Categories
мэдээ цаг-үе

Цас шиг цагаан царайтай цэрэг эрсийн гоо сайхны нууц

Цэрэг халагдах үеэр Сүхбаатарын Эрдэнэцагааны отряд дээр очиж таарлаа. Цэвцийсэн цагаан царайтай халагдах цэргүүд эгнэн жагссан байх юм. Өмнө нь ирэхэд гандаж борлосон хилийн цэргүүд хөшилдөж байсан санаанд орлоо. Заставын даргаас нь “Энэ жилийн халагдах цэргүүд чинь хилээ манаж, хээрээр яваагүй юм уу. Хотын ганган цагаан залуусаас хол илүү цагаан бүгээн, цэвэрхэн царайтай харагдаад байх юм” гэлээ. Заставын дарга залуу жуумалзаад “Халагдахаас нь 14 хоногийн өмнө цэргүүдээ гоо сайханд оруулдаг юм аа” гэж байна. “Хаана, аймгийн төвд үү” гэлээ. “Үгүй ээ, энд” гэх юм. “Яаж” гэсэн чинь ярьж өглөө, тэр офицер. Бүтэн жил хээрээр гэр хийж, хэцээр дэр хийн, улсынхаа дархан хилийг өдөр шөнөгүй манасан цэргүүдээ халагдах дөхөөд ирэхээр нь нэг сарын өмнөөс эхлэн унтахынх нь өмнө нүүрэнд нь үхрийн шингэн баас түрхдэг юм байна. Нэг цаг болгоод угаагаад амраадаг аж. Өглөө боссон даруйд нь дахиад үхрийн халуун, шингэн баасыг нүүр, хүзүү, гарт нь сайтар нялгадаж, зузаан түрхэж хатаагаад 30 минутын дараа бүлээн усаар угаадаг ажээ. Энэ гоо заслыг тасралтгүй, тогтмол цагт 14 хоног хийхэд хүрэн бор цэрэг эрс маань цас шиг цагаан царайтай, арьс нь булбарай зөөлөн, гэрэлтсэн тунгалаг хацартай болдгийг шинжлэх ухаанаар биш ч, пролетарийн аргаар хилийн цэргийн дарга нар аль хэдийнэ олж тогтоожээ. Үүнийг харин Монголын гоо засалчид, мисс, загвар өмсөгч, од шод хүүхнүүд анзаараагүй яваа нь харамсалтай. Зүс царайндаа сэтгэл дундуур яваа зарим нэг сайхан бүсгүйчүүд байгаа бол энэхүү гоо заслын шалгарсан арга ухааныг амьдралдаа бүтээлчээр хэргжүүлж, зүс царайгаа тунгалаг болгооч ээ. Монгол үхрийн баас ертөнцийн гоо сайхныг аврах цаг ойрхон болсон байна шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *