Categories
мэдээ нийгэм

ЦУОШГ: Нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна

Image result for цасан шуурга

Цаг уур орчны шинжилгээний газрын гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Сарын эхээр буюу нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Сарын эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүрч ширүүсч, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Агаарын температур олон жилийн дунджаас дулаахан байх төлөв ажиглагджээ. Сарын нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна. Тухайлбал, Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх аж. Сарын сүүлээр буюу гуравдугаар арав хоногийн дунд үеэс дулаарч, говийн нутгаар Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Голын хөндийгөөр Увс нуур, Идэр, Тэс орчимд шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Төв аймгуудын нутгаар: Агаарын температур Сэлэнгэ, Төв аймгуудийн нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээс хүйтний эрч суларч, Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Энэ сард Булганы зүүн, Сэлэнгэ, Төв аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Агаарын температур Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээс хүйтний эрч суларч, шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч, шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нийт нутгаар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн эхээр нийт нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүсэх ба цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэс дулаарч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч, шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. Энэ сард Дундговийн зүүн хойд, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хагаст хур тунадас олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *