Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Цастай өглөөний бодол DNN.mn

Нэг л өглөө нэвсийтэл дарчихдаг цас. Гоё ганган, цав цагаан, цэмцгэр цас. Яг харагддаг шигээ бол янзтай гоё л доо. Гэхдээ цас ганцаараа байдаггүй. Түүнийг хүйтэн жавар дагаж явдаг. Жавар бас салхи дагуулж, хийсгэх алдана. Тийм болохоор өвөл хахир хатуу байдаг. Хэрэв жаваргүй бол цас сүр сүлдгүй тэгсхийгээд хайлаад алга болно. Жавар түүнийг хүчирхэг, сүрдэм болгодог. Цас, жавар хоёр хөтлөлцөн олон олон өвлийг өнгөрөөж, сүр хүчээ бас гоё ганганаа гайхуулсаар л байна.

Бидний амьдрал ч үүнтэй яг адилхан мэт. Хүмүүс бид аз жаргалд дуртай. Дандаа л аз жаргал хайж, түүнийг хүсч, бусдад бас ерөөж байдаг. Гэхдээ аз жаргал бас ганцаараа ирдэггүй. Түүнийг зовлон дагаж явдаг. Зовлон байхгүй бол хүмүүс аз жаргалын амтыг мэдэхгүй байх байж. Магадгүй зовлон байгаа учраас аз жаргал тийм тод гэрэлтдэг байх. Зовлон хэцүү ч хүмүүс туулаад л гардаг. Урсах нулимс, гуниг гутрал, хүнд хэцүүгийн ард заавал аз жаргал хүлээж байдаг. Хүмүүс аз жаргалтай байхдаа давлиун, ихэмсэг бардам байдаг бол зовлон тэдний ихэмсэг занг дарж, ухаан нэмж, бусдыг хайрлах сэтгэлтэй болгодог. Жаргал, зовлон хоёр хөтлөлцсөөр мянга мянган жил хэчнээн ч хүмүүсийг угтаж, үдсэн юм бол. Цаашид энэ хоёр хамтдаа олон он цагийг туулж, бие биенийхээ гэрэл сүүдэр болсоор явах биз ээ.

Цас орсон өглөө ийм л бодол санаанд орж ирнэ. Цас гоё ч хүмүүс хаврыг л хүлээдэг. Аз жаргал сайхан ч хүнд хэцүү үеүд л хүмүүсийг хатуужуулдаг билээ.

Д.Оюунтуяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *