Цөмийн том гүрэн АНУ болон Хятад, Оросын хурцадмал байдал сүүлийн жилүүдэд дээд цэгтээ хүрсэн. Энэ гурван улс тус тусын цөмийн туршилтын талбайдаа шинэ байгууламж барьж, хонгил ухаж эхэлсэн нь хиймэл дагуулын зургаас тодорхой болжээ. Тэд цөмийн туршилт хийхээр бэлтгэж буйг нотлох баримт байхгүй ч жилийн өмнөхтэй нь харьцуулбал туршилтын талбайд өргөтгөлийн ажил багагүй хийгдэж байгаа юм байна.
АНУ Невадагийн цөлд, ОХУ Хойд мөсөн далайн бүлэг аралд, Хятад улс баруун хязгаарын Шинжаан мужид цөмийн туршилтын талбайтай.
Хиймэл дагуулаас авсан сүүлийн 3-5 жилийн зургуудыг харахад уг газруудад шинэ хонгил, шинэ зам, агуулахууд, мөн эдгээр газруудад орж гарч буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн илт нэмэгджээ. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх судалгааны төвийн профессор Жеффри Льюис “ОХУ, Хятад, АНУ цөмийн туршилтаа сэргээж магадгүй гэх маш олон сэжүүрийг бид харж байна. 1996 оны Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээнээс хойш гурван улсын аль нь ч туршилт хийгээгүй. Хятад, АНУ гэрээнд гарын үсэг зурсан боловч үүнийгээ батламжлаагүй байгаа” гэж хэлжээ. Мөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний хурандаа асан Седрик Лейтон гурван улсын цөмийн байгууламжийн зургийг хянаж үзээд үүнтэй адил дүгнэлт хийсэн байна. Тэрээр “Орос, Хятад, АНУ аль аль нь цөмийн зэвсгээ шинэчлэхээс гадна туршилт хийхэд шаардагдах үйл ажиллагааны бэлтгэлд асар их цаг хугацаа, хүчин чармайлт, хөрөнгө мөнгө зарцуулсан нь тодорхой байна. ОХУ гэрээг соёрхон баталсан ч АНУ түрүүлж хөдөлбөл Путин туршилт эхлүүлэх тушаал өгнө. Цөмийн туршилтын аюул нь нэг талаас АНУ, нөгөө талаас Орос, Хятад хоёрын хооронд өсөн нэмэгдэж буй зэвсгийн уралдаан хурдасч буйтай холбоотой” гэж дүгнэсэн байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн сард энхийн болон цэргийн зорилгоор туршилт хийхийг хориглосон олон улсын гэрээг соёрхон батлахыг бүх улсад уриалсан билээ. Гутерриш “Бид дэлхий даяар үл итгэх байдал, хуваагдалтай тулгарч байна. Дэлхийн өнцөг булан бүрд ойролцоогоор 13 мянган цөмийн зэвсэг байна. Эдгээрийн эзэн улсууд тэдгээрийн нарийвчлал, хүртээмж, хор хөнөөлийг нь улам сайжруулахаар хичээж байна. Энэ бол биднийг устгах жорыг сайжруулж байна гэсэн үг” гэж хэлсэн юм.
Профессор Жеффри Льюис Украин дахь Оросын армийн санаанд оромгүй муу амжилт цөмийн туршилтаа сэргээх сэжүүрийг Москвад өгч байж магадгүй гэж үзэж байна. Мөн Беларусь улс Оросоос тактикийн цөмийн зэвсэг хүлээж авсан гэж Александр Лукашенко наймдугаар сард мэдэгдсэн. Беларусь үүнийг гадаадын түрэмгийллийн эсрэг ашиглахад бэлэн гэдгээ ч мэдэгдсэн билээ.
ОХУ-аас Украинд бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлэх үед Хойд мөсөн далайн арал дахь цөмийн туршилтын талбайг өргөтгөж байгааг шинжээчид мэдээлж байсан. Мөн өнгөрсөн наймдугаар сард Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөн тус талбайд айлчилж байсан. Энэхүү “Новая Земля” аралд байх туршилтын талбайг ЗХУ анх 1955 онд ашиглалтад оруулсан бөгөөд 1990 онд газар доорх сүүлчийн туршилтыг хийжээ. Энэ хугацаанд тус талбайд 130 цөмийн туршилт хийсэн аж. Хиймэл дагуулын зургуудаас харахад 2021-2023 оны хооронд “Новая Земля “туршилтын талбайд томоохон бүтээн байгуулалт хийгдэж, усан онгоцууд болон шинэ тээвэрлэлтийн чингэлэгүүд боомтод ирэх болжээ. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд ОХУ тус талбайд шинэ хонгил ухах болсон байна. Гэхдээ туршилт хийхгүй зөвхөн барууныхныг айлгах зорилгоор ийн ажиллаж байж ч магадгүй юм гэж Жеффри Льюис хэлэв.
Хятадын баруун хэсгийн хүн ам сийрэг суурьшсан бүс нутагт “Лоп Нур” нэртэй ширгэсэн давст нуур бий. Хятадын цөмийн туршилтын энэхүү “Лоп Нур”-ын талбайд мөн идэвхжил нэмэгджээ. Хиймэл дагуулаас авсан зургаас харахад хятадууд тав дахь шинэ туннелийн малтлагыг хэдийнэ эхлүүлсэн байна. 2022, 2023 онд авсан зургуудыг харьцуулж үзвэл овоолгын хэмжээ тогтмол нэмэгдэж байгаа аж. Тиймээс хонгилуудыг өргөтгөж байна гэсэн дүгнэлтэд шинжээчид хүрчээ. Мөн тэсрэх бөмбөг хадгалах зориулалттай шинэ агуулахыг 2021, 2022 онд барьсан аж.
Жеффри Льюис “Хятадын туршилтын талбай нь Оросынхоос өөр. Хятадынх өргөн уудам бөгөөд олон янзын хэсгүүдтэй. Энэ талбай үнэхээр хөл хөдөлгөөнтэй харагдах болсон. Бид харж байгаа юм чинь АНУ-ын засгийн газар мэдээж олоод харчихсан байгаа” гэж хэлэв.
“Лоп Нур” дахь үйл ажиллагаа нэмэгдсэнийг Япон дахь хятад судлаачдын бүлэг мөн анхааруулжээ. Хиймэл дагуулын зургуудад дүн шинжилгээ хийсний эцэст “Хятадын зорилго бол цөмийн туршилт хийх явдал” гэж уг бүлэг дүгнэсэн байна. Дашрамд дурдахад, 1996 онд цөмийн туршилтаа зогсоосноо зарласнаас хойш Хятадын тал энэхүү амлалтаа байнга хүндэтгэж, цөмийн туршилт хийхийг хориглох тухай олон улсын зөвшилцлийг тууштай дагасан гэж уг албаныхан онцолжээ.
Стокгольмын Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгийн мэдээгээр ОХУ, АНУ нь одоогоор дэлхийн нийт цөмийн зэвсгийн 90 орчим хувийг эзэмшиж байгаа аж. АНУ-д 3700 гаруй цэнэгт хошуу, Орос 4500 орчим цэнэгт хошуутай гэсэн тооцоо байдаг. Харин Хятад 2022 оны нэгдүгээр сард 350 цэнэгт хошуутай байсан бол 2023 оны нэгдүгээр сард 410 болж нэмэгджээ. Дашрамд дурдахад, дэлхийн бүх цөмийн гүрнүүд, тэр дундаа Их Британи, Франц, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос, Израиль улсууд цөмийн зэвсгээ шинэчлэх ажлыг үргэлжлүүлж байна гэж “CNN” мэдээлсэн байна.
Г.АМАРСАНАА