Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэнгэлдэх тойрон наадагчдад зориулсан үзүүлбэр хэрэгтэй байна


Монгол түмний жил тойрон хүлээсэн наадам дэлгэр сайхан болж өнгөрлөө. Монгол наадмын нээлтийн хөтөлбөр тодорхой дэглэлттэй, дэглэгчтэй байдаг. Харин цэнгэлдэхэд тасалбар аваад ордгоос хамаагүй олон хүн үзэж сонирхдог цэнгэлдэхийн гадуурх орчинд хэн санаа тавьдаг вэ? Олон жилийн турш энд юу ч өөрчлөгдсөнгүй. Олонх наадамчид цэнгэлдэхийн хэдэн тасалбар дээр “зодолдож” байхаар наадмын талбайг  нэг тойрчихоод, баярын  хуушуур амтлаад, гэртээ харьж зурагтаар морь, бөх харахыг илүүд үздэг. Наадамчдын дийлэнх олонхийг бүрдүүлдэг энэ хэсэгт хандсан тоглолт, шоу, үзмэрийн орчин үгүйлэгдэж байна. Энэ том зах зээлийг хотын удирдлагууд, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид үл тоосоор өнөөг хүрэв. Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж бий. Цэнгэлдэхийн гадна явуулын музей, нүүдлийн цирк ч ажиллуулж болно шүү дээ. Дүүргүүдийн дунд уралдаан зарлачихад тэд дүүргүүдийнхээ брэнд үзүүлбэрүүдийг гаргаад ирж л таараа. Үндэсний үйлдвэрлэгчид, томоохон компаниуд яагаад хамгийн их хүн цугладаг наадмын өдрүүдийг онилохгүй байна вэ. Бараа, үйлчилгээгээ сурталчлах, хэрэглэгчдэд ойртох хамгийн амьд холбоо тогтоох боломж наадмын өдрүүд биш үү. Чухам энэ хэрэглэгчдэд хүрэх гэж л тэд зурагтаар, хэвлэлээр зар сурталчилгаа цацан чамгүй хөрөнгө зарцуулдаг шүү дээ.  Үндэсний компаниудын  бараа, үйлчилгээ цэнгэлдэх тойрсон зах зээлд үгүй болохоор бараан захын орчин зонхилж,  сайн дурын тоглогчид наадмын сүрийг дарж байна.  


  Гадаадын жуулчид наадамчдын нэг хэсэг. Тэдэнд зориулсан үндэсний онцлогтой гэр, майхан асар ажиллуулж бас болж байна. Жуулчид монгол гэрт зочлоод хорхог, хуушуур, шорлогоор дайлуулаад, айраг, сүүтэй цай, ааруул идээ хүртээд сэтгэл хангалуун гарах вий. Жуулчид ч гэлтгүй хотын жаалуудад ч монгол ахуйтай танилцах ийм цогц үйлчилгээ илүүдэхгүй. Гэтэл төрийн томчуудын ордог гол асруудад л айраг, идээ сөгнөдөг байх. Энэ үйлчилгээ, орчинг нийт наадамчдад хүртээмжтэй байлгамаар байна.
Жирийн наадамчдад зориулсан айргаар үйлчилдэг цэгүүд гэвэл одоохондоо химийн хор агуулж байсан хөх савтай, аягаа угаадаг эсэх нь эргэлзээтэй хувь хүмүүс л байна. Ядаж л Булганы Сайхан сумын айрагны гэр гэж байвал хүмүүс сэтгэл хангалуун үйлчлүүлнэ. Эсвэл хотын гаднах тэрний тэр хотноос ирсэн айраг гээд эзэнтэй үйлчилгээ байвал сайн сан.   

     
Энэ жилийн наадмаар Дарханы наадмын хоёр дахь өдрийг сонирхлоо. Хачирхалтай нь Дарханд, Улаанбаатарт ч ялгаагүй хуушуурын хэдэн гэр асар, наадмын талбайг тойрсон хэрэггүй шахам зүйл зарсан баахан наймаачдыг л харав. Хэдэн жилийн өмнөх шигээ л наадмын талбайгаар нэг шагайгаад, хуушуурын гэр, асруудыг тандлаа. Арай танил  санагдсан “Мистер пицца”-гийн хуушуураас амтлав. Цайны газрын жирийн өдрийн хуушуураас ялгарах юмгүй юм. Монголчууд  наадмын хуушуур заавал амтлах ёстой гэсэн бичигдээгүй хуультай. Харин наадмын хуушуур  бидний хүлээлтэд хүрдэг гэж үү. Яагаад наадмын хуушуурууд бүгд ялгарах юмгүй нэг л загвартай, нэг л хэмжээтэй бүгд мах, гурил, давс гэх мэтийн ердийн л орцтой байдаг юм бол. Наадмын хуушуурын бизнес эрхлэгчид яагаад хуушуураа онцлог байлгах гэж хичээдэггүй вэ. “Сайн дурын” голдуу тоглогчтой учраас л тэр байх. Мэргэжлийн “тоглогчдод”  зөвшөөрөл олгох хэрэгтэй шүү дээ. Хэн дуртай нь хуушуур  хийж, хэдэн төгрөг олох боломжтой  үе нь наадмын өдрүүд болоод байна.  Наадмын талбайд чадалтай, чансаатай зоогийн газрууд, хоолны газруудыг урьж оруулмаар байгаа юм.  Уг нь хэмжээ нь том, чанар сайн байвал хүмүүс наадмын хуушуур гээд арай өндөр үнэ төлөхөөс буцахгүй дээ. Бас ногоотой, хонины, тахианы, ямааны, гахайны, үхрийн махтай, кимчитэй өөр юу юутай ч байдаг юм түүгээрээ ялгаатай үнэтэй байж болно. 

Наадмын хуушуур ч бас сонголттой байх хэрэгтэй шүү дээ. Наадамчид цэнгэлдэхийг тойрч тойрч худалдаж авах юмгүй баахан “хог” л хардаг. Хүүхдийн тоглоом нэртэй Хятадын чанаргүй элдэв  эрээн мяраан үлээдэг сэнс, цаасан шувуу, бөмбөлөг, энэ тэрхэн. Бараа ч гээд нүд хужирлах юмс ховор. Ийм учраас л Монгол наадам  Улаанбаатарт ч Дарханд ч ер хаана ч ялгаагүй нэгэн хэвийн болж өнгөрдөг. Дарханы наадмаар гэхэд л Дарханы брэндүүдтэй танилцаж, худалдаж авах боломжтой бол догь. Дарханд үйлчилгээ эрхэлдэг сор байгууллагуудын үзэсгэлэн гаргаж болно. Асар майхан алагласан, үзэмж төгөлдөр орчин дутагдаж байх шиг.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургуудыг Т.БАЯРЦОГТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *