Categories
мэдээ цаг-үе

Цэндийн Доржготов: Дэлхийн хэмжээний сэтгэлгээтэй зохиолч олон ч даанч гарч чадахгүй л байна

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы 266
(5218) дугаарт>>

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, шог зураач Цэндийн Доржготовын хөөрөлдөөний үргэлжлэлийг хүргэж байна.

-Танай ангийн Казубов гэж мундаг зураач сургуульдаа үлдээд таныг монгол оюутнуудаас их сурагладаг байсан гэж сонссон юм байна?

-Тэр ч мундаг зураач. Тэрнээс чинь том Алексеев зэрэг сүрхий зураачид бий. Би нэг жилийн дараа сэтгүүлчийн ангид яв гэж Цэндийн Намсрай эрхлэгчийг хэлэхэд “Хойтон хөгширчихнө” гээд зургийн ангид явсан хэрэг л дээ. Намсрай гуай намайг хорин дөрвөн настайг сонсчихоод их инээж билээ. Их сайхан хүний төлөө сэтгэлтэй хүн байсан даа. Би “Үнэн” сонины эрхлэгч хэд хэдэн хүний нүүр үзсэн хүн. Тэднээс Намсрай гуай л надад хүнийхээ хувьд сайнаараа үлдэж. Бид хөдөө хамт явна. Зуун грамм татна. Надад их сайн. Төгсөж ирээд Боловсролын яамны харьяа сэтгүүлийн нэгдсэн редакцид ажиллаж байгаад “Тоншуул”-даа ирсэн дээ. Социализмын үед боловсон хүчнийг сайтар сонгож чаддаг байсан юм шүү. Одоо бол мэдэхгүй, мөнгөтэй, танил талтай хүн л өөдөө өгсдөг гэх юм. Энэ ч их муу юм байгаа юм шүү.

-Та уран бүтээлдээ ямар зарчмыг баримталж ирэв?

-Ухаажсан уншигчийн сэтгэлийг уярааж, ходоодыг гижигдэж, инээд нулимс хоёрыг холих дуртай. “Өрөвдөх сэтгэлээ хошин аясаар өнгөцхөөн хучаад үзгээ барь” гэж өөртөө захидаг. Инээхгүй юманд инээх дургүй учраас ухаарч инээцгээе гэж уриалдаг. Уншигч цөөрөөд зохиолч олшроод буйд харамсдаг. Би тэмцэгч биш өчүүхэн мэдрэгч нэгэн. Авьяастай байх томоотой байхаас хэцүү гэж бичсэн удаа бий. Ухаантан олшроод өрөвч сэтгэлтэн цөөрч буйд эмзэглэдэг бөгөөд энэ эмзэглэл зохиолын сэдэв болох нь бий. Амьдрал бол явж явж нулимс. Амьдрал дан инээд биш. Амьдрал нулимсаар төгсдөг. Нас өндөр боллоо. Нэг мэдэхнээ өөрийн эрхгүй энэ сэдвээр бичиж эхэлжээ. Шударга нь шударга бусыгаа дийлээсэй гэж би залбирдаг. Шударга бус нь шударгыгаа дийлэхэд шаналдаг. Энэ шаналал миний уран бүтээлийн эрэл болдог. Тэгээд ч би гол төлөв гарц хайсан шүүмжлэлт зохиол бичжээ. Би хар багаас ямар нэг юм өөд тэмүүлээд буй юм шиг амьдарсан хүн. Юунд тэгтлээ тэмүүлээ вэ гэж эдүгээ тунгаахад “Шударга нь шударга бусыг дийлдэг нийгмийг” энэ яваа насандаа нүдээрээ үзэхсэн гэж тэмүүлсэн бололтой.

Зүүн гар талаас зохиолч
Ш.Жамлийхаа, П.Пүрэвсүрэн, Ц.Доржготов нар. Орон нутагт ажиллахаар томилолт
авсны дараа. 1980 он

Миний уран бүтээлийн өнгө аяс “Тоншуул” сэтгүүлийн нийтлэлийн бодлогод яв цав тохирсон бололтой. Би тус сэтгүүлийн зохиолч нь, зураач нь, эрэн сурвалжлагч-сэтгүүлч нь, дизайнер нь, орчуулагч нь, хянагч нь, нийтлэгч нь болж, залхуу заваан, худалч хулгайч, бэртэгчин луйварчин, хүнд сурталтан, бялдууч матаач нартай үзэж тарж явлаа. “Тоншуул” сэтгүүлийг авьяаслаг тавхан хүн сард хоёр удаа гаргаж, захиалга нь 120 мянгад хүрч, жилд МАХН-ын санхүүд 400-500 мянган төгрөг оруулж явсан учраас бид тав нүгэлгүй орлогоор амьдарчээ. Намайг гучин гуравхан насандаа 64 дүгээр дэлгүүрийн эндэх байрандаа ороход “Монцгоруудын байранд орлоо” гэж байлаа. Тэр үед эхнэр маань хорин наймтай байж.

-“Тоншуул” ч танд буянаа хайрлажээ…

-“Тоншуул”-ын заасан замаар замнасны буянд хэдэн хүүхдээ нялхаас нь, хайрт гэргийгээ залуугаас нь хотын төвд тохилог байранд муугүй амьдрууллаа. Би “Тоншуул”-даа юу бүтээв гэж хааяа боддог юм. Миний шог зураг, хошин өгүүллэг, нийтлэл, орчуулга энэ сэтгүүлийн хуудаснаас дөчөөд жил тасраагүйг тавиас далан насныхан бараг андахгүй биз дээ. Гадаадын уралдаануудаас миний хүртсэн медалиуд “Тоншуул”-ын сан хөмрөгийг баяжуулсан л байх учиртай.

-Гэргий тань хаанахын хүн билээ?

-Миний хань Мягмаржав Булган аймгийн Могод сумын хүн. Хойшоо сургуульд явахынхаа жил би 24-тэй, энэ маань 19-тэй анх танилцаж дотносч байлаа. Оюутан байхдаа би 1967 онд гэргийгээ дагуулаад аав ээждээ очлоо. Тэр хоёр маань хүү, бэр хоёроо үзээд жигтэйхэн их баярласан. Аав ээжээ тэгж хөөрч байхыг үзээгүй. Маргааш нь аав дээл хувцсаа сольж, аль сайн морио унаад Гашууны гол өгсөөд айл хэсэхээр давхилаа. Ээж “Аав чинь манай хүү хөөрхөн охин дагуулаад ирлээ” гэж зарлахаар яваад өглөө гээд шоолж байж билээ. Өглөө эрт адуугаа цуглуулахаар морьтой давхихад өндөр ургасан ногоо өвдөг шүргээд гутал шүүдэрт шал нойтон болдогсон. Морьтой давхисан миний мөрөөр ногооны толгойд хоносон шүүдэр гүвэгдэн унаад, хар ногоон зураас шүүдэрт мөнгөрсөн цэлгэр тал дундуур их тод дурайж хоцорно. Ямар сайхан зун байгаав дээ. Давхиж давхиж гэр өөдөө харахад Мягаа минь миний араас харуулдсаар гадаа зогсож байна. Айлын бэр болсон томоогүй охин надгүйгээр танихгүй хүмүүсийн дунд хоцрох эвгүй л байсан биз дээ. Хань маань намайг оюутан байхад Могоддоо таван жил сургуулийн хичээлийн эрхлэгч, намын гишүүн болчихсон сүрхий л ажилтай албатай хүн байлаа. Ууган охин Оюунгэрэл маань намайг дөрөвдүгээр курст байхад төрсөн юм.

-Баабар гуай таныг “Монголын ганц сэтгэгч зохиолч” гэж жигтэйхэн их хүндэлдэг юм билээ…

-Дэндүү даруу биш боловч өчүүхэн намайг Монголын орчин үеийн хошин зохиол, шог зурагт шинэчлэл хийсэн өвгөн хэмээн бичсэнийг хэвлэлээс үзээд зорьсондоо жаахан ч болтугай дөхсөн юм болов уу гэж мунхарч суудаг. Баабарын тухайд гэвэл тэр түүний л үг. Баабар бол хэзээ ч, хэний ч тухай, юу ч бичсэн одоо байтугай социализмын үед айгаагүй зохиолч. Унаган ийм л зантай хүн байгаа юм. Сэтгүүлч Б.Ерэнтэйг оюутан байхад дэргэдээ ажиллуулж байгаад сургуулиа төгсөнгүүт нь татаж авсан юм. Тэгэхэд л Ерэнтэй “Польшид сурдаг Батбаяр гэдэг залуу таныг бишрэн шүтдэг” ухааны юм хэлсэн. Сүүлд надтай танилцуулахад ёстой нэг улаан эсэргүүтэй л учирчих шиг санагдсан. Би өөрийгөө социалист тогтолцоонд шүүмжлэлтэй ханддаг, өөрөөр сэтгэгч овоо эсэргүү гэж боддог байсан юм. Тэгсэн чинь Баабар гэдэг залуу чинь социалист системийг улаар нь эсэргүүцсэн аугаа бодол санаатай амьтан байж таарсан шүү.

-Та нийт хэдэн ном хэвлүүлсэн байх юм?

-Гуч гаруй ном хэвлүүлсэн байна. Түрүүчээс нь тав зургаан боть болгоод явж байна. Саяхан “Цав цагаан” хэмээх уран зохиолын өгүүллэг, дурсамж эсээ, түүхийн манан буданг сөхсөн нийтлэл бүхий шинэхэн номоо уншигчдад өргөн барилаа.

-Зохиолчид “Ном хэвлүүлээд ер зарагдахгүй юм” гэж эвэр хошуулах нь бий. Таны номууд аль хэр зарагдаж байна?

-Миний ном хэвлэгдээд дэлгүүрт очлоо. Удалгүй л дуусчихлаа гэж утасдах юм байна ш дээ.

-Зохиолч Жагдалын Лхагваа гуайн “Атга чулуу” номыг уншиж байхад та хоёр сэтгэлийн их андууд байсан юм шиг санагдсан шүү?

-Үнэн. Бид хоёр чинь зүс зүсээ харж танилцалгүй, бүтээлээ уншиж, нэгнээ их тоож, хоёр талаасаа хүсэж уулзсан хоёр. Тэр Киевт, би Москвад сурч байлаа. Уулзтал хоёулаа шар айраг уудаг юм байна, хоёулаа ч зуу татдаг юм байна. Ярьж өгсөн дөө, хоёулаа. Хамгийн гол нь Лхагваа маань надад уран сэтгэмжийн их мастер, хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүн байх юм. Би яруу найрагчидтай нэг их үерхэж явсангүй, анхнаасаа шүлэг найраг оролдоогүй болохоор их төсөө хүн. Лхагваатай харин их найзална. Лхагваа маань Үнэ стандартын хороонд “Техник технологи” сэтгүүлийн нарийн бичгийн даргаар ажиллана. “Үнэн” сонин дээр Лхагвааг ирэхээр манай жижүүр, тэдний ажил дээр намайг очихоор жижүүр нь “Нэгнээ уруу татах нь, энэ хоёр алга болох нь” гэж их хардана. Манай гэр хотын төвд болохоор хүмүүс их ирнэ. Анх манайд ирэхэд ээж хаалга онгойлгож өгч. Бид нар хойд өрөөнд шуугиад дуулаагүй байгаа юм. Пальтогоо коридорт өлгөх гэхэд ээж “Наана чинь сул өлгүүр байна уу даа. Нил л хувцас байна” гэхэд Лхагваа “Урьд чинь уяа дүүрэн морьтой айлыг сайн айл гэдэгсэн. Одоо өлгүүр дүүрэн пальтотой айлыг ямар айл гэх вэ” гэсэн байгаа юм. Үүнээс хойш Лхагвааг ирэхэд ээж их дуртай нь аргагүй “Лхагваа хөөрхөн ярьдаг юм. Ирэхээр нь хэдэн үг тоншоод авъя байз” гэж хүсэн хүлээдэг болчихсон байсансан. Лхагваа маань их бичиж чадаагүй ч гоё. Тухайн үед өгүүллэг бичиж байсан нөхдөдөө жинхэнэ нөлөөлж чадсан зохиолч доо. Харамсалтай нь тун бага бүтээл үлдээсэн. Жамухын тухай роман бичнэ гэж нүдэнд харагдтал ярьж явсансан. Дорноговийн арван жилд байхдаа орос хэлд сайн байсных дэлхийн сонгодгуудтай эрт танилцчихсан, аль нэг улс, үндэстний төлөө биш үнэний төлөө гэсэн дэлгэр сэтгэлгээтэй, дэлхийн зиндааны зохиолч байсан даа.

-Аав ээжээсээ үлгэр домог сонссоор, өвгөд настны тууль хайлахыг чагнасаар зохиолч болсон гэж ярьцгаадаг. Танд тийм нөлөөлчихөөр юм юу байв?

-Манайханд тийм хүн байгаагүй. Их л нарийн ухааны хүмүүс байсан. Аав ээж хоёрын өглөөний цайгаа ууж суухдаа солих цөөн боловч жинтэй үг хүнийг танихад, миний ертөнцийг үзэх үзлийг бүрдүүлжээ гэж боддог. Миний өгүүллэг, нийтлэлүүд нэг тийм егсөн, ёжилсон маягтай байдаг даа. Тэд маань нэг тиймэрхүү л яриатай хүмүүс байсан. Манай ах хөдөөнийх юм чинь архи ууна л даа. Нэг дарга “Танай хүү архи уудаг юм уу” гэсэн чинь “Америкийн аюул л гэх юм. Атомын аюул л гэх юм. Хятадын аюул л гэх юм. Хөөрхий минь, алийг ч үзсэнгүй ээ. Ганцхан аюул үзлээ. Тэр нь энэ архины л аюул” гэж байсан гэж байгаа юм.

-Зохиолчид уран бүтээлээсээ болж хэлмэгдсэн тухай их ярьдаг. Танд тийм зүйл байх юм уу?

-Ганц нэг үг үсгийн алдаа гаргаж, сануулга ганц нэг авна. Гэхдээ тийм ноцтой юм байхгүй. Одоо чинь энэ сонин, зурагтын урсдаг зар харахад бөөн алдаа л харагдах юм. Бидний үед улаан, хар самбар гаргаад баалж өгдөг байлаа. Би худлаа бялдуучилж бичих дургүй. Чи миний гучин хэдэн номыг хараарай. Бялдуучилсан нэг ч өгүүлбэр байхгүй. Ийм үзэлтэй хүн чинь баригдахаас айна. Чойном эдэн шиг хад мөргөж үхээд яах юм бэ. Далд утгатай их бичнэ. Цэндийн Намсрай эрхлэгч “Далд утгыг мэддэг, мэддэггүй хүн байна. Далд утгандаа анхаараарай” гэж эцэг хүний ёсоор хэлж л байсан. Манайхан Лодонгийн Түдэв эрхлэгчийг сүрхий хүн байсан гээд магтаад байдаг юм. Надад бол Намсрай эрхлэгч л цөлх монгол ухаанаараа агуу хүн санагддаг.

-Та шог зургаараа гадаадын олон улсаас шагнал авчирсан биз?

-Далан хэдэн онд шог зураг дэлхий дахинд их моод болж цэцэглэсэн. Канад, Итали, Турк, Болгар, Голланд зэрэг улс оронд хоёр жил тутамд болдог олон улсын хошин шог зургийн уралдаанууд болдог байсан. Шог зургийн энэ цэцэглэлтийн үед нь соёлын гавьяат зүтгэлтэн Цэвгийн Байды бид хэд үзэж тарсан байгаа юм л даа. ЗХУ-ын Энхтайвны хорооны алтан медаль, Зөвлөлтийн фондын хорооны алтан медаль авч байлаа. Габровын хүндэт медаль хүртсэн. Тайлбаргүй шог зураг зурахад их ухаан ордог. Миний зохиолууд шог зургаас эхтэй юм. Хүн харахад хоёр мэргэжилтэй юм шиг боловч уг чанартаа нэг л юм байхгүй юу.

-Хятадын зохиолч Мо Ян “Дарсны орон” романаараа Нобелийн шагнал авлаа. Үй Хуа гэж баруунд танигдсанаараа Мо Янаас ч дутахгүй зохиолч байна. Зохиол бүтээл нь олон сая хувиар борлогддог болохоор тэд дэлхийн дэвжээнд гараад байна уу, эсвэл сэтгэлгээ нь үнэхээр тийм агуу байна уу гэж хувьдаа гайхаад байгаа. Таныхаар дэлхийн хэмжээний сэтгэлгээтэй монгол зохиолч байх юм уу?

-Сонин асуулт. “Чухам учир юундаа байна” гэж би наад тухай чинь их боддог юм. Жишээлбэл, миний хувьд “Улаан орхимжны давалгаа” романаа одоохондоо хамгийн том бүтээлээ гэж бодож байгаа. Өвөрмонголд хэвлэгдсэн. Наад асуултын чинь хариуг бид бодох хэрэгтэй. Бид мундаг аа, биднийг дэлхий мэдэхгүй байна гэж хэлэхээ больё. Яагаад гэвэл бид мундгаа үзүүлээгүй байгаа юм чинь дэмий шүү дээ. Сайн зохиолч гэдгээ үзүүлэхийн тулд англи юм уу, хятад хэл дээр номоо гаргаж байж явна. Өөр нэг зүйл бол дэлхийн үнэлгээ чинь заримдаа хуурамч. Манайх чинь хүн ам цөөтэй, хөгжиж буй жижигхээн орон ш дээ. Хүчирхэг орны зохиолчдод өөрөөр хандаж байна. Би “Чонон сүлд”-ийг уншаад нэг их гайхалтай гэж бодоогүй.

-Надад ч гэсэн олигтой буугаагүй шүү…

-Номыг хаанаас нь ч сөхөөд харсан тэр хуудсанд гялалзсан афоризм, миний урьд нь бодож яваагүй сайхан дүрслэл, гоё хэллэг ч юм уу байхгүй бол уншилгүй хаячихдаг. Миний “Гичий чонын гиншээ” өгүүллэг маань даруу бусаар өгүүлэхэд “Чонон сүлд”-ээс илүү л бичсэн үү гэхээс санаа ур дутах зүйлгүй. Аягүй бол уран болсон. Монголчуудад гайхамшигтай зохиол их бий. Гунигтай нь биднийг голоод гаргахгүй бол яалтай ч билээ. Том жижиг орны ялгаа, хэлний саад яах аргагүй байна. Тиймээс энэ тал дээр л бид хичээх хэрэгтэй. Уран бүтээлч хүний ололт ч гэмээр бас нэг гол бэрхшээл бол “Би тэрнээс том” гэсэн агуу үзэл байдаг юм. Англи хэлнээ хэн нэгнээ гаргая гэхээр л зуу гаруй зохиолч багсайсан том том юмнуудаа авчраад шидчихнэ шүү дээ. Сонголт хийнэ гэхээр бас их зовлонтой. Монголын зохиолчдын эвлэлийг би дэлхийд монгол зохиолчоо гаргахын тулд анхаарлаа жинхэнэ хандуулж ажиллах ёстой гэж бодоод байгаа. Хэзээ нэг цагт монгол зохиолч дэлхийд гарах өдөр ирэх байлгүй дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *