Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-аас талийгаачийг хэрэгтэнтэй хамт ял эдэлж байсан, хохирогч эхлэн өдөөн турхиралт хийсэн гэсэн мэдээллийг няцаав

Сонгинохайрхан дүүрэгт 61 настай эрэгтэйг 30 орчим удаа хутгалж амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэлийн мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр “2018 оны хоёрдугаар сарын 21-ний 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн гадны нөлөөтэй нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн алба хаагчид болон Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт үзлэг, шалгалт хийн ажиллаа. Талийгаач нь 61 настай эрэгтэй иргэн “Б” гэх, түүнийг ойролцоогоор 30 орчим удаа хутгалж, амь насанд нь онц хэрцгийгээр халдсан байна. Мөн гэмт этгээд орон гэртэй нь галдан шатаахыг завдаад хэргийн газраас оргон зугтаасан.

Хэрэгт холбогдуулан сэжиглэж байсан этгээдийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, хоёрдугаар сарын 22-ны шөнө Төв аймгийн Баянчандмань сумаас баривчиллаа. Холбогдогч этгээд нь Ховд аймгийн харьяат бөгөөд эрэгтэй, 47 настай “Г” гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан. Уг гэмт хэргийг архидан согтуурсан үедээ үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан мэдүүлгээр тогтоогдоод байна. Одоо хэргийн холбогдогч этгээдийг Цагдан хорих 461-р ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарсан талийгаачийг хэрэгтэнтэй хамт ял эдэлж байсан, хохирогч эхлэн өдөөн турхилалт хийсэн гэсэн мэдээллийг няцаав.

Г. МӨНХЦАЦРАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *