Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын дарга нарыг өөрчиллөө

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын тэргүүн дэд дарга нарыг өөрчилж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан, хурандаа П.Батбаатар, дэд даргад Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга асан, туслах комиссар Ч.Болдбаатар, Нийгмийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын I газрын дарга, хурандаа М.Лувсандорж нарыг шинээр томилсон байна.

Өмнө нь тус газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Батсүх, дэд дарга Ж.Буянбат, Ц.Ням-Очир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг эх сурвалж мэдээллээ. Шинэ дарга нар өнөөдөр өглөө албан ёсоор ажлаа хүлээж авсан байна.

ЦЕГ-ын дэд даргаар томилогдоод буй П.Батбаатар нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газрын Хулгайн, Байгаль орчны, Эдийн засгийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Ч.Болдбаатарын хувьд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1996-2001 онд Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Дундговь аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газрын дэд бөгөөд нэгдүгээр хэлтсийн дарга, 2012 оны есдүгээр сараас нийслэлийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Хэв журам хамгаалах газрын дарга, 2014 оны хоёрдугаар сараас нийслэлийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Дэмжлэг үзүүлэх газрын дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан юм.

М.Лувсандорж нь ЗЦГ-ын Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, НХЖХГ-ын Бодлого зохицуулалтын хэлтэс, Хамгаалалтын газрын даргаар ажиллаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *