Categories
мэдээ улс-төр

Түйрэн дунд түмэн олон чинь амьдарч байна, зүгээр үү

Нийслэл хот зундаа улаан шороон дунд байдаг болсоор багагүй
хугацааг үдэж байна. Өнөө жил гэхэд л хойд чиглэлийн зуслангийн замыг шинэчилж
байна гээд нургисан улаан шороо л Улаанбаатарын урд захаас оволзож харагдах юм.
Мөн урт настай удаан жаргалтай Сонсголонгийн замын ажлаас болж хоёр гурван жил
нарийн ширхэгтэй улаан шороо л тэнгэр газрыг холбох мэт баганадан харагдана. Түүнчлэн
Өлзийтийн замын шороо гэж най алга. Замаа сайжруулж байгааг буруу гэж байгаа юм
биш, зөв. Гэхдээ зам засах бүрийд тэр хавийн айлууд ямар байдалтай зуныг үдэж
байгааг эрх биш хараа байлгүй. Цагаан бүрээстэй монгол гэр, нэг хоёр давхар
улаан тоосгон байшингууд лав гэр, байшин гэдэг утгаа алдаж, манарсан саарал юм
л харагдах юм. Улаанбаатарын замын ажлуудаас болж тухайн газрын айлуудын
амьдрах нөхцөл үнэндээ л хэцүү болж байна. Тэд Улаанбаатарт газар олдохгүй тул
эндээ байхаас өөр арга алга хэмээн гүрийхээс өөрийг хийсэнгүй. Замын ажил авсан
компани ядаж шороон замаа өдөрт ганц хоёр удаа услаж баймаар юм. Тэдгээр
компаниуд мөнгөө л бодож байгаагаас биш хүнээ хүний тооноос хасч байна гэхэд
хилсдэхгүй.

Сонсголонгийн замаар явахын эцэсгүй. Тэнд түйрэн болдог гэхэд
дэгсдүүлсэн болохгүй болов уу. Өдрийн цагаар гэрлээ асаан яваа машинууд ар
араасаа орчих гээд түвэгтэй гэж жигтэйхэн. Машинтай сажлаад ч атугай явлаа гэж
бодоход тэнд явган алхах эцэсгүй. Гурван км үргэлжлэх шороон дунд нүдгүй мэт
явсаар байгаа таарна.

Хэрэггүй юман дээр хэл амаа билүүдэх дуртай манайхан хэрэгтэй зүйл
дээр “Пүү паа, балиар шороо” гэж “гаслах”-аас өөрөөр өөрсдийнхөө эрхийн төлөө
явж чадахгүй байна л даа. Ядаж л “Та нар зам барьж мөнгө олж байгаа юм бол,
ядаж ус цац” гэдэг шаардлагаа тавих эрхтэй. Замын компаниуд ус цацаж замын хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангаж байна уу, иргэдийн эрүүл орчинд амьдрах эрх хангагдаж
байгаа юу гэдгийг төр хянах ёстой л доо. Тиймээс хотын захиргааныхан ажлаа
хийж, нийслэлийн иргэдийнхээ амар амгалан амьдрах нөхцөл боломжийг хангаж өгөхөд
анхаараачээ. Ер нь бол төрийн байгууллага түмэн олондоо үйлчлэхийн тулд байдаг.
“Манарсан улаан шороогоо ус цацаж дар” гээд хэлчих албан тушаалтан байхгүй бол
иргэд өөрсдөө үүнийгээ хянаж болох юм. Зам засварын ажил явагдаж байгаа
газруудын ойр орчмын 1000 хүн байлаа гэхэд гурван жил замын компаниуд үүргээ
хэр гүйцэтгэж байна гэдгийг хяначих бүрэн бололцоотой.

“Найрсаг Улаанбаатар” гэж чихэнд сонсголонтой сайхан үг. Найрсаг
Улаанбаатартай болъё гэж хотын захирагч байнга хэлж байгаа. Үнэхээр тийм орчин
цагийн нийслэлийг бүтээн бий болгоё гэж байгаа бол шорооноосоо салъя. Гүйцэтгэгч
компаниудаа хариуцлагатай ажлыг нь хийлгэе. Түйрэн дунд түмэн олон чинь амьдарч
байна, зүгээр үү.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *