Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тугалган цагдаагаар юу хамгаалуулах вэ

Тугалган цэрэг гэж дэлхийд алдартай
хүүхдийн тоглоом бий. Магад заримынх нь санаанд Андерсены “Эрэлхэг тугалган цэрэг”
үлгэр буух биз. Тугалган цэргийн тухай түүх янз янзаар бичигддэг. Анх Египетийн
Фараоны булшнаас тугалган цэрэг олдсон гэж тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь манай эриний
өмнөх 2000-аад оны үеийн эд болж таарна. Мөн дундад зуунд хүүхдүүдийг цэргийн эрдэмд
багаас нь сургах гэж тугалган цэргээр тоглуулдаг байж. Зарим сурвалжид 1730-аад
оны үед Пруссын хаан II Фридрих байлдааны тактик боловсруулахын тулд тугалган цэрэг
хийж тэр нь Европоор тархан ажил хэрэг, цэргийн тактик боловсруулахдаа ашигладаг
зүйл төдийгүй, тоглоом наадгай ч болсон гэж дурджээ. Наполеон Бонапарт ч тугалган
цэрэг цуглуулах дуртай хүн байж. Тэрээр өөрийн цуглуулсан олон мянган тугалган цэргээ
байлдааны тактик боловсруулахдаа ашигладаг байсан төдийгүй цөллөгт байхдаа тулалдаанд
гаргасан алдаануудаа тугалган цэргээр төлөөлүүлэн байрлуулж дүгнэлт хийж суусан
гэдэг. Гэхдээ тугалган цэргээр тоглодог л болохоос тулалдаанд оруулдаггүй гэсэн
хэлц үг байдаг. Яг үүн шиг манай Монгол Улс цагдаагаа тугалган болгох гээд байна.
Тэднийг гэмт хэрэгтэй тэмцүүлэхгүй нь. Цагдааг хүн бүр элдэвлэж, хэн дуртай нь доромжилж,
шаардлага тавихаар нь эсэргүүцэж, гар утсаараа бичлэг хийж нийтийн сүлжээнд тавина
гэж сүрдүүлнэ, зарим нь шууд л цагдааг буруутай болгон нийтийн сүлжээгээр хийсэн
бичлэгээ цацдаг. Цагдаад дуртай хүн гэж байхгүй. Зодоон, тэмцэл, хулгай дээрэм,
хүчирхийлэл юу л болно “Цагдаа дуудна шүү” гэж айлгах хэрнээ сайнаар хэлэх хүн олдохгүй.
Үйлдэл бүрийг нь элдэвлээд байхаар Монголын цагдаа тугалган болох нь. Үүний нэг
жишээ нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ерөнхий сайдтай биечлэн уулзаж, Цагдаагийн
дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа өгсөн гэж мэдэгдсэн. “Асуудал
байгаа учраас Ерөнхий сайдад хандсан. Ажлын арга барилын хувьд бусад байгууллагатайгаа
уялдаатай ажилладаггүй” гэж Цагдаагийн даргын тухай тэрээр ярьсан байна лээ. Харин
Ерөнхий сайд тийм бичиг хүлээж аваагүй гэлээ. Цагдаагийн даргыг ажлаас нь чөлөөлөх
бичгийг Ерөнхий сайдад өгсөн ч бай, өгөөгүй ч бай цагдааг тугалган болгон мохоох
гэсэн нэг л хэлбэр гэж харагдаж байна. Хууль зүйн сайд бичиг цаас өгөх болсон шалтгааныг
санацгаая.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг
гэх хоёр компанийг шалгахын тулд цагдаагийнхан тусгайгаа хөдөлгөсөн. Цагдаагийнхан
элдэв үймээнээс урьдчилан сэргийлж тусгайгийнхныг аваачсан гэж тайлбарлаж байна
лээ. УИХ-ын гишүүний дархан эрхэд халдах гэлээ гээд үүдээр нь дүүрэн бөхчүүд цуглачихсан.
Улстөрчид ээлж дараалан ирцгээсэн. Яаж ч бодсон гурван цагдаад шалгуулахааргүй харагдаж
байна лээ. Асашёрюү аварга “Би ороод уулзаадахъя” гэсээр зүтгэхэд цагдаагийнхан
“Та биднийг ойлгоорой. Бид нар ажлаа л хийж байна” гэж байсан. Энэ үед тусгайгийн
нэг нөхөр гарч ирээд “Оруулах боломж байхгүй” гэж нэг том дуугарна лээ. Ингэх ч
ёстой юм. Тэнд цугласан олон хэнд ч дийлдэхээргүй байдалтай харагдсан. Гар гарнаасаа
барьчихсан. Дээр нь Монголын хамаг л нэртэй зүстэй тамирчид ирчихсэн. Тэр улсуудыг
очсоныг буруутгах ч юу байхав. Тамирчин болоход нь тусалж дэмжсэн, жүдо бөхийн спортод
хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүнээ өмгөөлж, хамгаалъя гэж очсон л байх. Гэхдээ л энэ
үйлдэл нь цагдааг мохоох гэсэн шиг харагдсан. Ер нь манайхан цагдаагаа системтэйгээр
мохоох гэж ирлээ. Анхаарал татсан, тэр тусмаа улстөрч, өндөр албан тушаалтныг баривчлах,
шалгах үед энэ нь илүү олон нийтэд анзаарагддаг. Н.Энхбаярын баривчилгаа цагдаа,
хуулийн байгууллагынханд асар их халтай болсон. Мөн л нэр сүртэй хүмүүс цуглачихсан,
өөрөө очиж шалгуулахгүй гээд зүтгээд байхаар өргөж аваад “оймсыг нь гозолзуулаад”
авч явсан. Угтаа шаардлага биелүүлээд очиж шалгуулсан бол цагдааг муухай харагдуулах,
нэр хүндийг нь унагах явдал болохгүй байлаа. Манайхан болсон хойно баригдаж, шалгагдаж
байгаа хүнийг л өрөвддөг шүү дээ. Нөгөө хүнийг буруу хэрэг хийсэн гэж ярьж хэлж,
шүүмжилж байснаа цагдаа очоод бариад явах болохоор л цагдаа хуулийнхан шиг муу хүнгүй
болгож ярьцгаасан.

Долдугаар сарын нэгнийг санаж байгаа
биз. Тэнд цагдаа үүргээ гүйцэтгэснийхээ төлөө хохироход хэн ч тэдний эрхийн тухай
дуугараагүй. Дээрээс тушаал өгч буудуулчихаад хэдэн хурандааг барьж хорьсон шүү
дээ. Тэр хурандаа нар хэн гэдэг цагдаа хүн буудсаныг мэдэж байсан л биз. Шийр заагаад
л нэрийг нь хэлэхгүй өөрсдөө хэргийг үүрээд шоронд орсон болохоос. Энэ мэтээр Монголын
цагдаагийн зоригийг мохоож, ажлыг нь хийлгэхээ байлаа. Цагдаа улстөрчийг шалгавал
даалгавартай хийсэн болчихдог. Угтаа улстөрчдийг шалгахад л нийтээрээ мэдэж байгаа
болохоос гэмт хэрэг үйлдсэн бол, сэжиглэгдэж байгаа бол хэн ч байсан шалгуулдаг.
Цагдаа зүгээр л ажлаа хийж байгаа. Харин ажлаа хийхэд нь бүү саад бол. Тиймээс Монголын
цагдаа эрэлхэг байх хэрэгтэй. Цагдаа нар хүчтэй, эрэлхэг байхгүй бол бид яаж амар
амгалан байх билээ. Монголын цагдааг улстөрчдийн тактик боловсруулж тоглодог тугалган
цэрэг битгий болго. Цагдаа хүчнийхэн ямар нэг компани, хувь хүнийг шалгахаар очих
үед Монголын улстөрчид бүгдээрээ гүйгээд оччихдог. Р.Чингисийг үүрэгт ажлаас нь
чөлөөллөө гэхэд дараа нь хэн нэгэн Чингис гарч ирээд шалгаж л таарна. Хоёрхон сарын
дараа сонгууль болж АН, МАН-ын аль нь ч эрх барилаа гэсэн шинэ засаг бий болно.
Тэр хүртэл юунд Цагдаагийн даргыг солих гэж яарна вэ. Тэртэй тэргүй хоёр сарын дараа
л өөрчлөгдөнө шүү дээ. Монголын цагдаад ганц Р.Чингис гэдэг хүн байдаг юм биш.

Арав гаруй мянган алба хаагчтай
байгууллага сонгон шалгаруулалт явуулж эгнээндээ хүн нэмэх гэхээр чадалтай зоригтой
залуус нь шантраад очихоо байсан аж. Гэхдээ л Монголын цагдаад иргэдийн итгэл алдарчихаагүй
л байна. Харин улстөрчид Монголын цагдааг тугалган болгочихвол бид хэнээрээ хамгаалуулах
юм. Тулаанд ордоггүй тугалган цагдаагаар хамгаалуулах уу.

Цагдаагийн шалгах үйл ажиллагаа
руу гүйгээд очдог улстөрчид маань Цагдаагийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын
тухай хуулийг хэлэлцэхгүй хойшлуулсаар өдийг хүрлээ. Угтаа энэ хуулийн төсөлд цагдаагийн
алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд чухал хэрэгтэй заалтууд тусгагдсан юм билээ.
Энэ хууль улстөрчдийн сонирхлыг татахгүй ч цагдаагийнхны шалгаж байгаа хэрэг, даргыг
нь халж солих асуудал бол анхаарлын төвд нь л байх юм даа.

М.СҮЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *