Categories
мэдээ цаг-үе

Царцаасан барилгуудыг дуудлага худалдаагаар үнэ хүргэх боломжтой

Барилга, хот байгуу­лал­тын дэд сайд Г.Бай­гальмаатай ярилцлаа.

-Төсөв хэцүүхэн байгаа ийм үед царцаасан барилгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулъя гэдэг бол дэмжихээс аргагүй санаа. Ингэхэд царцаасан барилга тийм олон байна уу?

-Есөн дүүрэг, 21 аймагт сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, спорт цогцолбор, эмнэлэг гээд нийтдээ 550 ширхэг царцаасан барилга байна. Улсын төсвөөр баригдсан барилгуудын 80, 90 хувь нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгаа. Дутуу баригдаад орхигдсон барилгад хэчнээн төгрөг зарцуулсан, ямар шалтгаанаар, хэний буруугаас болж зогссон гээд бүх мэдээллийг нь гишүүдэд тараасан эмхтгэлд оруулж өгсөн. Жишээ нь Яармагт дутуу баригдаад өнөө хэр ажил нь эхлэхгүй зогссон 320 ортой эмнэлгийн барилга байна. Энэ барилгад өчнөөн мөнгө зарцуулчихсан. Дутуу мөнгийг нь улс өгч чадахгүй бол бид яах ёстой вэ гэдгээ бодох цаг болсон.

-Царцаасан барилгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ямар хувилбарууд байна вэ?

-Хувилбарууд мэдээж байгаа. Хэрвээ энэ барилгыг заавал барих ёстой гэж үзвэл үргэлжлүүлээд барих мөнгийг нь улсаас цаг алдалгүй гаргаж өгөх хэрэгтэй. Хэрвээ мөнгө өгч чадахгүй гэвэл зориулалтыг нь өөрчилж болно. Эмнэлэг биш сургууль хэрэгтэй гэдэг ч юм уу, цаг үеэ дагасан шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Аль аль нь хэрэггүй гэвэл орон нутагт эрхийг нь шилжүүлэх гарц бий. Орон нутаг нь цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар дутуу баригдсан барилгын асуудлыг шийдэж болно. Орон нутагт нь шилжүүлэхгүй гэвэл дуудлага худалдаагаар худалдах боломж байгаа. Хувийн хэвшлийнхэнд шууд худалдах хэрэгтэй. Худалдаж авсан барилгаа цаашид яаж ашиглах нь хувийн хэвшлийнхний асуудал болчихно гэсэн үг. Цэвэр бизнесийн зарчмаар явагдах процесс учраас ашиглагдахгүй байна гэж үгүй. Улс тэр барилгад төсвөөс зарцуулсан мөнгөө олоод авчихна, хувийн хэвшлийнхэн худалдаж авсан барилгаа хэрэгтэй зүйлд ашиглаад явна. Ер нь аль аль талдаа хэрэгтэй шийдэл. Яг ямар хувилбар, гарцаар шийдэх вэ гэдгийг барилга тус бүрээр нь шийдэж өгмөөр байгаа юм. Царцаасан 550 барилгад чамгүй их хөрөнгө орсон. Улсын төсвийн хөрөнгийг ингэж үнэгүйдүүлж болохгүй. Жил өнгөрөх бүр үнэгүйдэж байна. Босгоод барьчихсан барилгуудын хувьд жил ирэх бүр моралийн элэгдэлд орж байна. Шинээр юм хийлгүй яахав. Гэхдээ ингэж ярихаасаа өмнө нэгэнт оруулсан хөрөнгөө үнэгүйдүүлэхгүйн тулд эзний сэтгэл гаргах цаг болсон. УИХ шийдлийг нь гаргаад өгвөл бид гүйцэтгэхэд бэлэн байгаа.

-Ийм олон барилгыг царцаах болсон нь цаанаа нарийн шалтгаантай гэдэг нь тодорхой. Нийтлэг алдаа гэвэл та юуг онцлох вэ?

-Зураг нь хийгдээгүй байхад улсын төсөвт мөнгийг нь суулгачихсан нийтлэг алдаа ажиглагдаж байна. Зураг нь гүйцэд хийгдээгүй барилгын төсөв яаж зөв гарах вэ дээ. Таамгаар мөнгө суулгачихдаг, өнөөх нь он дамждаг гэсэн асуудал жил бүр гарсаар ирсэн. Он дамжаад явчихаар валютын ханшийн хэлбэлзэл мөнгөний ханшаас шалтгаалсан эрсдэл гараад ирж байгаа юм. Зураг нь батлагдаагүй ажлын төсөв батлагдах нь олон сөрөг үр дагавартай. Зургаа дуусгах гэсээр байтал хамаг цагаа барчихдаг. Магадлалаар оруулна, батлуулна гээд өчнөөн процесс бий. Ингэж тэгсээр байтал намар болчихдог. Арай гэж мөнгөө авлаа гэхэд хоёр, гуравхан сар л ажиллаж таардаг юм байна л даа. Дутуу үлдсэн барилгын ажлыг ирэх жил нь үргэлжлүүлж таарна. Үргэлжлүүлэхийн тулд төсвийн тодотгол хийхээс аргагүй болдог. Жилийн жилд төсвийн тодотгол хийдгийн бас нэг шалтгаан нь энэ. Өмнөх засгийн үед дуусаагүй ажилд мөнгө тавиад явдаг байсан. Харин энэ засгийн үед ажлыг яахаараа заавал тодотгол хийж байж хийдэг юм бэ гэсэн асуудал яригдсан. Тэгээд л өнөө барилгын ажлууд нь зогсч царцаасан гэсэн нэр зүүсэн хэрэг. Ер нь цаашдаа зураг, төсөл нь бэлэн болсон ажлын зардлыг төсөвт суулгах хэрэгтэй л дээ. Энэ бол бидний хамгийн эхлээд хийх ёстой ажил.

-Барилгын салбарын төсөв буруу бодогдоод байдгийн нэг том шалтгаан нь валютын ханш. Энэ эрсдлийг хаахыг тулд яах ёстой вэ?

-Дотоодын үйлдвэрлэлтэй холбоотой учраас хамгийн түрүүнд дотоодынхоо үйлдвэрлэлд анхаарах хэрэгтэй. Ер нь дотоодын үйлдвэрлэл нэг үеэ бодвол хөгжиж байгаа. Барилгын материалыг гаднаас авна гэхээр валют хэрэгтэй болж таарна. Валютын ханш өсчихвөл төсөвт багаар тооцож төлөвлөсөн зардал хүссэн, хүсээгүй өсч байна л даа. Жишээ нь 2015 оны төсөвт долларын ханшийг энэ жилийнхээр оруулж байгаа. Гэтэл ирэх жил барилгын ажил эхлэхээр доллар хэд хүрэхийг тааварлашгүй. Валютын ханштай холбоотойгоор ажилчдын цалин пүнлүүнээс эхлээд тээврийн зардал, шатахууны үнэ өртөг өсөөд байдаг эрсдэл бий.

-Царцаасан барилгууд дээр өөр ямар алдаа ажиглагдаж байна?

-Зарим компани өчнөөн газарт нэгэн зэрэг олон ажил авсан байна. Хяналт тавихаас аргагүй асуудал. “Барилга байгууламж” ХХК гэхэд 660 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, соёл спортын цогцолборын барилга гэх мэт нэг дор таван ажил авсан байх жишээтэй. “Аслан” гэдэг компани таван ажил авсан байна. Яагаад бусадтайгаа хуваагаад хийж болдоггүй юм бол, нэг дор ийм их ажил авч хийж чадахгүй гацаах ямар хэрэг байна гэх мэт асуулт гарч ирж байгаа. “Өлзий иш” гэдэг компани гэхэд л 11 ажил авсан байх жишээний.

-Нэг яамнаас уу?

-Ганц яам биш л дээ. ЭМЯ, БШУЯ, ССАЖЯ гэх мэтээр нэлээд хэдэн яамнаас ажил авсан байгаа юм. Ийм компаниуд зөндөө байна. Хийж амжилгүй орхиод байгаа гэдэг утгаар нь энэ жишээнүүдийг дурдаж байна л даа. Зураг сайн байвал барилга сайн байна. Зураг дээр үндэслэж төсөв бодогдож, зохиогдож байдаг. Анхнаасаа сайн гүйцэтгэлтэй явсан эсэх нь анхаарал татаад байгаа юм. Энэ мэт зүйлсийг шалгаж нягталж аудитын дүгнэлт хийлгэж дорвитой шийд гаргах хэрэгтэй. Мөнгө төгрөг, хөрөнгө оруулалт татаж төсвөө нэмэгдүүлэх цаг нь ирсэн гэж бодож байна.

-Царцаасан барилгаас болж хохирсон компаниуд бий юу?

-Тийм компаниуд байгаа. Хохиролтой компаниудын хувьд маш хэцүү нөхцөл байдал үүссэн. Наанаа нэг компанийн асуудал яриад байгаа юм шиг боловч цаанаа өчнөөн том асуудал бий. Тэр компанид ажиллаж байгаа хүмүүс гэхэд л том тоо гарч ирнэ. Барилгын компаниуд сөхрөөд хаагдах дээрээ тулаад байгаа нь гашуун ч гэсэн үнэн. Зарим нь бүр дампуурч байна. Ер нь компаниудын олонх нь банкнаас зээл авч ажлаа эхлүүлсэн байдаг. Зээлийнхээ хүүг улсын өмнөөс төлсөөр яваад хохирсон компаниуд байгаа. Хохирсон компаниудын цаана өчнөөн хүний амьдрал ахуй яригдаж байгаа. Царцаасан барилгуудыг тохирсон гарц хувилбараар нь шийднэ гэдэг барилгын салбарын асуудлыг цэгцэлж өгч байгаа хэрэг.

-Та түрүүн царцаасан барилгуудын зориулалтыг өөрчлөх ёстой гэж ярилаа. Сургууль цэцэрлэг гэхэд л хаана ч хэрэгтэй, тэгэхээр зориулалтыг нь өөрчлөх боломж байгаа гэж үү?

-Зориулалтыг нь өөрчлөх газар олон бий. Жишээ нь Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сум байна. Тэнд “Шинэ сум” төслийн хүрээнд канад модон барилга, канад технологиор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийг цогцоор нь барьж өгсөн. Бууцагаанд гэхэд 240 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилга баригдаж эхэлсэн. Одоо царцаасан барилгын нэг болсон. Гэтэл Бууцагаанд 640 хүүхдийн сургууль баригдсан. Одоо ажиллаж байгаа сургууль нь ч бий. Тэгэхээр тэнд 240 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөл хэрэггүй гэсэн үг. Нэгэнт баригдаж эхэлсэн тэр барилгыг сум орон нутагт хэрэгтэй өөр зүйлд зарцуулах хэрэгтэй. Тодруулж хэлбэл зориулалтыг нь өөрчлөх ёстой. Хугацаа нь явах тусмаа зориулалт нь өөрчлөгдөхөөс аргагүй болсон энэ мэт барилгууд байна.

-Жишээ нь Бууцагааны сургуулийн өргөтгөлд хэчнээн төгрөг зарцуулаад байгаа вэ?

-Нийт 500 сая төгрөг зарцуулчихаад байгаа. Гэрээгээрээ бол 939 сая төгрөг зарах учиртай юм билээ. Тэнд гэхэд л 500 сая төгрөг царцаасан барилга нэрээр ямар ч үнэ цэнэгүй байж байна. Би нэг зүйлд их эмзэглэж байгаа. Царцаасан барилгуудын ихэнх нь хөдөө орон нутагт бий. Тэгээд дийлэнх нь сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, соёлын төв. Ингээд бодохоор орон нутагт тэр хэрээр хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчны асуудал яригдаж байгаа юм. Гарцаагүй сургууль, цэцэрлэг хэрэгтэй сумд бий л дээ. Шийдэхийг нь шийдээд өгчих хэрэгтэй. Гэхдээ сая дурдсан шиг зориулалтыг нь өөрчлөх ёстой барилгуудыг дуудлага худалдаагаар зарах ч юм уу, ямар нэг байдлаар үнэ цэнэтэй болгож байгаад энэ мэт асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэндээс орж ирсэн мөнгөө сургууль, цэцэрлэгийн барилга барихад зарцуулбал төсөвт дарамт ирэхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *