Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.31) нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцууллаа.
Дараа нь Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох нь зөвхөн Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтөний өмнө тулгарч буй эрхэм зорилт гэдгийг тэмдэглэв. Энэ хүрээнд дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогод нэгдэж, цөмийн эрчим хүчийг “ногоон буюу тогтвортой, цэвэр” эх үүсвэр хэмээн зарлаж байгаа юм.
Дэлхий нийтийн жишгээс үзэхэд цөмийн түлш ашиглан 1 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрс ашиглахаас 68 дахин бага хэмжээгээр хүлэмжийн хий ялгаруулдаг бөгөөд 1 кг цөмийн түлш нь 100,000 кг буюу 2 воган нүүрсний хэрэглээтэй тэнцдэг байна. Дэлхийн зах зээлд цөмийн түлш, ураны хэрэгцээ жил бүр тасралтгүй өсөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 32 улс 440 цөмийн реактор ашиглаж байгаа бол шинээр барьж буй 63, барихаар төлөвлөсөн 88, ирээдүйд төлөвлөж буй 344 реактор хэмээн төслийн танилцуулгад дурдав.
Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA)-аас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 гэхэд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцооллыг гаргажээ.
Монгол Улс байгаль орчныг хамгаалах, хүлэмжийн хийг тэглэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор 1997 оны Киотогийн протокол, 2015 оны Парисын хэлэлцээр, 2021 оны Глазковын хэлэлцээрт тус тус нэгдэн орж, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах амлалтыг дэлхийн улс орнуудын өмнө хүлээсэн болохыг Н.Учрал сайд хэллээ.
Өнөөгийн байдлаар Монгол Улс 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд аравдугаарт эрэмбэлэгдэж байгаа аж. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх зорилтыг тусгаж, улмаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалын эрэл, хайгуулыг эрчимжүүлж, олборлолт, ашиглалтыг олон улсын жишиг стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх нь экспортын орлого нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, түншлэлд чухал ач холбогдолтой юм байна.
Хүн төрөлхтөн өдгөө цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах үйл ажиллагаанд дэвшилтэд технологи, өндөр түвшний стандартыг нэвтрүүлснээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, аюулгүй байдлын баталгааг хангах болсон гэв.
Манай улсын хувьд 1940-өөд оны сүүлээс цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны ажлыг эхлүүлж байсан бол сүүлийн жилүүдэд ашиглалтын аюлгүй байдлын чиглэлээр томоохон судалгааг хийж, холбогдох дүгнэлтийг гаргасан байдаг байна. Тухайлбал, уран олборлох, боловсруулах үйл ажиллагаатай холбоотой хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал эмнэлэг, цацраг, химийн чиглэлээр хийсэн судалгаанаас “ашиглалтын үйл ажиллагааг олон улсын сайн туршлага, стандартын дагуу хэрэгжүүлэх нь сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах” боломжтойг харж болно.
Гэвч цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалт хангалтгүй, хийдэлтэй байгаагаас нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл хязгаарлагдаж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.
Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай бие даасан хуулийн баталж, мөрдөж эхлэснээс хойш даруй 15 жил өнгөрсөн хэдий ч тухайн төрлийн ашигт малтмалын үндсэн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн туршлага байхгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Н.Учрал сайд тэмдэглэв.
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсан.
Түүнчлэн, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийн 1.1.1-д ”байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн нийтийн өмч байх эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ энэхүү баялгийг төр өмчлөх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашигласны үр өгөөжийн дийлэнх нь буюу тавиас дээш хувь нь Монголын ард түмэнд ногдох, шаардлагатай бол иргэдийн саналыг харгалзан Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх зарчмыг хуульчлах” -аар заасан.
Энэхүү зорилтын хүрээнд 2024 онд Улсын Их Хурлаас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувь болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр хуульчилсан юм.
Гэвч Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, түүнийг нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулан тооцохтой холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн ерөнхий зохицуулалт нь цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах харилцааны онцлогт нийцэхгүй, холбогдох харилцааг бүрэн зохицуулах боломжгүй байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Цөмийн энергийн тухай хуульд эдгээр зохицуулалтыг орхигдуулснаас цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах эдийн засгийн үр ашигтай хувилбарын сонголтыг хязгаарлаж, үр өгөөжийн дийлэнхийг хүртэж чадахгүй байх нөхцөл байдлыг үүссэн байна.
Түүнчлэн, Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах үйл ажиллагаанд аюулгүй ажиллагаа, уурхайн хаалт, хаягдлын менежмент, нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгах шаардлагатай гэв.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн, олон улсын сайн туршлагыг үндэслэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох бүрэн эрхийг Улсын Их Хуралд олгосон. Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбар буюу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ зэргээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор тусгасан байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн суурь, өсөн нэмэгдэх, тусгай гэсэн төрлүүдийг хуульчилж, суурь АМНАТ нь ашигт малтмалын борлуулалтын орлогын 5 хувь байхаар, нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаар 0-9 хувь байхаар, харин тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Улсын Их Хурал тогтоох нь зүйтэй хэмээн үзжээ.
Цөмийн энергийн салбарын гадаад хамтын ажиллагаа, экспорт өргөжиж байгаа нөхцөлийг харгалзан гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох, мөн цацраг идэвхт ашигт малтмалыг хүдэр хэлбэрээр экспорлохгүй байх заалтыг мөн тусгажээ.
Цацраг идэвхт ашигт малтмал ашиглахтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангаж, хүний эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг бүрдүүлж, тайлагналтыг хэрэгжүүлэх журмыг төсөлд тусгасан байна.
Цөмийн энергийн салбарт хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг тусгай зөвшөөрлийн хугацаатай ижил болгон өөрчлөх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.
Тус хуульд дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчин бүрдэж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх Үндсэн хуулийн зарчим хэрэгжих нөхцөл хангагдах юм байна.
Мөн тухайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ төрлийн үйлдвэрийг хөгжүүлэх, төсвийн орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлж, дэвшилтэт технологи, мэдлэг туршлагыг нэвтрүүлж, мэргэшсэн боловсон хүчний нөөц бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг бий болгохоос гадна Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн экспортлогч орон болох нөхцөл бүрдэнэ.
Төсөл санаачлагчийн илтгэлийн төгсгөлд цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, хүний эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхэд тавигдах шаардлагыг олон улсын түвшинд хүргэх болно хэмээн Н.Учрал сайд танилцуулсан юм.
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцууллаа. Байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулжээ. Хуралдаанд оролцсон гишүүд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 72.2 хувийн саналаар, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 72.2 хувийн саналаар, мөн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олонх нь дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан нам, эвслийн бүлгээс болон аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүнээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Б.Энхбаяр, Б.Жаргалан нарын гишүүд татварын хууль тогтоомж нь Монгол Улсын стратегийн орд газруудыг ашиглах хөрөнгө оруулалтын бусад давуу байдал болон шууд үйлчилдэг онцлогтойг хэлээд, төслийн хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь батлагдвал Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд хэрхэн нөлөөлөхийг тодруулж, хариулт авсан.
Түүнчлэн “тогтворжуулах татварын орчин” гэсэн шинэ заалт нь Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний алдааг залруулахаар 2013 онд Татварын ерөнхий хуульд оруулсан “татварын орчныг тогтворжуулах” гэдэг заалтыг хөндөж байгааг тэмдэглээд холбогдох төсөлд татварын давуу нөхцөл олгох шийдвэр гаргаж байгааг хэлж байв. “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан ажиллаж байгааг Н.Учрал сайд хариултдаа дурдаад “тогтворжуулах татварын орчин” гэдгээ тодорхой томьёолсноор өмнөх алдаагаа давтахгүйгээс гадна дараа дараагийн хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэлийн хүрээнд үүсэх эрсдэлт үр дагавраас сэргийлж байгаа гэдэг тайлбарыг өгөв. Б.Энхбаяр гишүүн, хамт өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд оруулж буй стратегийн орд газар дахь саналын эрхийн хувьцаанаасаа татгалзаж, давуу эрхийн хувьцаагаар солих өөрчлөлт нь бусад стратегийн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарах эрсдэлийг тооцох талаар санууллаа.
Засгийн газрын зүгээс стратегийн ордод хөрөнгө оруулах гэрээг төсөл бүр дээр өөр хэлбэрээр хийж болох эрх зүйн орчныг бүрдүүлж, Улсын Их Хурлаас эцэслэн шийдвэрлэдэг байх зохцуулалтыг бүрдүүлж буйгаа онцлон Н.Учрал сайд тайлбарлав. Үүний зэрэгцээ алдаанаасаа суралцан энэ төрлийн хөрөнгө оруулалтын гэрээг дагалдуулж хууль эрх зүйн орчныг өөрчилдөг байдлаас салж, эхлээд Цөмийн энергийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Улсын Их Хурлаас баталсан хуульдаа нийцүүлэн хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулдаг зөв жишгээр ажиллахаар төлөвлөсөн байна.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн, эсрэг байр суурьтай бүлгийг төлөөлж, мөн аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүд үг хэлэв. С.Ганбаатар гишүүн, төслийн танилцуулга дээр хямд, цэвэр, ногоон эрчим хүчний эх үүсвэр гэж байгаа хэрнээ төсөлд холбогдох зохицуулалт байхгүй байгааг хэлж эдийн засгийн үр ашгаас илүү стратегийн буюу эрчим хүчний салбарт үр өгөөжтэй байхад анхаарах талаар үг хэлсэн бол Б.Батбаатар гишүүн асуудалд олон нийтийн оролцоог хангаж, мэдээлэлжүүлэхийн зэрэгцээ байгаль орчны нөлөөллийг тооцох, түүнчлэн Монгол Улсын энх тайванч статуст нөлөөлөх эсэхийг тооцох шаардлагыг хэлж байв. Н.Номтойбаяр гишүүн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд үр ашигтай байлгах тал дээр бүх талаас анхаарч ажиллахыг хүсэж, дараа дараагийн хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг болох үр ашигтай хэлцэл хийхэд анхаарах саналыг хэлсэн. Ж.Чинбүрэн гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, ураны олборлолтын аюулгүй байдлыг хангахтай холбоотой мэдээллийг өгч, улмаар нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болох анхны алхам хэмээн онцолсон. Уран гэдэг нь зөвхөн уул уурхайн салбар дахь аюултай түүхий эд гэж харж болохгүй, анагаах ухаан тэргүүтэй олон салбарт дэвшилтэт технологи болон нэвтэрч, өндөр үр ашигтайгаар ашиглаж байгаа гэдгийг хэллээ. Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан дэмжиж буй эсэхээ илэрхийлсний дараа үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.