Удаан хугацааны гемодиализ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлыг төрөөс олгох тухай Засгийн Газрын шийдвэрийг олон нийтэд танилцуулах “Талархалын хурал” өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хурлын танхимд боллоо.
2017 оноос цусны хавдартай болон урт хугацааны гемодиализийн эмчилгээнд орж байгаа иргэдийн эмчилгээний төлбөрийг төрөөс даана гэсэн хууль тогтоомжийг Засгийн Газраас гаргажээ.
Энэ талаар Монголын Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл Холбооны тэргүүн Т.Адъяатөмөр“Улсын хэмжээнд жилд 500-700 хүн гемодиализийн эмчилгээнд ордог гэсэн тоон мэдээлэл байна.
Энэ асуудлыг шийдэж өгч байгаа нь тухайн өвчтөн болон өвчтөний гэр бүлд эдийн засгийн хувьд том хөшүүрэг болж байна гэж үзэж байна.
Энэхүү үйл ажиллагааг Засгийн Газраас цусны хавдар болон гемодиализтай өвчтөнүүдийн эмчилгээнд тусламж үзүүлж байгаад талархалаа илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байна.
Хууль тогтоомжийн хувьд 2017 оноос хэрэгжих төлөвтэй байна. Гэхдээ бид хэрэгжилтийн хугацааг хурдасгах тал дээр ажиллах болно” гэлээ.
Бөөрний архаг дутагдалтай хүн долоо хоногт гурван удаа, дөрвөн цагаар гемодиализийн эмчилгээнд ордог байна. Нэг удаагийн эмчилгээнд орох зардал нь 200,000 орчим төгрөг бөгөөд долоо хоногийн эмчилгээнд 600,000 төгрөг байна гэсэн үг юм.
Энэ тухай УНТЭ-ийн Бөөрний Төвийн дарга Б.Бямбадаш “Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл хурдацтай нэмэгдэж байна. Бөөрний эмчилгээ нь өртөг, зардал өндөртэй байдаг.
Улсын хэмжээнд нийт 200 гаруй гемодиализийн аппарат байгаа боловч мөнгөний боломжоос болоод хүмүүс хамрагдаж чадахгүй байгаа.
Үүнтэй холбоотой Засгийн Газраас хувийн болон төрийн эмнэлэг ялгаагүй эрүүл мэндийн даатгалаар энэхүү эмчилгээнд хамрагдах шийдвэр гаргасанд эрүүл мэндийн ажилчид бид баяртай байна” хэмээн тайлбарлалаа.
Эмчилгээний зардлыг төрөөс дааснаар гемодиализ болон цусны хавдартай боловч төлбөрийн боломжоос хамааран эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа иргэдийн санхүүгийн хүндрэл шийдэгдэж эмчилгээндээ бүрэн хамрагдах боломж бүрдэх ажээ.
Энэ талаар УНТЭ-ийн гемодиализийн эмчилгээнд хамрагдагч Ц.Үүрцайх “Энэ бол маш чухал, баяртай үйл явдал болж байна. Төр засгаас эмчилгээний төлбөрийг дааснаар бид эмчилгээндээ бүрэн орж, бие сайжрахаас гадна гэр бүлийнхэн ч мөн адил дарамтаас сална.
Тиймээс нийт өвчтөнүүдийн өмнөөс болон тэдний гэр бүлийнхний өмнөөс төр засагтаа маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна” хэмээн ярьж байв.