээ авч ангидаа очиж найрладаг байсан гэх. Шилээ тушаачихаад буцах замдаа цөөхөн хэдэн төгрөгөө атамануудад алдахгүйн тулд тун чиг их хямгаддаг байсан аж. “Өөрийнхөө төлөө яваагүй юм аа. Ангид хүлээж байгаа найзуудынхаа төлөө явдаг байсан. Өлсчих вий гэхдээ ингэж явдаг байлаа шүү дээ. Одоо ч сайхан болж дээ” хэмээн Пүүжээ ширээгээ тулан босч цонх ширтэн зогслоо. Тухайн үед хуйхалсан чанасан толгой 250 төгрөг байсан болохоор амар байсан юм. Гэхдээ ангийн дарга бидэнд амсуулаад өөрөө үлдсэнийг нь идчихдэг байлаа шүү дээ хэмээн Д.Пүрэвдорж ангийн даргаа цаашлуулан инээлдэнэ. Хэлийг нь идвэл хэлгүй болно. Чихийг нь идвэл дүлий болно гэдэг байсан хүн дээ гээд дахин нир хийтэл инээлдэв. Тухайн үед сургуулийн оюутны зөвлөлийн даргаар Р.Батсүх ажилладаг байж. Тэр сургуулийнхаа багийг ахлан Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Дэвжээ” тэмцээнд оролцон шилдэг дөрвөн багт шалгарч, Монгол Улсын шилдэг таван сургуулийн нэгээр шалгаруулахад гол үүрэгтэй оролцож, УИХ-ын дарга Р.Гончигдоржийн гарын үсэгтэй гадаадад нэг оюутан мастер хамгаалах нэг эрх авч ирж ангийн найз Д.Шинэбаяр нь явж байсан гэнэ. Энэ мэтчилэн ангиас анги дамжсан бахдам амжилт сургуулийн хэмжээнд бус улсын хэмжээнд гарч байсан удаатай. Энэ мэтчилэн олон дурсамжийг энд бичиж болно. Арав гаруй насны зөрүүтэй ах дүү мэт залуус нэг анги болон ижилдэн дасч, ээнэгшин дотносч энэхэн буурал замбуулинд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болохын сайхныг тод томруунаар харуулсаар явна. Нэг намар, хоёр намар, гурван намар… Хуанлийн хуудас намрын навчистай сэрчигнэн эргэсээр 20 дахь намар.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *