Агаарын дүүжин замаар явж байхдаа мөргөлдөж, гэмтсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс “Налайх дүүргийн 6 дугаар хороо Горхи, Тэрэлжийн цогцолбор газарт байрлах аялал жуулчлалын газарт 2023 оны наймдугаар сарын 13-ны өдөр 15-36 насны эрэгтэй, эмэгтэй иргэд агаарын дүүжин замаар явж байхдаа хоорондоо мөргөлдөж, гэмтсэн гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол мэдээллийг бүртгэлд авч шалгаж байна” гэв.
Иргэд аялал зугаалгаар явахдаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, өөрийн аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Түүнчлэн Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Ногоон нуур гэх газарт өчигдөр Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нуурын усанд осолдож, эрэгтэй, эмэгтэй хоёр хүний амь хохирсон харамсалтай осол гарчээ.